-Цөвүүн цагт үндэсний бөх талцал хуваагдлыг өөхшүүлэгч байж болохгүй-
Аймгууд аймгийн цолоо өмчлөн, үндэсний их баяр наадмын бөхийн барилдааныг хоёр удаа зохион байгуулдаг болоод багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Том цолтой, хүчтэй бөхчүүд аймгийн наадам хэсэж, түрүү, үзүүрийг хамдаг, эс бөгөөс найраа хийж ханш тогтоодог байдлаас тойрохын тулд ийм туршлага гарч ирсэн байдаг. Найраа, авлигаас тойрох зорилготой, аргагүй байдлаас үүдсэн гэх энэ жишиг сүүлдээ даамжран, найраа, авлига хээл хахуулийн бас нэг голомт болсныг төр анзаарч, аймгууд хоёр удаа наадамлахыг хориглосон. Гэтэл харин аймгийн наадмаа өмчилдөг буруу жишиг нь үлдэж хоцорчээ.
ИРГЭДЭЭ БОДООГҮЙ ТӨР, ҮЗЭГЧЭЭ ХҮНДЛЭЭГҮЙ БӨХЧҮҮД
Ковидын дараа жилүүдэд улс орны эдийн засаг хүндэрч, УИХ сүр дуулиантайгаар төсөв тодотгож, төрийн хэмнэлтийн тухай хууль баталсан ч тэр нь түшмэдүүдийн амны уншлага болсноос биш, дарга нарын төсөв бараг хасагдаагүй. Тэр тусмаа Монгол даяар болох түүхт ойн баяр наадмууд, түүнийг дагаж улсын төсөв хийгээд ард түмний халааснаас урсах асар их зардал сүйтгэлийг багасгах талаар дуугараа ч үгүй билээ.
Шинэ тутам байгуулагдаж асан Монгол улсад засаг захиргааны хуваарилалт 1923, 1924 онуудад түлхүү явагдсантай холбоотойгоор түүхт ойн наадмууд орон даятар тохиож, улстөрчдөд өөрсдөд нь хэрэгтэй, шар тэмдэг тарааж нэр хүндээ өсгөх, агуулгаараа бол сонгогчдыг хахуульдаж нэр хүндээ өсгөх, дундчуудын хувьд наадам нэрээр нутгийнхаа аль гайгүй яваа хэдээс хандив цуглуулж, тэндээсээ цавчаа хийх гэх мэтийн эрх ашиг арилаагүй л байна.
Монголд улс төрчдийн эрх ашиг нэгдүгээрт байдаг тул монголчууд цагийн байдлыг үл хамааран өмнөх шигээ л зунжингаа хундага тавилгүй архи ууж, хутга тавилгүй мах идэх нь. Гэтэл наадмаас ард иргэдэд олддог ганц ашиг нь гэж хэлж болох бөхийн барилдаан үзэж сэтгэлийн цэнгэл эдлэх боломжийг бөхчүүд нь өөрсдөө үгүй хийж, талцах, нутгархах хандлага гаргаж байгаа нь өнөөдөр өндөрлөх Булган аймгийн баяр наадмаас тод харагдлаа.
Монголчууд бөхдөө дуртай, жил бүрийн наадам, цагаан сараар бөхөө үзээд л баярлачихдаг гэхэд хэтрүүлсэн болохгүй. Гэтэл Булган аймгийн наадмыг зохион байгуулах хороо бөхийн комисс нь өөр аймгийн бөхчүүдийг тодорхойгүй шалтгаанаар хассан байна.
Яваандаа өөрсдөө өмчилж, найраа гэдгийг жинхэнэ утгаар нь хийдэг, авлига хээл хахуулийн голомт болж, яваандаа талцал хуваагдлын бэлгэ тэмдэг болох вий гэдэг болгоомжлол байна.
ҮНДЭСНИЙ БӨХИЙН ҮНЭТ ЗҮЙЛ ӨӨРЧЛӨГДЖЭЭ
Дээр үед Х.Баянмөнх аваргыг "Овооны наадам ч голохгүй барилдаж ард түмнээ баясгадаг" гэж магтдаг байлаа. Одоо харин ийм бөх гарч ирвэл "Наадам үймүүлэх гэлээ, шуналтлаа" гэж буруутгахаар болжээ.
