“Илгээмж ирлээ”-гийн А.Баяр

Х.Есү
2024/09/27

Монголчууд А.Баярыг “Илгээмж ирлээгийн Баяр” гэдгээр андахгүй болсон бол баянзүрхчүүд түүнийг “Манай гүйдэг дарга” гэж тодотгоно. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг тэргүүлэхдээ санаачлан хэрэгжүүлсэн олон ажлын нэг нь “Баяртай тэтгэлэг буюу “Илгээмж ирлээ” юм.

 “Танд илгээмж ирлээ.  Хүргэж өгөх гэсэн юм аа” гэх түүний дуудлага “Өнөр бүл” асрамжийн төвийн сурагч Б.Ононгуа нарын зургаан хүүхдийн хувь заяаг өөрчлөх эрдмийн түлхүүр атгуулаад байна.

Тэд Солонгос улсын Чүнбүг их сургуульд авто инженерчлэл, холбооны инженерчлэлийн чиглэлээр 100 хувийн тэтгэлэгтэй суралцана. Хэн хүнд амар олдохгүй энэ боломжийг Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон БНСУ-ын Чүнчон аймаг, Угчонь сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралтай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгжинэ.

Тэтгэлэгт шалгарсан “Өнөр бүл”-ийн Б.Ононгуагийн “Хичээж сурна аа. Бид бүгдийн амьдралд гэрэл өгч чадсанд баярлалаа. Итгэлийг алдахгүй. Багш нартаа хандаж хэлэхэд, охин чинь хичээнэ ээ. Үнэхээр чадна аа” гэх үг дэлхийн боловсрол эзэмших хүсэлтэй ч амьдралын боломж тааруугаас мөрөөдлөө биелүүлэх боломжгүй олон залууст гэрэл асааж, итгэл өвөрлүүлсэн болов уу. Түүний баярын нулимсанд монголчууд мэлмэрч, “Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэдэг үгийн бодит илэрхийлэл болсон ирээдүйгээ харсан сайхан санаачлага гаргажээ” гэж олзуурхан огшиж, талархсан нь олон.

Харин А.Баяр “Өнчин, өрөөсөн гээд боломж бүрийн үүд хаалга хаалттай байх учиргүй. Энэ зарчмыг баримталж "Өнөр бүл" хүүхдийн төвөөс нэг хүүхдийг Солонгос улсын Чунбүк их сургуулийн хэлний бэлтгэлээс эхлээд их дээд сургууль төгстөл байр, сургалтын төлбөр гээд бүх зардлыг шийдвэрлэв. Сонгогдсон нэг хүүхэд маань амжилт үзүүлж чадвал цаашид энэ тоо нэмэгдэнэ.

Эцэг эхгүй, өнчин өрөөсөн байлаа гээд хөгжин, дэвжих боломжоос хэн ч хоцрох ёсгүй. Монгол хүүхэд бүрийг боловсролтой болгохын төлөө хамтдаа зүтгэцгээе” гэж байр сууриа илэрхийлж байв.

“Хүний хөгжил гэдэг бол хүүхэддээ сайн боловсрол эзэмшүүлэх явдал юм” гэж ярих А.Баяр Баянзүрх дүүрэгт тэр дундаа гэр хороололд Кембрижийн хөтөлбөртэй таван ч сургуулийг байгуулах эрмэлзэл бий. Энэ асуудлыг Боловсролын сайд П.Наранбаярт тавиад буй. Мөн цэцэрлэгийн насныхны хөгжилд хамгийн их анхаардаг, дэлхийдээ тэргүүлэгч гэж хэлж болох  Япон улсын Сагамихара хотын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ сургууль, цэцэрлэгийн багш нараа сургах, хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх хүсэлтийг ч тавиад амжсан байдаг.

“Англи хэл-Хоёрдогч хэл” хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран ажиллахаар болсон нь бас л түүний санаачлага. Хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын муж, хоттой хамтран эмч мэргэжилтэн, багш, сурагч солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм.

Мөн тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд дүүргийнхээ хүүхэд залуучуудыг  чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг нь өв тэгш хөгжүүлэх зорилгоор 3х3 сагсан бөмбөгийн талбай 45-ийг байгуулсан нь бусад дүүргүүддээ ч үлгэр болохуйц төсөл болсон гэж хэлж болно.

Учир нь 3х3 сагсан бөмбөгийн талбай нэгийг ч барьж чадаагүй дүүрэг нийслэлд бий.

