Нэр дэвшигчид өнөөдөр тодорно

Zuv.mn
2024/05/20

Улс төрийн намууд 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ өнөөдөр зарлана. МАН-ын бага хурал, Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр хуралдах бол бусад намууд мөн хуулийн дагуу нэр дэвшигчдээ тодруулна.

Нэр дэвшигчийг тодруулах хуулийн хугацаа ойртсонтой холбоотойгоор СЕХ-ноос өчигдөр мэдэгдэл гаргасан. Нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж байгаа энэ хугацаанд нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүдээс мөнгө хөрөнгө шаардах, авах, нэр дэвшихэд намд өгөх мөнгөний ханш тогтоох зэрэг иргэний сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор гаргасан уг мэдэгдэлд “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт зааснаар нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглоно.

Мөн Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6-д зааснаар нам сонгуульд нэр дэвших эрх олгохдоо намын гишүүн, дэмжигчээсээ барьцаа, дэнчин болон бусад аливаа хэлбэрээр мөнгө болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ өгөхийг шаардах, авахыг тус тус хориглосон болно. Үндсэн хуульт ардчиллын баталгаа болсон чөлөөт, ардчилсан сонгуулийн үр дүнд сонгогддог нийтийн албан тушаалтан болох Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшиж, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний сонгох, сонгогдох эрхээ эдлэхэд нь дээр дурдсан хууль бус үйлдэл гаргах, гаргахыг завдах нь Эрүүгийн хуульд заасан төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэг болно. Иймд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслүүд нэр дэвшүүлэх ажиллагаагаа хуулийн дагуу зохион байгуулах шаардлагатай болохыг мэдэгдье” гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна