Залуусаа "ЗАРСАН" Ж.Ганбаатар ба Баянголд МАН-аас ГОРИЛОГЧИД

Zuv.mn
2024/05/18

Эрх баригч Монгол Ардын нам /МАН/ ирэх даваа гаригт /2024.05.20/ бага хурлаа хийж, нэр дэвшигчдээ тодруулах гэж байна. Асар их өрсөлдөөн дунд тодрох нэр дэвшигчид бүх л шатанд лобби хийж буй энэ цаг үед МАН-аас горилогчдийг дахин сануулж, цувралаар хүргэж байна. 

Баянгол дүүрэг буюу IX тойрог

Тус тойрогт УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумяъяабаатар, НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр, Г.Гангамөрөн, Баянгол дүүргийн НИТХ-ын дарга Б.Сэмжидмаа нарын долоон хүн намаасаа УИХ-д нэр дэвших хүсэлтээ илэрхийлээд буй. Ердөө гурван мандаттай тус тойрогт дээрх долоон горилогчийн аль гурав нь эрхээ авч, өрсөлдөх вэ гэдэг нь хоёрхон хоногийн дараа тодрох гэж байгаа юм.

УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар

Дүүргийн намын дарга гэх агуулгаараа дэвших нь тодорхой юм. Гэсэн ч намдаа төдийгүй тойргийн сонгогчид дундаа ч нэр хүнд нь уначихсан яваа тэрбээр намын залуусаа бус өөрийгөө л бодож, тохироо хийж яваа гэх. Тодруулбал, Баянгол дүүргийн АН-ын дарга С.Эрдэнэтэй МАН хоёр, АН нэг суудал авахаар тохирчихсон гэдгээ намынхандаа ил цагаан ярьж яваад нь намын залуус нь ихээхэн таагүй хандаж буй.

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан

Чимээгүйхэн хүсэлтээ өгчихөөд сууж байгаа Ж.Батбаясгалан дарга 2016 оноос хойш дүүрэг, нийслэлийн ажилд тасралтгүй ажиллаж байгаа гэдэг утгаараа танигдалттай дүрүүдийн нэг. Гэсэн ч “Авлига хороолол”,  Тавантолгой түлштэй холбоотой дэгдсэн зэрэг дуулиан хөлд нь тээг болох магадлал ч бий.

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар

2020 онд Баянгол дүүргийн Засаг даргаар томилогдож, дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа. Улстөржөөд байдаггүй, дүүргийн ажлаа сайн хийж ирсэн тул Баянголынхон ам сайтай. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг

Тойрогтоо төсвийн болон өөрийн хөрөнгөөр нэлээдгүй ажил хийсэн учир  судалгаагаар рейтинг дээгүүр гарч байгаа. Гэсэн ч мандат дээр асар өрсөлдөөнтэй байгаа тул эгзэгтэй нөхцөл байдал дунд байна. 

Баянгол дүүргийн НИТХ-ын дарга Б.Сэмжидмаа

Ж.Ганбаатарын хүн гэж “овоглогддог” байсан тэрбээр өнгөрсөн жилүүдэд даргатайгаа муудаж, нам дотроо багагүй “бужигнуулсан”.  Тэр ч утгаараа түүнийг энэ удаагийн сонгуулиар намын дарга Ж.Ганбаатар нь дэмжих эсэх нь эргэлзээтэй.

НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр

Нийслэлийн инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, хотын орлогч даргаар ажиллаж байсан Д.Ихбаярыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал зүтгүүлж байна. Намдаа нөлөөлөл ихтэй ч Ж.Ганбаатар түүний хүнийг дэмжих үү гэдэг асуултын хариулт хоёр хоногийн дараа тодорхой болно. 

НИТХ төлөөлөгч Г.Гангамөрөн

 “Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв” НӨҮГ-ын даргаар ажиллаж байгаад УИХ-д нэр дэвших зорилгоор ажлаа өгсөн. 2020 онд Г.Гангамөрөнгийн замын түгжрэл дунд машин дотроо хоол хийж буй сурталчилгаа-зураг олны анхааралд өртөж, шүүмжлэл дагуулж байв. 

Намаасаа дэмжлэг авч чадсан ч Баянголчууд түүнд итгэл хүлээлгэж, төлөөллөөрөө сонгогдох боломж тун хомс байгааг урьдчилсан судалгаанууд харуулсан. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.178
    2024/05/21

    УГААС ЛУЙВАРЧИД ЮМ ЧИНЬ ЛУЙВАРДААД ГАРАХ БАЙЛГҮЙ. БАТБАЯСГАЛАН ХОТОД ЯМАР ИХ ГАЗРЫН НАЙМАА ХИЙЛЭЭ. ХӨГЖЛИЙН БАНКЫГ ДАМПУУРУУЛАГЧ 33 ТЭРБУМЫН ХУЛГАЙЧ ГАНХУЯГ,Ж. ГАНБААТАР ГЭДЭГ ГИШҮҮНИЙГ ХҮН БҮР ЯМАР ГЭДГИЙГ ХЭЛҮҮЛЭЛТГҮЙ МЭДНЭ.

    Хариулах