Гэсэн ч бөх, бөхөөрөө л үлдэх учиртай. Наадам үймүүлж, найраа хутгаж яваа том бөхчүүдийг ч, тэднээс жийрхэж наадмаа харамсалсан нөхдүүдийг ч хатуу шийтгэж таслан зогсоох хэрэгтэй.
Өнөөдөр цаг цөвүүн байгаа үед, төр засаг нь эв эеэ хичээх гэж зүтгэж байгаа үед үндэсний бөх талцал хуваагдлыг дэвэргэгч байж болохгүй.
Монголын төр цаг цөвүүн үед иймэрхүү үзэл хандлагыг хатуу буруушааж байсан түүхтэй. 1939 оны баяр наадамд улсын арслан “Урт гарт” хэмээх М.Лхагваа “Эрээн хавиргат” М.Төрбат арсланд “Чи баруун тийш харж барилд, би зүүн тийш харж барилдъя” гэж хэлээд өөрөө Сүхбаатар, Дорнод аймгийн бөхчүүдийг амлаж барилдан давахад маршал Х.Чойбалсан ихэд хилэгнэсэн гэдэг. Маршал нутгийнх нь бөхчүүдийг унагасанд ч биш, талцаж хуваагдах агуулгад нь дургүйцсэн нь тэр. Аваргын энтэй хайран сайхан бөх Маамын Лхагва арслан хэлмэгдсэн нь үүнтэй холбоотой гэж ярих нь ч бий. 1960-аад оны сүүлээр тодорч гарсан Ж.Мөнхбат, Х.Баянмөнх аваргуудыг алдар хүндлэлээс гадна бөхчүүдийг нутгаар нь талцуулж хуваасан гэх зэм дагалддаг нь нууц биш. Сүүлийн үед өрнөсөн Бөхийн холбоог авахын төлөөх тэмцлээс ч энэ талцал хуваагдал мэдрэгдээд л байсан. Харамсалтай нь, энэ талцал хуваагдлыг маршал шиг тас цохих удирдагч байсангүй. Харин ч дэвэргэснээс өнөөгийн нөхцөл байдалд хүрсэн гэхэд нэг их буруу дүгнэсэн болохгүй.
"ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ"-Г БУЛГАНЫ КЭЙСЭЭС ЭХЭЛЬЕ
Энэ бүх алдаа завхралыг засах шийдэл хэрэгтэй байна. Монгол үндэсний бөх үзэгчгүй бол мөхнө. Тэр утгаараа Монгол бөхийн ариун голомтод орж ирсэн авлига, хээл хахууль, зохион байгуулалттай залилан мэхлэх ажиллагаа, тэмцээнийг жүжиг болгосон буруутныг олж шийтгэх нь үндэсний бөхийг аврах ажил юм. Яаралтай эхлүүлэх хэрэгтэй. Булганы наадмыг будлиулж, нэгэнт бүртгээд авчихсан өөр аймгийн бөхийг хүчээр хассан хүн нь улсын заан Д.Баасандорж гэж хасагдсан бөхчүүд хэлсэн байсан. Сэжүүр гарсан дээр нь бариад авбал бусдыгаа илчлээд явчих боломжтой. Шалгаад явахад хасагдсан гээд байгаа бөхчүүдээс ч юм гарч ирх бололтой юм билээ.
Монгол Улс наадам тэмдэглэхийн тулд жил бүр багагүй хэмжээний мөнгө зарцуулдаг. Улсын ч бай, аймгийнх ч бай, бүр сумын цолтон байсан ч ялгаагүй, наадамдаа сайн барилдаж цол чимэг хүртсэн бөхчүүдийг уламжлал ёсоор олны хайр хүндлэл нөмрөн авдаг бичигдээгүй хуультай. Хайр хүндлэл нь мөн л эдийн засгийн агуулгатай, тэр нь ард түмний халааснаас л гардаг. Хэн ч бай, бүр бөх ч бай ард түмний хайр хүндлэлийг хуйвалдаанаар олж авах ёсгүй. Спортын тэмцээн уралдааны үр дүнд нөлөөлөх, цаашлаад хууль бусаар хөрөнгөжих нь хүнд ялтай гэмт хэрэг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна