Мэдээллийн Зөв.мн сайт УИХ-ын сонгуулийн бүсчилсэн 13 тойрогт зонхилох хоёр нам МАН, АН-аас нэр дэвшигчдийг танилцуулах урьдчилсан мэдээллийг уншигчдадаа цувралаар хүргэж байгаа билээ. Та бүхэндээ ээлжит дугаараа хүргэж байна.
УИХ-ын ээлжит сонгуулийн VIII тойрог буюу Баянзүрх дүүрэг
2020 оны УИХ-ын сонгуулиар МАН 100 хувь ялалт байгуулж, Б.Саранчимэг, Б.Энхбаяр, Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан нар сонгогдсон. Хоёр тусдаа тойрог байсан Баянзүрх дүүрэг энэ удаад нэг тойрог болсон нь VII тойргийн нэр дэвшигчид илүү олон хүнийг төлөөлнө гэсэн үг. Хамгийн олон хүн амтай, хамгийн олон сонгогчтой, өрсөлдөөн ширүүн өрнөх нь ойлгомжтой тойрог. Нэгэн цагт Ардчилсан нам засагладаг байсан "цэнхэр" БЗД богино хугацаанд МАН суурьтай дүүрэг болсон. УИХ-д ч, орон нутагт ч МАН засаглаж байгаагаас үүнийг харж болно.
Монгол Ардын Нам
МАН-аа төлөөлж VIII тойрогт нэр дэвших хамгийн эхний хүн бол Дүүргийн намын дарга Э.Бат-Амгалан. Дүүргийн намын дарга учраас багаа ахлан БЗД-ээ ялалтад хөтлөх даалгавартай нэр дэвшинэ. Нийслэлийн зүгээс LRT төсөл хэрэгжүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэж байхад Шадар сайд Ч.Хүрэлбаатартай ширүүн маргаан өрнүүлж байсан удаатай. Хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд лобби бүлэг байгуулж Э.Бат-Амгалан даргаар нь сонгогдсон нь ч үүнтэй холбоотой. Ерөнхийдөө дээрх асуудлыг эс тооцвол дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаагаа чимээгүйхэн өнгөрүүлсэн. Нийтэд төдийлөн танигдаагүй ч БЗД-т нь танихгүй хүн ховор гэгддэг. УИХ-ын гишүүн болсноосоо хойш дүүргийнхээ удирдлагуудтай хамгийн их харилцан холбоо хамааралтай ажилласан гишүүдийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэх бөгөөд энэ нь ч дүүрэгтээ танигдахад нь нөлөө үзүүлсэн биз.
Дөрвөн жил БЗД-ийг удирдсан Засаг дарга Н.Баярмөнх энэ удаагийн УИХ-ын сонгуульд хүч сорих нь ээ. Түүний хувьд 2009 онд БЗД-ийнхээ 26-р хорооны ИНХ-ын дарга, дүүргийн засаг даргын орлогч, Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, НИТХ-ын төлөөлөгч, БЗД-ийн засаг дарга гэх мэт албан тушаалуудыг хашиж байжээ. Дүүргийн засаг даргаар ажиллах хугацаандаа олон нийтэд ч танигдсан. Э.Бат-Амгалантай дөрөө харшуулан дүүргийн намаа ч тогтвортой, дотоод хагаралгүй удирдаж байгаа.
ХНХ-ын сайд Х.Булгантуяа мөн л чамгүй танигдсан кадр. Уг нь МАН-ын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн хувьд жагсаалтад багтах магадлалтай ч, намын дарга Л.Оюун-Эрдэнэ бараг бүх УИХ-ын гишүүдээ тойрогтоо ажилла гэсэн даалгавар өгөөд буй. Намдаа өндөр боловсролтой хэмээн магтуулж, 2016 онд Сангийн дэд сайд болтлоо "крандуулж" байсан. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуулиар ялалт байгуулсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэмжлэгтэйгээр намынхаа Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Д.Сарангэрэлийг унагааж, өөрөө дарга болсон түүхтэй. Бүр ЗГ-аас гурван сайдын квот гаргахад Боомтын сайдаар томилогдож, "давхар дээл"-ийн асуудалд эцэслэн шийдвэрлэгдэхэд ХНХ-ын сайдаар сэлгэн томилогдож байв. Нэг талаас маш амжилттай яваа эмэгтэй улс төрч, нөгөө талд МАН Х.Булгантуяад өртэй мэт бүхий л албан тушаалуудыг ээлж дараалан өгч байгаа нь сонирхолтой.