Мөн хуучнаар Цагаан давааны хогийн цэг гэж нэрлэгдэж байсан 42 га талбайд ногоон байгууламж, спорт талбай, амарч зугаалах орчинтой “Дарь-Эх”цогцолбор болгон тохижуулсан нь “Зайсан-2” гэж нэрлэгдэх хүртлээ хүмүүсийн сэтгэлд хүрсэн бүтээн байгуулалт болсон. Санаачлагыг нь УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан гаргасан ч ажил хэрэг болгох талаас нь гүйцэтгэлд нь хяналт тавин ажилласан хүмүүсийн нэг мөн л А.Баярт дарга байв.

“Дарь-Эх” цогцолборт 5Х5 сагсан бөмбөгийн талбай, 3Х3 Олон улсын стандарт бүхий сагсан бөмбөгийн талбай 2,600 хүний суудалтай, олон улсын стандарт хангасан хөлбөмбөгийн талбай, чийрэгжүүлэх талбай, гэрэлт гудамж, амарч зугаалах ногоон байгууламжаас бүрдсэн. Дарь-Эх орчмын иргэд агаарт гарахын тулд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорих шаардлагагүй, гэрийнхээ ойролцоо амарч тухлах бололцоо бүрдсэн гэж хэлж болно.

Баянзүрхчүүд түүнийг “Гүйдэг дарга” гэж тодотгохын учир нь дүүрэгтээ хийж буй ажил бүр дээр очиж танилцана, юуг анхаарч шийдэх шаардлагатайг сонсоно. Ажил бүрийг 100 хувь гүйцэтгэлтэй болгохын төлөө гүйж өгнө дөө.

Иргэдийнхээ үгийг ч залуу, хөгшин гэхгүй сайн сонсоно. Олон нийтийн эрх ашигт нийцэх санаачлагатай ажлыг нь дэмжин, дүүргээсээ төсөв гарган шийдвэрлэхийн төлөө зүтгэнэ. Тулгарсан бэрхшээл, асуудал бүрийг нягт нарийн сонсч, тэмдэглэж аван, заавал шийдвэрлэнэ. Өрөөнийх нь үүдэнд өдөр бүр иргэд дугаарлан сууна. “А.Баяр даргатайгаа уулзчихаар л уужирчих юм аа. Залуу хүн гэхэд үг сайн сонсоно, хүндэтгэлтэй хандана” гээд ахмадууд түүнд ам сайтай.

Тэрбээр Нийслэлийн 18 дугаар сургуулийг төгссөн бол 2008 онд Анагаахын шинжлэх ухааны ухааны үндэсний их сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Мөн Хартфордын их сургуулийг бизнесийн удирдлага, МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн байдаг.

Ээж Х.Сарангуа эрүүл мэндийн салбарт насаараа ажилласан их эмч бол эцэг М.Амарбаясгалан нь Монгол Улсын зөвлөх инженер.

Ажлын гараагаа хувийн хэвшлээс эхлүүлж байсан бөгөөд 2010 онд “Хүрэл интернэшнл транс”, 2011 онд “Цаст фүүдс” компанийн гүйцэтгэх захирал, улмаар “Биг Виг” компанийг үүсгэн байгуулж, Монголдоо чанарын шаардлага хангасан UNIQ кофейг бүтээжээ.

Хэдийгээр тэр эмч мэргэжлээрээ олон жил ажиллаагүй ч эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих, эмч, сувилагч нарыг хөгжүүлэх,  чадавхижуулах, үнэлэмжийг нь дээшлүүлэх чиглэлд анхаарч ажиллаж ирсэн гэж хэлж болно. Энэ ч үүднээс БНСУ-ын Дун дүүрэгтэй эмч, сувилагч нарыг чадавхижуулах чиглэлээр хамтран ажиллахаар болсон байдаг.

Мөн түүний Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажилласан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрдэмтэн судлаачид, иргэдтэйгээ хамтран хийсэн том ажлын нэг нь “Баянзүрх дүүргийн хөгжлийн зураглал 2030” бодлогын баримт бичгийг боловсруулсан нь тулгамдсан ажлуудаа нэн тэргүүнд хийх эрэмбийг гаргаж, чухал ажил болсон байдаг.

Одоо А.Баяр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн гуравдугаар тойрогт Баянзүрх дүүргээс нэр дэвшин өрсөлдөж буй.  Түүнд туршлага ч бий, мэдлэг ч бий.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна