Намуудын "өвөр дамждаг" Ж.Баяржавхланд Ардчилсан намаас нэр дэвших ЁС ЗҮЙ бий юу

Zuv.mn
2024/09/06

НИТХ-ын сонгууль хаяанд ирж, улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулаад байна. Ирэх дөрвөн жилийн хугацаанд нийслэлчүүдийг төлөөлөх 45 төлөөлөгчийг сонгох чухал сонгуульд улс төрийн намууд хамгийн шилдэг, залуу улстөрчдөө сойж буй. Харин Ардчилсан намаас нэр дэвших 45 нэрс дунд нэгэн хүн анхаарал татаж буй. Тэр нь МАН-аас нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон Ж.Алдаржавхлан гишүүний ах Ж.Баяржавхлан юм. 

Түүний хувьд 2024 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас 10 дугаар тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшихээр ажиллаж байсан ч мандат олдоогүйн улмаас намаасаа гарч, ИЗНН-аас нэр дэвшсэн. 

Гэсэн ч Сонгуулийн Ерөнхий хорооноос АН-ын гишүүнчлэлтэй мөртлөө ИЗНН-аас нэр дэвшихээр болсон нь Сонгуулийн тухай хууль зөрчсөн учраас нэр дэвшигчийн бүртгэлийг хүчингүй болгосон байдаг. 

Ж.Баяржавхлангийн хувьд эртнээс л улс төрд сонирхолтой байсан нэгэн. 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж, 2024 онд АН-аас нэр дэвшихээр горилсон ч мандатаа авч чадаагүй учраас ИЗНН-д элсэн нэр дэвшиж чадаагүй. Харин энэ удаагийн НИТХ-ын сонгуульд тэрбээр АН-даа эргэн орж, нэр дэвшихээр зэхэж байна. 

Улс төрд тогтвортой байдал, дэмжигч гишүүд маш чухал. Тэр дундаа Монгол Улсын өнцөг булан бүрд гишүүнчлэлтэй үндэсний хэмжээний намд байгаа бол тэдгээр гишүүдийнхээ итгэлийг даахгүйгээр шат шатны сонгуульд нэр дэвшээд сонгогдоход хэцүү. АН-аас нэр дэвшихээр тойрогтоо ажиллаж, бүр дүүргийн АН-ын дэд даргаар ажиллан гишүүд дэмжигчдийнхээ итгэлийг авч байсан Ж.Баяржавхлан "мандат" өгөөгүй гэх шалтгаанаар намаасаа "урвасан" нь олон хүний итгэлийг алдсан нь ойлгомжтой. Мандат олдож л байвал хаанаас ч нэр дэвшиж байдаг үзэл баримтлал, гишүүд дэмжигчиддээ үнэнч бус Ж.Баяржавхлан шиг улстөрчдөөс ёс зүй хайх нь илүүц биз. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.117.165
    2024/09/06

    ЯНХАН ЮМ УУ ХАЙШАА ЮМ БЭ. ОЮУН САНААНЫ ЯШКА ГЭЖ ҮҮ

    Хариулах