УИХ-ын гишүүн болсон цагаасаа мордохын хазгай болсон хүн бол Ж.Чинбүрэн. Эмч хүн УИХ-д сонгодлоо хэмээн олны талархал хайр хүндэтгэлийг ихээхэн хүлээж байсан ч ХСҮТ-ийн захирал байхдаа өвчтөнүүдээ хувийн эмнэлэг рүү явуулж, эмчлүүлдэг тэндээсээ хувь хүртдэг байсан гэх мэт түүний эсрэг мэдээллүүд ар араасаа хөвөрсөн. Ерөнхийдөө өнгөрсөн хугацаанд дахиж Ж.Чинбүрэнд УИХ-д дэвших мандат олдохгүй нөхцөл байдалтай байсан. Харин сүүлийн үед эрчимтэй ажиллаж байгаа болон Эмийн сонсголыг ахалсан учраас эргээд нэр нь яригдаж эхэлжээ.
Б.Энхбаярыг улс төрийн хүрээнд Сү.Батболдын хүн гэдэг. Учир нь Сү.Батболдыг МАН-ын дарга байхад зөвлөхөөр нь ажиллаж байсантай холбоотой. Дараа нь Хууль зүй дотоод хэргийн дэд сайдаар ажиллаад 2020 оны УИХ-ын сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Улмаар МАН-ын дотоод хагарал, Д.Сумъяабазарын үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөнтэй холбоотойгоор тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хотын даргаар томилогдож, Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайд болсон юм.
Өнгөрсөн хугацаанд Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны нээлттэй сонсголуудыг ахалсан. Газрын сонсголыг ч ахлах чигтэй байгаа. Тойрогт томсгосон нь олон нийтэд чамгүй танигдсан учраас Б.Энхбаярт ашигтай тусч байгаа. Ерөнхийдөө шулуун, шударга, хулгайд холбогдоогүй гэж олон нийтэд харагдаж байгаа. Харин түүнд нэг том асуудал гарч ирсэн нь Нүүрсний сонсголын үеэр МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалантай түнжин хагарсан явдал юм. Анх л түүнийг ХЗДХ-ийн сайдаар томилогдоход хувийн тоглолт хийхгүй шүү хэмээн удаа дараа сануулж байсан ч намынхаа томчуудын эсрэг явсан нь түүний мандатыг замхруулах ч магадлалтай болж буй.
Ардчилсан нам
Ардчилсан нам бүтэхгүй нь гээд ШИНЭ нам байгуулан гарч байсан Ж.Батзандан эргээд намдаа ороод зогсохгүй БЗД-тээ нэр дэвших сураг дуулдах болов. Түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуулиар шинээр байгуулсан ШИНЭ намаа удирдан орсон ч нэг ч суудал авч чадалгүй ялагдал хүлээсэн. Өөрөө ч УИХ-ын 23-р тойрог буюу БЗД-тээ өрсөлдөөд дөрөвдүгээрт эрэмбэлэгдэн ялагдсан юм. Улмаар намын даргын ажлаа Ц.Гантулгад хүлээлгэн өгөөд МАН-аас "шагнал"-аа аваад Австрали улс руу явсан юм. Өөрийн байгуулсан намаа орхиод Ардчилсан намд орж байгаад нь ШИНЭ намын нөхөд нь дургүйцэж байгаа. Харин Ардчилсан намаасаа нэр дэвших юм бол 2020 онд үнэмлэхүй ялагдсан БЗД-ээсээ ганц суудал зулгаах магадлалтай. Учир нь Ж.Батзандан БЗД-т суурьтай, тэндээсээ сонгогдож байсан нэгэн. Өнгөрсөн сонгуулиар АН-аасаа биш ШИНЭ намаас дэвшсэн нь санал хуваагдах эхлэл болсон бөгөөд энэ нь ч МАН-д ашигтай туссан юм. Харин Ж.Батзандан үүнийг ойлгосон бололтой он гарснаас хойш АН-аар орж, гарч ШИНЭ намаа АН-тай нэгтгэх, нэгдэж сонгуульд орох асуудлыг ярьсаар ирсэн байна. Үүнийг нь ШИНЭ намын дарга Ц.Гантулга эсэргүүцсэн тул Ж.Батзандан Ардчилсан намаасаа БЗД-т нэр дэвших бололтой.
АН-ын дэд дарга Ц.Жадамбаа тойргоо ахлан сонгуульд хүч үзнэ. Түүний хувьд өнгөрсөн сонгуулиар Дорноговь аймагт нэр дэвшин өвдөг шороодсон. Уг нь өөрөө тус аймагт нэр дэвших сонирхолгүй, аймагтаа ажлаагүй байсан ч тухайн үеийн намын дарга С.Эрдэнэ түүнийг "цөлсөн" гэдэг. Ц.Жадамбаа улс төрд эрт орж, намын сонгуульт томоохон албан тушаалыг залуудаа хашиж байсан түүхтэй. Тухайлбал 2008 онд АН-ын нарийн бичгийн даргаар томилогдож, АН ялсан 2012 онд Харилцаа холбооны зохицуулах газрын даргаар томилогдсон. ТҮЦ машины аутор нь Ц.Жадамбаа гэхэд хилсдэхгүй.
М.Тулгатын хувьд өнгөрсөн сонгуулиар БЗД-тээ нэр дэвшээд өвдөг шороодсон. Энэ сонгуулиар даагаа нэхэхээр бэлтгэлээ хангаж буй. Намын талцал хуваагдлын үеэр С.Эрдэнэ талын АН-ын даргаар сонгогдож байсан ч С.Эрдэнээс тамгаа авч чадалгүй хоцорсон. Улмаар нам нэгдсэний дараа Нийслэлийн АН-ын даргад хүч сорьсон ч том фракцуудын эрх ашигт ялагдсан түүхтэй. С.Баярцогтын тэргүүлж байгаа Grand Монгол фракцид харьяалагдаж байгаа.
Г.Болормаа Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан. Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан, эрх зүйч мэргэжилтэй. Нам дотроо МоАХ суурьтай, Х.Баттулгын хүн гэгддэг. Залуу эмэгтэйчүүдийн төлөөллийн хувьд мөн түүний дэмжлэг байгаа учраас УИХ-д дэвших магадлалтай.
Т.Батцогт бол Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн. Түүний дэмжлэгээр Нийслэлийн АН-ын дарга болсон нэгэн. Дүүргийн төлөөлөгч, нийслэлийн төлөөлөгчөөр сонгогдож байсан бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуулиар З.Энхболдтой хамт нэр дэвшээд өвдөг шороодсон. Нийслэлийн намын даргын хувьд УИХ-д нэр дэвшихгүй гэх яриа улс төрийн хүрээнд явж байсан ч дүүрэгтээ нэр дэвшиж магадгүй болсон талаар эх сурвалж мэдээлсэн юм.
Хүний их эмч Г.Ууганцэцэг саяхан АН-д орсон. Сүүлийн үед утааны асуудлыг эрчимтэй хөндөж байгаа. Мөн хар тугалганы хор хөнөөлийг ч олон нийтэд танилцуулж байгаа нэгэн. БЗД-т нэр дэвшихээр горилж байгаа ч урьд урьдны сонгуулийн жишгийг харвал хэн нэгэн тооноор орж ирээд түүний мандатыг булаах магадлалтай.
Мөн сэтгүүлч Ж.Баттуул энэ удаагийн УИХ-ын сонгуульд хүч сорих магадлалтай байна. Түүний хувьд саяхан АН-д, МоАХ-нд элссэн. Улмаар Ардчилсан залуучуудын холбооны Баруун бүс хариуцсан дэд Ерөнхийлөгчөөр томилогдсон байна. Мөн л МоАХ буюу Ерөнхийлөгч асан Х.Баттулгын дэмжлэгтэй байгаа. БЗД-т МоАХ хүчтэй байгаа учраас нэр дэвших өндөр магадлалтай байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.206.194.33
МАН-аа дарахын тулд АН-даа нэгдэж ажиллах нь зөв шүү Батзандан гуай
Хариулах103.57.94.57
бодовсролтой мэдлэгтэй хүмүүс сонгоё гэвэл энхбаяр булгантуяа жадамбаа тулгат нарыг гарна гэж бодож банйа
Хариулах103.168.34.35
Hen ch songogdson uer boldgooroo bolno shuu dee
Хариулах66.181.161.101
Манай Баянзүрхчүүд сонголтоо хийсээн Чинбүрэн бол чи зүгээр л цаашаа тонил Батзандан чи зөв газраа ирлээ худлаа гар хүрээд ир хамраар чинь газар хатгуулж хялайлгаад өгчий.Манай зүрхчүүд болбоос бие даагч нарыг дэмжинээ Булгантуяа чамайг овоо энгэр чанга хүүхэн гэж бодож байсан чинь чи снүүкер унаад өөрийгөө жинхэнэ гутаалаа энэ жүжгийг чинь хараад иргэд их зэвүүцлээ.Энэ бол үхлийн тойрог бие даагч нар наашаа манай Бзүрхчүүдийг олон сонгогчтой гэж онгироож байгаад таанууд өнгөрсөн зун живүүлж алахаа дөхөө биз дээ одоо болих минь
Хариулах