Гамшигт өртсөн 25 өрхөд олгосон мөнгийг завшсан Говь-Алтайн МАН-ын дарга Л.Лхагвацэрэнгийн Шүүх хурал хойшлогджээ

Zuv.mn
2 цаг 55 минутын өмнө

Байгалийн гамшигт өртсөн иргэдэд Гамшгаас хамгаалах сангийн хөрөнгөөс олгосон тусламжийн мөнгийг замаас нь аваад идчихсэн Говь-Алтай аймгийн МАН-ын дарга Л.Лхагвацэрэнд холбогдох хэргийн Шүүх хурал энэ сарын 21-нд болох ёстой байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.  

2018 оны арваннэгдүгээр сарын 24-25-нд баруун аймгуудын нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, байгалийн аюулт үзэгдэл болсны улмаас Бугат сумын 58 айл, өрхийн гэр, хашаа нурж, хохирол учирсан байдаг.

Тиймээс байгалийн гамшигт өртсөн иргэдийн хохирлыг бага ч болтугай барагдуулах зорилгоор Говь-Алтай аймгийн Засаг дарга 2019 оны наймдугаар сарын 30-нд А/417 дугаартай Хөрөнгө зарцуулах тухай захирамж гаргаж, гамшигт өртсөн 58 айл өрхөд тус бүр 1.5 сая төгрөг буюу нийт 87 сая төгрөгийг орон нутгийн Гамшгаас хамгаалах сангаас гаргуулан олгожээ.  

Гэтэл тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа Т.Баттүвшин, мэргэжилтэн, хошууч Ц.Амарсанаа, тус аймаг дахь МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн нар Аймгийн Засаг даргын А/417 захирамжийн хавсралтаас тус аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн, “Хашаа нь эвдэрсэн, зайлшгүй тусламж шаардлагатай” гэх 58 иргэний нэрсээс 25 иргэний нэрсийг сольж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй нөхцөл байдал илэрч, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс үнэн болохыг нь тогтоон, 2024 оны есдүгээр сард яллах дүгнэлт үйлдүүлэхээр Прокурорын хяналтад хэргийг нь шилжүүлж байжээ.

Таван жил сунжирсан энэ жигшүүрт хэргийн эхний шүүх хурал Говь-Алтай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд энэ оны гуравдугаар сарын 13-нд болоход ерөнхий шүүгч Н.Оюунбилэг “Гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байдаг аж.   

Гэвч нотлох баримтаар баттай тогтоогдсон байсан тул Хяналтын прокурор нь уг цагаатгах тогтоолыг эсэргүүцэн Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаныг өнгөрсөн тавдугаар сарын 23-нд хэлэлцээд, хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүчингүй болгосон байна.

Тодруулбал, Анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Оюунбилэг нь хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг үнэлээгүй гэж дүгнэсэн байна. Жишээ нь, нэгэн гэрч “2018 оны арваннэгдүгээр сарын 24-25-нд болсон шуурганы үеэр манайд хохирол учраагүй. 2019 оны долоодугаар сард манай сумаас гаралтай Л.Лхагвацэрэн утсаар холбогдож, “Судалгаа явагдаж байна. Овог нэр, регистр болон дансны дугаараа хэлж өгөөч. Хэд хоногийн дараа дансанд чинь мөнгө орно” гэсэн.

Удалгүй “Нэг сая төгрөг орсон шүү. 100 мянган төгрөгийг нь өөрөө аваад үлдсэн 900 мянгыг нь над руу шилжүүлчих” гэснийх нь дагуу хэлсэн данс руу шилжүүлсэн” хэмээн мэдүүлсэн байдаг аж. Энэ мэт баримтууд байсан ч шүүгч Н.Оюунбилэг үнэлж үзэлгүй цагаатгасныг буруу хэмээн үзжээ.

Мөн Шүүх хурлын явцад Онцгой байдлын албан хаагч нар дээрх мөнгөнөөс авсан нь баримтаар тогтоодоогүй, харин МАН-ын дэд дарга Л.Лхагвацэрэн нь өөрийн болон ээжийнхээ дансаар 25 иргэнд холбогдох мөнгийг хувьдаа авч завшсан нь баримтаар тогтоогдсон аж.

Шүүхийн магадлал гарсны дараа өмгөөлөгчид давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Улсын дээд шүүхэд хандсан ч хэлэлцэхээс татгалзсанаар Анхан шатны шүүх дахин шийдвэрлэхээр болсон нь ийнхүү тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна.

Үйлдэгдсэнээсээ хойш мөрдөн байцаалтын шатанд таван жил, Шүүхийн шатанд нэг жил хэрэгсэхгүй болох, шүүх хурал нь хойшлох зэргээр “гацаж” байгаа энэ хэргийн улмаас байгалийн гамшигт жинхэнээсээ өртсөн иргэдийн хохирлыг барагдуулах асуудал мөн тодорхойгүй хугацаагаар хойшилж байна.

Прокуророос энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1.1 ”Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн зүйл ангиар яллах санал хүргүүлээд байжээ. 

Эцэст нь, улс төр, төрийн албан тушаалтанд байж боломжгүй ёс зүйгүй гэмт хэрэг үйлдсэн Л.Лхагвацэрэнг хамгаалж, хэрэг нь баримтаар нотлогдож байхад эрх мэдлээ урвуулан ашиглаж цагаатгах тогтоол гаргасан үйлдсэн хэргийг хамгаалж, Говь-Алтай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэгийг Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо анхааралдаа авч, хариуцлага тооцох цаг болжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна