Лу.Гантөмөрт мөнгө төгрөг, Л.Оюун-Эрдэнэд эрх мэдэл төвлөрлөө

Zuv.mn
2024/05/22

СЕХ УИХ-д бие дааж нэр дэвшигчдийг нам эвслийн нэр дэвшигчидтэй зэрэг бүртгэснээр намаасаа нэр дэвшиж чадахгүй гологдлууд бие дааж дэвшээд УИХ-д орж ирдэг байдал эцэс болсон билээ.

Энэ шийдвэр намуудын эв түнжин, дотоод байдлыг илчлэхээс гадна дарга нарын эрх мэдэл, нөлөөг үлэмж нэмэгдүүлсэн ач холбогдолтой шийдвэр болсон гэдэгтэй санал нийлэх байх. Ялангуяа нэр дэвшигчид нь чихэлдсэн МАН, Ардчилсан намд шийдвэрийн нөлөө илүүтэй тод илрэх нь ойлгомжтой байсан юм. Учир нь, энэ удаагийн сонгуульд өрсөлдсөн том гэгдэх намууд бүгд нэр дэвшигчдээ Сонгуулийн тухай хуулийн:

“29.1.Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.

29.2.Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана” гэсэн хуулийн заалтын хугацааг нь тулгаж өгсөн юм.

Гэхдээ юуг үнэт зүйл, зарчим болгосон бэ гэдгээс хамаараад голлох хоёр намын даргын хожоо харилцан адилгүй байлаа.

Жишээ нь, Ардчилсан намын тухайд, Лу.Гантөмөр намаа эв нэгдэлтэй байлгаж чадаагүйн улмаас гишүүд нь болчимгүй мэдэгдэл хийж, намынхаа нэр хүндийг унагаж байна. “Мөнгөө авья” гэж нэхэж байгаа хүмүүс өмнө нь нам руугаа мөнгө барьж гүйсэн байж таарна.

Дээр хэлсэнчлэн, бие даана гэж гүйх боломж байхгүй ч ирэх сонгуулийн дүнд сөргөөр нөлөөлөхүйц үйл явц нэгэнт өрнөчихлөө.

МАН-ын тухайд, дарга Л.Оюун-Эрдэнийнх нь эрх мэдэл, хүч нөлөө мэдэгдэхүйц өслөө. Жагсаалтад намынхаа нөлөөтэй кадруудаас нэгийг ч оруулаагүй, тойрог дээр олон томчууд хасагдсан ч намын бодлогыг нийгмийн захиалгатай сайтар хослуулж чадсан тул ямар маргаан гарсангүй.

Бүх асуудлаа жин, тан зохицуулснаар ямар дарга вэ гэдгээ харууллаа. Одоо Лу.Гантөмөр, Л.Оюун-Эрдэнэ нарын нэр дэвшүүлэхийн өмнөх нэр хүнд, дараах нэр хүнд хоёрыг харьцуулаад харвал Л.Оюун-Эрдэнэ гарцаагүй нэр нөлөөгөө өсгөх боломж болгож чаджээ. 

2020 оны сонгуулийн нэр дэвшүүлэлтийн дараа У.Хүрэлсүх, С.Эрдэнэ хоёр дээр яг ийм ялгаа гарсан. Тэр сонгуульд Ардчилсан нам далаараа цэвэр тавиулсан билээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.176.111
    2024/05/23

    МАН-ААС ТҮРҮҮЧИЙН СОНГУУЛИЙН ХҮМҮҮС Л НЭР ДЭВШИЖ. ДАХИН СОНГУУЛЬ ХИЙХ ШААРДЛАГА БАЙГАА Ч ЮМ УУ. БАХЬ БАЙДГААРАА ДАХИАД 4 ЖИЛ УУЖ ИДЭЭД ИЛЧЛЭГДЭЭД ЦАГААТААД Л ЯВАХ НЬ

    Хариулах