Зургаан сартай нярайд амьд донороос элэг шилжүүлэн суулгажээ

Х.Есү
3 цаг 26 минутын өмнө

Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суугаа Ерөнхий консул Д.Болд 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр БНХАУ-ын шилдэг 13 эмнэлгийн нэг төдийгүй Шанхай хотын тэргүүлэх зэргийн Рэньжи эмнэлэгт зочилсон байна.

Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хорвоод мэндлээд зургаан сар 25 хоног болж байгаа Монгол Улсын бяцхан иргэн Ш.Энхбадрахад элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай гүйцэтгэсэн тус эмнэлгийн Элэгний мэс заслын тасгийн эрхлэгч Шюэ Фөн тэргүүтэй эмч, сувилагч нартай уулзаж талархал илэрхийлсэн байна.

Уулзалтаар өвчтөний биеийн байдлын талаар дэлгэрэнгүй ярилцах үеэр Рэньжи эмнэлгийн Элэгний мэс заслын тасгийн эрхлэгч Шюэ Фөн хагалгаа амжилттай болсныг онцлон дурдаж, бяцхан хүүгийн эцэг А.Шинэбаяр элэг шилжүүлэх донор болсон тул эд, эсийн хувьд тун хурдан зохицож, эдгэрэх, тэнхрэх үйл явц хурдан явагдаж буйг танилцуулж, олон улсад маш хүнд хэмээн тооцогддог хагалгааг Монгол Улсын анхны бяцхан иргэнд амжилттай хийсэндээ баяртай байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн тэрээр Рэньжи эмнэлгийн хүүхдийн элэг шилжүүлэх суулгах баг нь энэ төрлийн хагалгааг тоймгүй олон удаа амжилттай гүйцэтгэсэн арвин туршлагатай бөгөөд цаашид Монгол Улсаас өөр өвчтөн хүлээн авч, бүх талын эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.

Ерөнхий консул Д.Болдын зүгээс Монгол Улсын бяцхан иргэн Ш.Энхбадрахын эцэг Амарсанаагийн Шинэбаяр, эх Хүрэлбаатарын Насантогтох нарт аз жаргал, эрүүл энхийг хүсэж, уг мэс заслыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, МИАТ, Шанхай хотын Ардын засгийн газрын Эрүүл мэнд, биеийн тамирын хороо, Рэньжи эмнэлгийн хамт олон болон “Талын өртөө холбоо” ТББ-д дахин талархал илэрхийлжээ. 
f5bfadbb9ed54344ac6bc22538a4dcd8
36eb2f9d39a94d82855b7cf66d71bf4a



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна