 
                                
                 
        
        “Рио Тинто” групп Оюутолгой төслийн талбайд хоёр ашиглалтын лиценз эзэмшдэг “Онтрэ гоулд” ХХК-тай хэлцэлцээр хийж, хувь эзэмшлээ 80/20 хувь байхаар тохирсон билээ. "Онтрэ"-гийн зүгээс энэхүү өөрт ногдох 20-иа 100 хувь гэж үзээд 34 хувийг нь төрд эзэмшүүлэх саналыг тавьсан гэж мэдээлэгдэж буй. Өөрөөр хэлбэл, энэ бол УИХ, Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгийн халаасанд ороод ирчихсэн, наад захын үр дүн. Түүнээс илүү үр дүн гаргах боломж бий.
Тодруулбал, Монголын Засгийн газар "Онтрэ"-гийн лицензит талбайд байгаа баялагийн 34 хувийг шууд эзэмших байр суурьтай буй. . Энэ хоёр хувилбараас Монголд ашигтай ямар нөхцөл байдал үүсэхийг хялбаршуулсан байдлаар хөндөж байна.
"Онтрэ"-гийн санал лицензит талбай дахь баялгийн 6.8 хувь, манай Засгийн газрын хүсэл 34 хувь
Эхлээд сүүлийн хувилбар буюу бидний хүсээд байгаа лицензит талбайд буй баялгийн 34 хувийг эзэмшвэл ямар байхыг тооцоолж үзье.
“Онтрэ гоулд”-ын лицензит талбай гэдэг нь “Шивээ толгой” буюу Хойд Хюго ордын хойд үзүүр хэсэг, “Жавхлант” буюу Херуга ордын урд сүүл хэсэгт байрлах хэсэг бөгөөд энэ хоёр талбайд нийтдээ 10.3 сая тонн зэс, 742 тонн алт, 3300 тонн мөнгө, 190,000 тонн молибдений нөөц бий.

Хэрвээ Ажлын хэсэгт санасандаа хүрч чадвал 3.4 сая тонн зэс, 247 тонн алт, 1100 тонн мөнгө, 63000 тонн молибден ногдоно.
Харин "Онтрэ"-гийн санал болгож буй, "Рио Тинто"-той хийсэн 80/20 хувийн тохироогоо хүлээн зөвшөөрөхийг шаардсан хувилбараар явбал доорх байдалтай болно.
“Онтрэ гоулд”, “Рио Тинто” компаниуд 2004 онд байгуулсан гэрээгээрээ хүдэр “560 метрээс илүү” гүнд байвал “80:20”, “560 метр хүртэлх” хүнд байвал 70:30 хувиар хуваахаар тохирсон байдаг.

“Онтрэ” ХХК уг хувь эзэмшлээсээ Баялгийн сангийн хуулийг дагаж “Монгол Улсад 34 хувийг нь өгөхөд бэлэн“ гэдгээ илэрхийлсэн. Энэ бол Монголын Засгийн газар “Онтрэ”-гийн лицензит талбайгаас олборлох нөөцийн 6.8 хувийг (20 хувийг 100 хувь гэж үзвэл 34 хувь нь нийт нөөцийн /Онтрэгийн лицензит талбайн) 6.8 хувь/ эзэмшинэ гэсэн үг.

Мэдээж, Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг ашиглаад хувь эзэмшлээ бүтээгдэхүүн хуваах гэрээ юм уу, тусгай АМНАТ-өөр орлуулж болно. Гэхдээ лицензит талбайд ногдох баялгаас авах байсан 34 хувь нь 6.8 хувь хүртэл буурах юм.
Тодруулбал, 10.3 сая тонн зэсийн 6.8 хувь /700,000 тонн зэс/, 759 тонн алтны 6.8 хувь /51.6 тонн алт/ гэх мэтээр эзэмших нь.
Гэхдээ дээр хэлсэнчлэн, энэ бол “Онтрэ”-гийн өөрсдийнх нь санал тул Ажлын хэсэг аль хэдийнэ энэ хэмжээний үр дүнг гаргачихсан гэж ойлгож болох байх. Тиймээс ахиулах ёстой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна