Өдгөө Өмнөговь аймгийн Ханбогд сумын дөрвөн зүг, найман зовхист бүтээн байгуулалт өрнөж байна. Тухайлбал, Дулааны цахилгаан станц, спорт цогцолбор, ахмадын өргөө, 2000 айлын орон сууц, засмал зам гэх мэт ажлууд зэрэг явагдаж байна лээ. Энэ бүхэнд эхнээс нь оролцож, эрсдэлээ өөртөө үүрэх үедээ үүрч нутгийнхаа хөгжилд бие, сэтгэлээрээ хувь нэмрээ оруулж яваа эрхэм бол Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Уужим-Од” компанийн захирал Б.Эрдэнэ-Очир юм. Тэрээр аймгийн ИТХ-д гурвантаа улиран сонгогдсон нь өнгөрсөн хугацаанд түүний хийсэн ажил Ханбогдчуудын нүдэнд ил байсантай холбоотой болов уу. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Ханбогдын бүтээн байгуулалтын галт тэрэг нэгэнт хөдөлжээ. Энэ бүхэн харагдаж байгаа шигээ гэнэт өрнөөгүй байж таарна. Ямар замыг туулснаас яриагаа эхэлье.
-Ханбогд сум өөрөө домог түүхийн өлгий нутаг. Галба нутагт төрж, энэ хөдөлмөрч ард түмний үргэлжлэл болж яваагаараа бахархдаг. Манай сум байгалийн баялаг, газарзүйн байршлын давуу тал, аялал жуулчлал, мал аж ахуй, бизнесийн салбар гээд бүхий л чиглэлд хөгжүүлэх боломж ихтэй. Жишээ нь галбын улаан тэмээний үүлдэр угсаа бол зөвхөн манай нутагт л байна. Тэмээнийхээ тоогоор социализмын үед ч 1-р байрт байсан, одоо ч тэргүүллээ хадгалж байна. Социализмын үед 25 мянга хүрч байсан тэмээн сүргийн тоо толгой тодорхой цаг үед буурч байсан ч эргээд асар хурдацтай өссөн. Тиймээс бид бүхэн 3 түмэн тэмээнийхээ баярыг өнгөрсөн хугацаанд хийсэн. Одоогоор 3.5 түм рүү дөхөж байна.
Хүн ам, хөрөнгө төсөв нь нэмэгдэж байна. Уул уурхай, Гашуунсухайт боомт нь байна гэх мэт бүх боломж нь байхад бид илүү сайхан амьдрах ёстой шүү гэдэг бодол байнга л хөвөрдөг байсан. Би эхээс наймуул, айлын том. Эцэг маань өнгөрөөд, дүү нараа өсгөх үүрэг ээж бид хоёрын нуруун дээр ирсэн. Тэр хариуцлагынхаа төлөө багаасаа зүтгэсэн. Зүтгэж байгаа хүнд л шагнал ирдэг юм байна гэж би хардаг. Оюутолгой хэмээх дэлхийд Монголын нэрийн хуудас болсон уурхай энд ажиллаж байхад үүний өгөөж, энэ нутаг оронд байх ёстой, үр шимийг Ханбогдчууд хүртэх ёстой гэдгийг ярьсаар ирсэн.
2012 онд би анх аймгийн ИТХ-ын төлөөлөгч болоод Оюутолгой компани Ханбогд суманд юу хийж байна вэ гээд үзэхэд дорвитой юм байгаагүй. Тиймээс Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгчидтэйгөө ярилцаад, энэ том уул уурхайн компани орон нутагтайгаа харилцаагүй байж яавч болохгүй, Ханбогдчууд ая тухтай амьдрахад хамтарч ажиллах хэрэгтэй гэдэг байдлаар хандаж, санал бодлоо хүргүүлснээр хамтын ажиллагаа шинэ шатанд гарч эхэлсэн.
Бизнесийн хүний хувьд орон нутгийн олон ААН-ийг оролцуулахыг хүссэн. Тиймээс энэ талаар нэлээд ярьсны эцэст том боломж гарч ирсэн. Тухайн үед манай ААН туршлага, санхүү, менежмент дутагдалтай байсан нь үнэн. Гэхдээ хийж байж туршлага сууна гэдэг үүднээс мэргэжлийн сургагч, багш нарын сургалт аваад эхлүүлж байсныг бодоход одоо Ханбогдын 100 гаруй компани тогтвортой үйл ажиллагаа явуулдаг болсон байна. Үүнийгээ дагаад орон нутгийн төсөвт үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт, эдийн засгийн урсгал орж ирсэн байна. Энэ нь өөрөө Ханбогдын хөгжилд асар том хувь нэмэр болсон.
-Таны санаачилсан орон сууцны хотхонтой танилцаж явахдаа эрсдэлээ өөрөө үүрээд эхлүүлэх зориг хаанаас бий болов гэж асуумаар санагдаж байлаа.
-Ханбогдыг хот болгох ажлыг эхлүүлэхэд анх гадна, дотнын хөрөнгө оруулалт татах ёстой гэдэг бодлоор гаднын олон хөрөнгө оруулагчийг урьж авчирч, уулзалт хийсэн. Тухайн үед төр засгийн бодлого ч бүрхэг, ороо бусгаа байсан болохоор хөрөнгө оруулагч нарт итгэл бага байсан байх. Дотоодын компанийнхныг авчраад ч амжилт олоогүй. Үүний цаана юу харагдсан бэ гэхээр энэ нутагт өсөж төрсөн бид л хийхгүй бол өөр хэн ч хийхгүй юм байна гэдгийг ойлгосон. Тэр утгаараа орон сууцжуулах ажлыг өөрөө эхлэх ёстой юм байна гээд найзынхаа компанитай хамтран анхны барилгуудыг барьж эхэлсэн. Тухайн үедээ маш их эрсдэлтэй тулгарч байсан. Энэ цаашаа ямар зам туулж, хаана очихыг мэдэхгүй үе байсан ч энэ бүхнийг давж гарсан. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсантай холбоотойгоор одоо ажлууд үе шаттайгаар хийгдээд явж байна. Мөн орон нутаг бие даан хөгжих боломж нь тодорхой төвшинд шийдэгдсэн нь ч эрхзүйн хувьд чухал зүйл байсан. Сүүлийн үед Засгийн газраас явуулж буй хилийн боомтыг хөгжүүлэх бодлогоос эхлээд салбар бүрт хэрэгжиж байгаа шинэ сэргэлтийн бодлогууд Ханбогдтой холбоотой. Тиймээс төр засгийн бодлогыг орон нутгийн бодлоготой уяж явах нь хөгжлийг хурдасгах, цаг хугацаа хожих гол үндэс. Ингэж нэг шугамдаа орж явахгүй бол хөгжлийн хамгийн том саад болно.
- Төр, орон нутгийн бодлого уялдах гэдэгтэй холбоотой нам хоорондын улстөржилт бас багагүй саад болдог болов уу?
-Улстөржилт бол байсаар ирсэн. Ер нь хийж бүтээж байгаа газарт шүүмжлэл, хардлага сэрдлэг тасардаггүй. Явуургүй улс төр гэдэг ажлыг хойш нь татна уу гэхээс урагш нь ахиулж байсан түүхгүй. Надад том мөрөөдөл бий. Том мөрөөдөлтэй хүн жижиг сааданд бүдрэх ёсгүй. Тиймээс би ярьж биш хийж харуулах ёстой гэдэг зарчмыг баримталж явсаар өнөөг хүрсэн. Түүнийхээ үр шимийг ч үзэж байна. Сумын ерөнхий төлөвлөгөөг төр засаг дэмжин, эцсийн байдлаар баталж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимаараа ирж хүлээлгэн өгсөн явдал бол Ханбогд сумын өнгөрсөн 100 жилд болсон олон том ололтын нэг гэж би харж байгаа. Ингэж биднийг дараагийн зуунд үсрэнгүй хөгжих тэр боломжийг төр засаг бодлогоороо бидэнд шийдэж өгсөн. Одоо энэ хүрээнд орон нутаг, аймаг, УИХ-ын бодлого нэг төвшинд орж чадвал ажил илүү хурдан явна. Тиймээс шууд утгаараа УИХ-д МАН олонх болсон байгаа энэ үед орон нутагтаа ч нэг намаараа явбал асуудал хурдан шийдэгдэнэ гэсэн үг.
-Аймгийн ИТХ-д та 3 удаа сонгогдсон. Таны зорилго тойруу биш тодорхой, тэр нь нүдэн дээр ил байсан болохоор улс төрийн карьер тогтвортой явжээ. Таны улс төр дэх дараагийн алсын хараа юу вэ?
-Ханбогдчууд надад өндөр итгэл хүлээлгэж, 2012 оноос хойш аймгийн ИТХ-д 3 удаа сонгосон юм. Энэ итгэл өөрөө хамгийн үнэтэй, хийх урам зоригийн гол хүч болдог. Хийж хэрэгжүүлэх аливаа ажил тодорхой байх хэрэгтэй л дээ. Бид өнгөрсөн хугацаанд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөн дээр асар их ач холбогдол өгч ажилласан. Энэ тухай би олон ч жил ярьсан. Олон түмэнд үр өгөөж өгч, сайхан амьдрах боломжийг л бүрдүүлэх ёстой гэдэг бол миний туйлын зорилго байсан. Дэлхийн хаана ч хотын хөгжил ярьж байгаа бүс нутагт инженерийн шугам сүлжээг эхэлж ярих ёстой юм билээ. Тиймээс өнгөрсөн хугацаанд дэд бүтцийн ажлыг маш сайн хийж чадсан. Үүнийгээ орон нутгийн, Оюутолгойн, зарим ААН-ийн гээд олон эх сурвалжийн хөрөнгө оруулалтаар хийсэн. Ингэж бид бүхэн 35 мянган хүнд хүрэлцээ бүхий инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжаа хийсэн. Газар доорх бүтээн байгуулалт бэлэн болсон учраас зам, барилга байгууламж гээд газар дээрх бүтээн байгуулалт эхлээд явж байна. Энэ бол асар том, цаг хугацаа шаардсан ажил. Үүнийг хийх гол хүч нь хүн. Хот болохын тулд бид яаж олуулаа болох вэ гэдэг асуудал олон жил яригдсан. Үүнийг механикаар хийх юм бол эргээд сөрөг нөлөөтэй. Тиймээс энд суурьшин амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх нь чухал. Оюутолгой компанид Монгол Улсын өнцөг булан бүрээс ирж амьдарч байгаа олон мянган залуус байна. Хуарангийн маягаар амьдруулах нь хөгжил биш. Үүнээс болж гэр бүл салалт, үр хүүхэд өнчрөх зэрэг асуудал дагуулдаг. Хүн хэзээ аз жаргалтай байдаг вэ гэхээр гэр бүлтэйгээ байхдаа л аз жаргалтай байдаг. Тиймээс манай компани 2000 айлын орон сууцны төлөвлөлт гаргаад, 700 орчим нь ашиглалтад ороод явж байна. Хот хөдөөгийн шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд орон сууцжуулах ажлыг хэрхэн хийх талаар хамтарсан Засгийн газрын бодлогод ч тусгагдсан нь өнөөдрийн Ханбогдын хөгжлийг илүү түргэтгэх боломж гэж харж байна. Энэ бүх ажлыг хийхэд төр засаг, нам улс төрийн хамт олон, нутгийн ард иргэд гээд бүгдийн нэг сэтгэлээр зүтгэсэн, хамтын ажиллагааны үр дүнг онцлон хэлмээр байна.
- Орон сууцанд Оюутолгойн ажилчид гэлтгүй бусад салбарт ажиллаж байгаа шилжин ирэгсдэд байр худалдан авах, түрээслэх нөхцөл нь хэр уян хатан байж чадаж байгаа вэ?
- Анх орон сууц барьж эхлэхэд хүмүүс авах сонирхол бага байсан. Би борлуулах гэж маш их цаг хугацаа, саадыг туулсан. Харин одоо худалдаж авсан хүмүүсийн сэтгэлд нийцээд ирэхээр эрэлт нэлээд нэмэгдэх хандлагатай байна л даа. Зах зээлийн дүрэм бол эрэлт нийлүүлэлтийн л харьцаа шүү дээ. Бид төлөвлөсөн төвшиндөө орон сууцаа барихаас гадна бусад ААН-үүд ч энд орон сууц барих эрэлт нэмэгдэж байна гэсэн үг. Нөгөө талаараа банктай холбоотой бодлогын хувьд зохицуулах шаардлагатай зүйлс бий. Ипотекийн зээл орон нутагт хангалттай хэрэгжүүлж чадахгүй эсвэл хүү өндөр гэх мэт асуудлыг бид зохицуулахыг зорьж байгаа. Иргэдийн төлөөллийн хүний хувьд би төрийн албан хаагчид руу чиглэсэн ажлыг хэрэгжүүлж, сумын ИТХ бодлогоороо дэмжиж байгаа. Эхний ээлжид 60 төрийн албан хаагчийн байрны асуудлыг шийдээд явж байна. Бусад суманд ийм зүйл байхгүй. Үүнийг төрөөс тендер зарлаад хийлээ гэхэд чанаргүй, хүндээ хүртээмж багатай, сөрөг зүйлс их харагддаг. Харин манайх бол өөрсдөө барьж байгаа учраас чанартай. Тийм ч учраас 60-аас гадна цаана нь олон төрийн албан хаагчийн хүлээлт байсаар байна. Энэ бүгдийг шийдвэрлэхийг зорино. Боломж нь ч байна.
-Цалин хангамжтай холбоотойгоор Оюутолгойд ажиллах сонирхолтой хүмүүс их. Энэ нь төрийн албанд ажиллах хүмүүсийн тогтвортой байдалд нөлөөлж байх шиг?
-Уугуул суугуул иргэдийн аль ч ялгаагүй Оюутолгойд ажиллах хүсэл их. Тэр нь нэгт цалин мөнгөний асуудалтай холбоотойгоос гадна дэлхийн том соёл энд явж байна. Энэ соёлд суралцах нь тухайн хүнд төдийгүй гэр бүл, хамт олон, нутаг оронд том соёлыг бий болгож байна. Энэ соёлд хамтаараа суралцана гэдэг бол мөнгөнөөс илүү үнэ цэн гэж би хардаг. Тиймээс нэг талаараа өндөр цалин орлоготой ажил руу хошуурах нь зөв. Нөгөө талаараа төрийн алба, бусад салбарт хүний нөөц доголдох асуудал байдаг. Тэгэхээр энэ бүгдийг орон нутгийн болон Оюутолгойн хамтын ажиллагааны хүрээнд зохицуулах л асуудал гэж хардаг. Төрийн алба нэг үеэ бодоход цалин багатай, цаг зав гарахгүй гээд асуудал байсан ч одоо өөр болж байна.
Олны итгэл надад алдах эрхгүй хариуцлага өгдөг. Тиймээс би алдах эрхгүй хүн
-Олон салбарт ороод ажиллахад амжилттай явах гол үндэс нь юу байдаг вэ?
-Хүн хаана ажиллах нь хамаагүй, ерөөсөө л хүн хоорондын ойлголцлын асуудал. Үүнд яаж хандахаас л шалтгаална. Харьцаанаас харилцаа гэдэгчлэн нэг хүнтэй таагүй харилцсан харилцаанаас ямар хор уршиг үүсэх вэ. Нэг хүнтэй сайхан мэндэлснээс дараа дараагийн ямар сайхан хамтын ажиллагаа бий болох вэ. Хувь хүн хоорондын сайхан харилцаанаас үндэслээд, орон нутаг, улс, тив гүрний дунд сайн харилцаа үүссэн сайхан түүх бий. Би хувьдаа хүнтэй маргаад, эв эе эвдрэлцээд байхыг боддоггүй. Аль болохоор эвтэй, эетэй, хэлсэн ярьсандаа байхыг боддог. Би өөрөө багш өвөөгийнхөө өгсөн хүмүүжлээр энэ зэрэгтэй явж байгаа гэж байнга бодож явдаг. Үргэлж өвөөгөө хайрлаж, багш хүний нандин чанар ямар агуу юм бэ гэдэгт биширч явдаг. Тэр хүмүүжлээр хэлсэн ярьсандаа байх, зорьсондоо хүрэх тууштай байдалд маань олон нийт намайг итгэж дэмждэг болов уу гэж боддог.
-Олон хүн ажиллуулах гол хөдөлгөгч хүч нь юу байдаг гэж та боддог вэ?
-Хүн ажиллуулна гэдэг хэцүү. Тэр дундаа өнөө цагт ажил хийх хүн олдохгүй, цалин голох, хэлсэндээ хүрэхгүй, шантрах зүйл хаа сайгүй ажиглагдах болж. Энэ байдал өнөөгийн залууст нийтлэгээрээ байна. Хүнийг ажиллуулах нь нэг талаараа асуудал боловч нөгөө талаараа тэдний сэтгэлзүйг ойлгоно гэдэг бол том ухаан юм. Ойлголцол байхгүй бол хамтын ажиллагаа байхгүй.
-Улс төр танд юу сургасан бэ?
-Сонирхолтой асуулт байна. Улс төр надад маш олон зүйл сургасан. Улстөрч гэдэг өөрөө их сонирхолтой ажил. Хийж бүтээнэ гэсэн маш том хүсэл эрмэлзэл, том амбийц байж цаашаа явдаг шиг байгаа юм. Нөгөө талаараа энэ нь өөрөө иргэд, орон нутгийн хөгжлийн төлөө явах хүчийг өгдөг. Хүүхдийн хөгжилд тухайн орон нутгийн төлөөллийн хувьд оролцохыг их боддог. Хүүхдийг дэмжих нь Монгол улсын ирээдүйд хөрөнгө оруулж байна гэсэн үг. Мөн залуусын сурч мэдье гэсэн хүсэлд дэмжлэг болъё, бизнес эрхэлж байгаа хүнийг түшиж тулалцья гэдэг зарчимтай. Ер нь нэгэндээ дэмтэй явна гэдэг бол хүний амьдралын үнэт зүйл юм. Ганцаараа сайн байж болно, хамт олонгүй бол тэр хэн ч биш. Олонтойгоо явна гэдэг бол их том философи юм байна гэж байнга бодож явдаг. Олны хүч оломгүй далай гэдэг дээ. Мэдээж хүн бол гурван цагийн хэлхээст амьдардаг. Ахмадаа хүндэлж хайрлахгүйгээр хүн хаа явах вэ. Тиймээс ахмадын байгууллагуудтайгаа их ойр ажиллахыг боддог. Орон нутгийн улстөрчийн хувьд хийх ёстой, бодох ёстой олон зүйл байдаг. Энэ бүгдийг эрч хүчтэй насан дээрээ амжуулж хийхийг тэмүүлж явдаг. Тэгснээр нутаг орон, энд ажиллаж амьдарч байгаа олон хүн үр өгөөжийг нь хүртээсэй гэж боддог. Тэр утгаараа би алдах эрх байхгүй.
-Амьдралын тохиол бүр ямар нэг хэмжээгээр ухаарал өгдөг. Тэр дундаас хамгийн хүчтэй нөлөөлсөн зүйл нь юу вэ?
-Алдаа оноо бүр хүнд ухаарал, тэсвэр тэвчээр бүх зүйлийг өгч байдаг. Алдаа өөрөө их үнэтэй, оноо бүр илүү үнэ цэнтэй. Аль алинаас нь суралцаад явж байна. Алдаан дээрээ суралцах нь л чухал. Залуу насанд алдаж онох зүйл мэдээж бий. Одоо би 50 хүрч байна. Энэ насанд үг үзэл бодлоосоо зөрөх, хэлсэн ярьснаасаа буцах зэрэг алдаа хэрхэвч байж болохгүй гэж боддог.
-Та ер нь уурладаг уу?
-Уургүй хүн гэж юу байхав. Уургүй бол тэнэг болчихно шүү дээ. Аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж бий. Өөрийн тэсвэр тэвчээрийн төвшнөөс гарвал хэн ч байсан уурлаж бухимдах байтугай юм болж болно. Гэхдээ аливаа зүйл дээр тэвчээртэй байхыг л хичээдэг.
-Хүний зорилго томынхоо хэрээр давах даваа, сурах туршлага нь том байх болов уу. Өнөөдрийн өнцгөөс та хэлбэл хүнд хамгийн чухал чанар юу гэж боддог вэ?
-Хүний үгийг сонсоно гэдэг их ухаан байдаг болов уу. Хоёрт хүн өөрийнхөө зам мөрийг тодорхойлоод, зорилго руугаа итгэл үнэмшилтэй явна гэдэг бол хувь хүний тууштай байх чанар юм шиг байгаа юм. Монголчууд ярьдаг шүү дээ. Холын бодолгүй хүнээс ойрын зовлон салдаггүй гэж. Тэгэхээр хүн бүр холыг бодох, алсыг харах гэдэг бол хувь хүний боловсрол мэдлэг, туршлага гэхээс илүү суурь хүмүүжилтэй холбоотой гэж хэлнэ. Суурь хүмүүжил гэж агуу зүйл байдаг юм байна гэж боддог.
-Та шантраад больж байсан тохиолдол хэр байдаг вэ?
-Шантрах зүйл амьдралд зөндөө тохиолдоно. Шантарч байна гэдэг бол сэтгэлийн хат, итгэл багасахаараа л болдог зүйл шиг байгаа юм. Миний хувьд шантарснаар үүнээс дор нөхцөл байдалд орно гэж өөртөө боддог. Тийм учраас аль болохоор шантрахгүйг хичээдэг. Зорилгодоо хүрэх үзэл бодол хатуу байх нь өөрөө шантралтай бага нүүр тулдаг юм болов уу гэж боддог.
-Та итгэл алдсан хүнийг хэр удаан өнгөрөөдөг вэ?
-Итгэл алдвал бүх юмаа алдана гэж үг бий. Миний итгэлийг алдаж байсан хүн ч зөндөө бий, би ч хүний итгэлийг алдаж явсан тохиолдол байдаг л байх. Гэхдээ эргээд ойлголцоно гэдэг бол хамгийн чухал. Юунаас болоод итгэлийг нь алдав гэдэг дээр уулзаж, нүүр тулж ойлголцох нь өөрөө урьдын итгэлийг улам илүү лавшруулдаг болов уу. Тиймээс эргээд ойлголцох л чухал. Энэ нь эргээд нэг нэгэндээ улам их итгэх зам болдог. Тиймээс аливаа харилцаанд ойлголцох л хамгийн чухал санагддаг.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Галбын сайхан нутагт тань их хот сүндэрлэхийг ерөөе.
-Тэр ерөөл удахгүй биелэх болно оо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна