Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр 15.30 цаг хүртэл үргэлжилнэ

С.Гандэлгэр
2024/05/21

Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нийслэлийн парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.21) Төрийн ордонд эхэллээ.

Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд олонхыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар ажиллаж байна.


Сонсголд Хянан шалгах түр хорооны гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр сонсголын үйл ажиллагаа эхлэв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ сонсголыг даргалсан бөгөөд нээж үг хэлсэн юм.

Энэ удаагийн Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хоёр өдрийн турш Худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, шалтгаан; Автобус нийлүүлэх гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний хэрэгжилт; Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны нөхцөл байдлын талаар гэсэн гурван багц сэдвийн хүрээнд нээлттэй сонсгол явуулахаар төлөвлөснийг тэрбээр дурдаад сонсголын дэгийг дэлгэрэнгүй танилцууллаа.

Хоёр өдөр үргэлжлэх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын ирцийг эхний өдрийн ирцээр тооцох бөгөөд сонсголын танхимд орсон оролцогч парламентыг хүндэтгэх, сонсголын дэгийг сахих, сонсгол даргалагчийн хууль ёсны шийдвэрийг биелүүлэх үүрэгтэйг Ж.Бат-Эрдэнэ гишүүн танилцууллаа.


Сонсголыг нээлттэй явуулж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах ч төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой асуудал; гэрч, эсхүл гуравдагч этгээдийн хувийн амьдралтай холбоотой бөгөөд олон нийтэд мэдээлбэл түүний хууль ёсны ашиг сонирхлыг хохироох үйл баримт; олон нийтэд мэдээлбэл Монгол Улсын язгуур ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах асуудлыг хэлэлцэх үед Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 45.3-т заасан үндэслэлээр Хянан шалгах түр хорооны гишүүн нийтийн сонсголыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хаалттай явуулах горимын санал гаргавал гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэх юм байна.

Нотлох баримтыг шинжлэн судлах зорилгоор гэрч, шинжээч, хянан шалгагч болон бусад оролцогчоос сонсгол даргалагч болон зөвхөн Түр хорооны гишүүд асуулт асууж болох хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл нэмэлт асуулт асууж, тайлбар авч болно.

Тусгай шалгалтын сэдэвтэй холбоогүй, тодорхойгүй, салаа утгатай, хөтөлсөн, гэмт хэрэгт буруутгасан, доромжилсон шинжтэй асуулт тавих нь сонсголын дэгээр хориотой. Энэ төрлийн агуулгатай байвал сонсгол даргалагч тухайн асуултыг алгасаж, хариулт авахгүйгээр дараагийн асуултыг асуух боломжтой юм байна. Мөн асуултыг алгасах саналыг гэрч хуралдаан даргалагчид гаргах боломжтой аж.

Гэрчүүдийн мэдүүлэгт ноцтой зөрүү байвал сонсголын явцад тэдгээрийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах боломжтой бөгөөд Хянан шалгах түр хорооны гишүүн мэдүүлгийн зөрүүтэй байдлыг гаргаж тавих, үүнтэй холбогдуулан нэмэлт асуулт асуух, эсхүл давтан асуух эрхтэй гэдгийг Хянан шалгах түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.


Хянан шалгах түр хорооны хянан шалгах шинжээчдийн бүрэлдэхүүнээс гадна сонсголын хөндлөнгийн ажиглагчаар “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байгааг Ж.Бат-Эрдэнэ гишүүн танилцуулав. Түүнчлэн Хянан шалгах түр хорооны даргын урилгаар Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцож байгаа юм байна. Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн яам; Сангийн яам; Үндэсний аудитын газар; Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар; Нийслэлийн Засаг даргын Тамгын газар; Гаалийн ерөнхий газар; Төрийн худалдан авах ажиллагааны газар; Нийслэлийн нийтийн тээврийн газар; Автотээврийн үндэсний төв зэрэг төрийн байгууллагын төлөөлөл нотлох баримтыг шинжлэх судлах сонсголд оролцож буйг Хянан шалгах түр хорооны дарга танилцуулсан юм.


Сонсголоор эхлээд “Худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, шалтгаан” сэдвийн хүрээнд Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар) төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн шийдвэр, түүний үндэслэл; Нийтийн тээврийн автобус худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байдлын талаарх нотлох баримтыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авна хэмээн тэрбээр танилцуулсан юм.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар “Сонсголын ирцийг Тамгын газар бүртгэж, ирээгүй гэрч, шинжээч, хянан шалгагч, ажиглагч болон холбогдох бусад этгээдэд сонсголын товыг мэдэгдсэн эсэх, ямар шалтгаанаар ирээгүй болохыг сонсгол даргалагчид илтгэн танилцуулна” гэж заасан байдаг. Энэ дагуу Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн зөвлөх Я.Баасанбат сонсголын ирцийг танилцуулав.


Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар) төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн шийдвэр, түүний үндэслэл сэдвийн хүрээнд 14 гэрч дуудагдсан бөгөөд үүнээс 3 гэрч эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн бол оролцохоо илэрхийлсэн ч ирээгүй 4 гэрч,  2 гэрчтэй холбоо барьж чадаагүй аж.


Ийнхүү нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд оролцож буй гэрчүүдэд эрх, үүргийг нь Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч Ж.Бат-Эрдэнэ танилцуулж, сонсголын дэгтэй холбогдуулан асуулт, санал хэлэх гишүүн гараагүй юм. Иймд Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар) төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн шийдвэр, түүний үндэслэлтэй холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалж эхэллээ.


Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр 15.30 цаг хүртэл үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна