УИХ-ын Чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Ухаа худаг”-ийн асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэнэ. Хянан шалгах түр хороо байгуулах саналыг Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн гаргаж, Байнгын хороодоор хэлэлцэгдэн дэмжигдээд байгаа юм.
УИХ-ын 2007 оны 27 /II.06/ дугаар тогтоолоор баталсан Стратегийн ордын жагсаалтад багтсан багтсан 15, 2015 онд нэмэгдсэн 1, нийт 16 ордоос ес нь эдүгээ хувийн хэвшлийн ААН-ийн эзэмшилд байгаа. Тэдгээр орд эзэмшигчидтэй хэлэлцээр хийж, Ашигт малтмалын тухай болон Баялгийн сангийн тухай хуулийн дагуу төр хувь эзэмшлээ тогтоох ажил Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед эхэлсэн ч Г.Занданшатарын Засгийн газрын үед зогсонги байдалд ороод буй /Ордыг эзэмшигч "Энержи ресурс"-ыг төлөөлж буй Ж.Оджаргал Засгийн газартай хэлэлцээрт ороогүй гэдгээ өөрөө хэвлэлд мэдэгдэж байсан/.
Улмаар Л.Оюун-Эрдэнэ ордын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах санал гаргасан нь өнөөдөр хэлэлцэгдэх гэж байна.
Ухаа худаг “Энержи ресурс”-т очсон түүх
Ухаа худаг бол Тавантолгойн бүлэг ордын хамгийн сайн судлагдсан, нөөц нь баттай тогтоогдсон төдийгүй хамгийн чанартай гэдгээрээ "Тавантолгойн өрөм" гэж нэрлэгдэж байгаа орд. Батлагдсан нөөц нь өссөөр 600 гаруй сая тоннд хүрээд буй. Анх шилжүүлж авахдаа “98хувийг нь төрд өгч, хоёр хувийг нь авлаа”, "Нөөц нь тогтоогдоогүй хоосон газар авлаа" гэж байсан ч яван явсаар "өрөм"-ийг нь авсан болж таарсан. “Судлагдаагүй” гээд байгаа орд газарт хуучнаар БНМАУ, ЗХУ-ын геологичидын хамтарсан экспедицийнхэн судалгаа хийгээд бүх нөөцийг нь тогтоосон баримт сүүлд нь гарч ирснийг хэвлэлийнхэн илчилсэн.
Энэ нь "Ухаа худаг"-ийг төрд шилжүүлж авах үндэслэл юм. Уг баримтыг БНМАУ-ын ГУУЯ-ны сайд З.Барсаар ахлуулсан Зөвлөлт-Монголын геологичдын ажлын хэсэг 1989 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 08 тоот тайланд бичсэн байсан гэх. Орд газарт хийсэн судалгаанд тухайн үеийн ханшаар 3.5 сая долларын хөрөнгө зарцуулж, техник эдийн засгийн үндэслэл, тайлан тооцоо, хайгуулын ажил, нөөцийн дүгнэлт гээд бүгдийг нь жин тан болгосон байсан хэмээн учир мэдэх хүмүүс өгүүлж байв.
Тайланд бүх нөөц нь 411 сая 539 мянган тонн байх аж. Үүнээс коксждог нүүрс нь гэхэд 252 сая 101 мянган тонн, чулуун нүүрс нь 149 сая 53 мянган тонн гэжээ. Өөрөөр хэлбэл, “Ухаа худаг” коксжих нүүрсгүй биш, нийт нөөцийн хоёр хувь бүр ч биш байсан юм. Энэхүү ордыг эзэмшигч “Энержи ресурс”-ыг АМГТГ-ын дарга асан Д.Жаргалсайхан, Ерөнхийлөгч асан П.Очирбат, Ерөнхий сайд асан Сү.Батболд, MCS-ийн Д.Оджаргал, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд асан Ц.Цэнгэл, “Моннис”-ийн Б.Чулуунбаатар, “Шунхлай”-н Г.Батхүү агсан, “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл агсан, УИХ-ын гишүүн асан Ц.Идэвхтэн, Хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай, УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр нар хамтран байгуулсан бөгөөд 2007 онд УИХ-ын 27 дугаар тогтоол гарсны дараа “Ухаа худаг”-ийг авч үлдэн, бусдыг нь төрд шилжүүлсэн байдаг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна