Монголын Төр алуурчинтай хамсах хүртлээ уруудлаа

С.Гандэлгэр
2024/05/17

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг тойрсон бэлдсэн сценари ээлжит зохиолоор үргэлжилж байна. Энэ удаад яллагдагчаар татагдаж, гурван шатны шүүхээс 25 жилийн ял ногдуулсан Ц.Амгаланбаатар нарын оролцсон нэвтрүүлэг нэр бүхий телевизээр цацагдлаа. Оролцсон ч гэж оролцуулжээ. Нэр бүхий ч гэж “НD Mongol” тэргүүтнээр. Уг нь аливаа улс төрийн нам, эвслээс ангид, хаалтын гэрээгүй мэдээ, мэдээллийг үзэгчдэд хүргэх энэ телевизийн гол уриа нь. Гэвч хэн мөнгөтэй нь, эрх мэдэлтэй нь хөгжмөө захиалдаг бичигдээгүй хуулийн өмнө Соёлын сайдын хамаарал бүхий телевиз уриагаа умартаад зогсохгүй ийн бөхийжээ. Хэд хэдэн удаа давтагдаж буй төрх. За тэр ч яах вэ? гол асуудал руугаа оръё.

Хараад байх нь ээ, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сүүлийн үед юм юмны л дүрд хувирч, бас тоглох боллоо. Албан ёсоор алх бариад шүүгчийн сандалд л суугаагүй болохоос цагдаа, прокурор, тагнуулын алба хаагч шиг ажиллах болсоор удав. Хүний, өөрийнгүй л намнаж байна. Тэдгээрээс хамгийн онцлох нь, мөн ач холбогдол өгч суугаа С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг, түүнийг тойрсон зангилаа. 26 жилийн турш Монголын улстөрчдийг, ялангуяа Монгол Ардын Намынхныг тэжээж ирсэн гэхээр их л “буян”-тай хэрэг. Мөлжүүртэй ч сэдэв юм. Анх Н.Энхбаярыг Ерөнхий сайд болдог 2000 онд хурандаа Д.Мөрөнг УИХ-ын гишүүний сэнтийд салж явсан энэ хэргийн ээдрээ 24 жилийн дараа Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны гол туг нь болно гэж хэн санах вэ?

Гэхдээ л хүн амины ноцтой хэд хэдэн гэмт хэргийн үйлдэгч, дээрээс нь 25 жилийг чанга дэглэмтэй шоронд өнгөрүүлэх ялтай хоригдлыг телевизийн хойморт залтлаа зохион байгуулалтад оруулж, зохиол бичих тухай хэний ч санаанд буухгүй нь мэдээж. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бол өөр юм. Хүсвэл хэнийг ч яриулж чадаж байна. Үндсэн хуулийн дархлаа, цагаан дээр хараар бичсэн заалт л шүүх байгууллагыг хамгаалж, торгоож буйгаас хуулийн байгууллага бүхэлдээ түүний үгээр хөдөлдөг болсны бодит хариулт нь чанга дэглэмтэй хорих ангийн ялтан Ц.Амгаланбаатарыг залж авчраад, жишим ч үгүй хохирогчийн дүрээр яриулж суугаа үйлдэл.

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг илрэх явцад Ц.Амгаланбаатар олны нүдэнд ил гарсан болохоос хуулийн хүрээнд шинэ хүн биш ээ. Таксины жолоочийг мөчилсөн, нэг айлын дөрвөн хүнийг шатаасан зэрэг сэтгэл сэрдхийлгэм хэргийн давтан үйлдэлтэй ялтан. Гэвч Монголын Төр алуурчинтай хамсах хүртлээ уруудлаа. Магадгүй ингэснээрээ Монгол Төрийн түүхэнд урд өмнө гарч байгаагүй хамгийн эмгэнэлтэй дүр төрх нь энэ ч байж болох. Хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх нэн тэргүүний үүрэг нь Засгийн газрынх байтал хүн амины давтан үйлдэлтэй гэмт хэрэгтэнтэй нийлж, хавсайдаж улс төрийн зорилгоо гүйцэлдүүлж байгаа яг үнэндээ аргаа барсны л шинж.

Ерөнхий сайд болсноосоо хойш нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, нийгэмд тустай томоохон ажил Л.Оюун-Эрдэнэ байна уу?, үгүй. Хулгайчийг бариарай гэж хамгийн чангаар хашгирсан мөртлөө үнэнд гүйцэгдэхийн цагт өрөөл бусдыгаа хар мэдээллээр “хүчиндэх”-ээс өөр шийдэлгүй сууна. Энэ байдлаараа Л.Оюун-Эрдэнэ эгээтэй л хээрийн шүүх байгуулах нь. Ирэх сонгуулиар бараг байгуулах ч байх. Тэр цагт үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлсэн бүхнийг хорино, өрсөлдөгч намынхнаа хорино, ерөөсөө л өөдөөс нь сөрсөн болгоныг хорино. Хорих ангид хүнд зүйл ангиар ял эдэлж байгаа нэгнийг авчирч суулгаад яриулж байгаа хүнд жирийн нэгнийг хорьж, саатуулах нь алга урвуулах төдий л амархан санагдана.

Гол нь энэ байдал газар авбал, эцсийн дүндээ хэнд ашигтай вэ? Эрх баригчид магадгүй хойд хөршид л ашигтай.

Өнөөдөр шүүх, тагнуул, цагдаа зэрэг хууль, хүчний байгууллагынхны олон жилийн хөдөлмөрийг ганц ялтны амаар үгүйсгэж суугаа нэгэн маргааш хүний эрхэд суурилсан улсынхаа язгуур эрх ашгийг хойд хөршөөсөө бүрэн хамааралтай болгоод тавиад туухгүй гэсэн баталгаа байхгүй. Улстөрчид, сайд, дарга нар өнөөдөр ирээд маргааш явдаг. Ард нь амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Үүн шиг ганцхан сонгуулийн циклд зориулж Төрт ёс, түүнд хамаарах хуулийг дээдлэх зарчмаа хөрөөдөж суугаа Ерөнхий сайд Танд ганцхан асуулт дайя!?

Нэгэнт ялтай хүмүүсийг телевизийн эфирт урьж, залаад яриулсан шигээ Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн бүтэн өдрийн камерын бичлэгийг ил болгох улс төрийн эр зориг Танд байна уу? Хэрэг нь нууцаас гараагүй мөртлөө хэрэгт холбогсодыг л яриулах Таны үндсэн зорилго юу вэ? Үнэхээр хэргийн үнэн мөнийг тогтоох гэж байгаа бол хавтаст хэргийг бүхэлд нь ил болгож нэг хэсэг нь биш нийтээрээ танилцая. Тэр цагт хэн нь үнэн, хэн нь худлаа ярьж ирснийг хэн нэгэн улстөрчийн амнаас бус уншиж, ойлгодог хүн бүхэн мэдэх учиртай. 



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.190
    2024/05/20

    Алуурчиныг ашиглаж, хамтарч хэрэг тулгаж байсан төр нь тэгээд ямар төр байхав ? ГАНДЭЛГЭР ГУАЙ.

    Хариулах
  • 103.57.92.25
    2024/05/19

    чи өөрийгөө ёстой сайн илчиллээ.баяр хүргэе.

    Хариулах
  • 103.10.22.170
    2024/05/19

    Нууцаас гаргачихсан шүү. Худлаа бурж алуурчдын талд жүжиглэх хэрэггүй шүү Гандэлгэр.

    Хариулах
  • 122.201.31.50
    2024/05/18

    кино хийгээд бхын Шо ялтангуудаас хэрэг яриулаад кккк баатар. нянбаатөр, данх 3. кино студид байгуулбал яасын жүжиг тамгагүй гэж бхаар

    Хариулах
  • 202.9.47.62
    2024/05/18

    элбэгдоржийн мафаас ардчилалаа аврах сүүлчийн сонгууль болно....монголын хууль яаж үйлчлэхийг иргэд харж хүлээж бна.

    Хариулах
  • 103.168.34.166
    2024/05/17

    dotood asuudluudaa 2 hurshteigee holbood yriad bdg gaj zurshiltai boljee , ug n 2 hurshteigee ev zuigee olood yvbol ulsad mani heregtei l ym , 2 hursh hilee haaval , tuslah 3 dahi hursh gej unendee bhgui shuu ! ydaj benzin shatahuunaa bid haanaas yaj 2 hurshiin hil davuulj avah ve ? naad zahiin bodoh zuil ene bish uu !

    Хариулах
  • 103.57.94.11
    2024/05/17

    Яааг үнэн. Монголын төр алуурчинтай хамсах хүртлээ уруудах гэж.

    Хариулах
  • 66.181.191.73
    2024/05/17

    Herev jinhene aluurching olohod heregtei bol aluurchintai hamsah yu ch bish

    Хариулах
  • 66.181.191.73
    2024/05/17

    Hoid hurshid yag yamar ashigtai ve? Yag yamar undeslel bn ve

    Хариулах