Популистуудыг таних арга

Zuv.mn
16 цаг 17 минутын өмнө

Популизм, популист. Улс төрд эдгээр үгс хамгийн муу хараалд тооцогддог. Хэн нэг   улстөрчийг популист гэж хочлох нь доромжилж буй хамгийн дээд хэлбэр.Жирийн иргэд сонгогчид энэ үгийн учрыг сайн мэдэхгүй ч хараал гэдгийг нь бол мэдээд байдаг. Тийм болохоор улстөрчид нь ч санаанд нь нийцэхгүй л бол хэнийг ч ингэж нэрлэхээсээ сийхгүй. Барууны орнуудад бол популизмыг ардчиллын гол дайсан гэж шууд нэрлэнэ. Тэгсэн хэрнээ л хамгийн ардчилсан гэгдэх улсуудад популистууд хүчээ авч, зарим нэгэнд нь Засгийн эрхэнд гарч байна. Эцэстээ популизм нь ганц нэг улсад хүчээ авах бус, глобал шинж чанартай үзэгдэл болж, ардчиллын ололт, бүтээсэн тогтолцоог устгах хэмжээнд хүрэх нь гэсэн түгшүүр төрүүлэх болжээ.

Өмнө нь цөөн оронд туршигдаад тар нь танигдчихсан байтал ингэж хүчээ авсны шалтгааныг эрдэмтэд олон янзаар тайлбарлаж байгаа ч гол ноён нурууг нь “Баялгийн тэгш бус хуваарилалт хэтэрсэн”, “Ардчиллын нөөц бололцоо шавхагдсан” гэдэг дээр буулгаж буй. Эцэст нь олон нийт, элит хэсгийн эрх ашгийг тэнцүүлэх нийгэм-улс төрийн шинэ тогтолцоог бодож олох ёстой гэдэг дээр санал нэгдэж байгаа юм.  

                                                                             Популизм гэх ойлголтын тухай

Популизмд яг таг таарах тодорхойлолтыг эрдэмтэд одоо болтол өгч чадаагүй. Нэг хэсэг нь “Нийгмийн болон  улс төрийн элит хэсгийнхний өөдөөс нийт ард иргэдийн эрх ашгийг тэнцүүлэн тавьж, тэмцдэг тэмцлийн аргыг популизм гэнэ” гэжээ. Нөгөө хэсэг нь “Олон нийтийн эрх ашгийг хамгаалж, тулгамдсан асуудлуудыг нь хурдан бөгөөд хялбараар шийдэх амлалт өгөх бодлого” гэсэн байна. Энд “Онол”, “Шийдэл“ гэсэн үг байхгүй, “Тэмцлийн арга”, “Амлалт өгөх бодлого” гэсэн байгааг анхаарна уу. Үнэхээр ч популистууд амалдаг, зарим тохиолдолд засгийн эрх аваад амалснаа хийдэг ч асуудлыг цогцоор нь шийдэх, шийдлээ урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх тал дээр “0” заадаг учир тэдний тогтоосон дэглэм нуран унадаг. Унахдаа зүгээр ч уначихгүй, эдийн засаг, улстөрийн хямрал дагуулж өмнөхөөсөө долоон дор байдалд оруулдаг жамтай. 

                                                                          Популистуудын эрин үед тавтай морил

Зүүний үзэл баримтлалтай намуудын дуу хоолой өндөрсөж, олон нийтийн дэмжлэгийг хүлээн, улс төрд үзүүлэх жин нөлөө нь нэмэгдэх үйл явц 2000-аад оны дундаас глобаль шинжтэй болж эхэлсэн. Өдгөө улс орондоо Засгийн эрх аваад байгаа улстөрийн намуудын дийлэнх нь энэ үед байгуулагдаж, асар богино хугацаанд буюу сонгуулийн 1-2 мөчлөгт байр сууриа бэхжүүлсэн байдаг. Жишээ нь Бутанд Засгийн эрхийг барьж буй Ардын ардчилсан нам гол зорилгоо “Нийт ард иргэдээ аз жаргалтай болгох” хэмээн тун бүрхэгээр тодорхойлсныхоо ачаар 2013 онд Парламентыг 47 суудлын 32-ыг нь авсан. Италид “Таван од” нам 2009 онд байгуулагдаж, сонгуулийн нэг мөчлөгийн дараа Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон. Зүүний үзэлтэй иргэний хөдөлгөөнийхөн “Уолл стритийг эзэл” хөдөлгөөний хувилбар “Индигнадос”-ын идэвхитнүүд нийлж 2014 онд байгуулсан “Подемос” /Бид чадна/ нам өдгөө Испанийн парламентад дөрөвт орох хэмжээний суудлыг аваад буй. Хэт үндсэрхэг үзэлт Марин Ле Пенн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан л болохоос яг одоо Францын хамгийн алдартай улстөрч болоод буй.

Бразилд Жаир Болсонару гэгч популист улстөрч төрийн тэргүүнээр ажиллаж байна. 

Эд бүгд байгаль орчны доройтол, баялгийн тэгш бус хуваарилалт, Евро интеграцитай холбоотой хүндрэлүүд дээр дөрөөлсөн популист амлалт өгч гарч ирсэн. Дээрх асуудалтай хүндрэлүүд ихсэх тусам Засгийн эрх авах магадлал нэмэгдэнэ.    

Зүүн Европын улсуудад ч популистууд хүчирхэгжсээр. Еврогоор цалинжина гэдгээс өөр юм бодолгүй Европын холбоонд гүйгээд орчихсон тэдгээр улсын иргэд Евро интеграцид орж, аж үйлдвэрүүд нь стандарт хангаж чадалгүй үүдээ бариад эхэлсний дараа занганд орсон мэтээр өөрсдийгөө төсөөлж, аврагч хайж эхэлсэн. Энэ орон зайн дээр нь популистууд тоглож буй.

                                                          Популизм сэргэн мандсаны шалтгаан

Дэлхийн олон улсад “Баялгийн тэгш бус хуваарилалтаас болж баян, ядуугийн ялгаа туйлдаа хүрсэн”, “Дэлхийн эдийн засгийн өрсөлдөөнд ялагдаж, ажилгүйдэл, ядуурал газар авсан” нийтлэг шинж байна. “Сүүлийн 20 жилийн дотор тэрбумтнуудын тоо тав дахин нэмэгдсэн”, “Дэлхийн хамгийн баян найман хүний хөрөнгө хамгийн ядуу 3.5 тэрбум хүний хөрөнгөтэй тэнцэж байна”, “Дэлхийн хүн амын нэг хувь нь нийт баялгийн 40 хувьд эзэн суудаг” /Форбес/ зэрэг баримтаас үүнийг харж болно.

Ажлын байраа дүрвэгчдэд алдсан, эсвэл үндэстэн дамнасан корпорацийн эзэн үйлдвэрээ ажиллах хүч хямдтай улс руу нүүлгэсэн зэрэг шалтгаанаас болж тухайн үндэстэнд гаднын нөлөөнөөс өөрийгөө хамгаалах зөн бий болж, энэ нь популистуудыг дэмжих шалтгаан болж байна. Дэлхийн хамгийн баян улс гэх АНУ-д 2001 онд нийт иргэдийн 30 хувь нь өөрсдийгөө хангалттай орлогогүй эмзэг бүлгийнх гэж тооцдог байсан бол 2015 онд тал нь ийм бодолтой болсон байж. Д.Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялах үндсэн шалтгаан энэ байх жишээтэй. 

Нийгмийг цөөнх элитүүд чирч явдаг нь жам. Гэтэл ардчилсан нийгмийн байгуулалтай, Парламентын засаглалтай улсад төрийн эрх мэдэл ард түмний гарт байдаг тул цөөнхүүд хүчгүйднэ. Эрдэмтний санал гуйлгачны саналтай дүйнэ. Яг энэ шалтгааны улмаас популистууд хүчээ авч байгаа. 100 сонгогчийн 51 нь гуйлгачин, 49 нь баян, сэхээтэн байгаа нөхцөлд гуйлгачдын эрх ашгийг хамгаалсан улс төрч л хожих нь тодорхой. Популист амлалтууд бусад намуудыг гарцаагүй байдалд оруулж, амлалтын эргүүлэгт оруулсан байдал олон улсад ажиглагдаж байна. Товчоор хэлбэл, популистууд хүчээ авч байгаа нь ардчиллын нэг сул тал юм.  

                                                             Популистуудад яагаад итгэж болохгүй вэ

Популистуудын ярьж байгааг буруу гэж хэлж болохгүй. Тэд ямагт шийдэх ёстой, тулгамдсаны асуудлыг ярьж явдаг. Гэвч биелэхэд маш хэцүү, эдийн засгийн боломж бололцооноос давсан амлалт өгдөг тул хэлснээ хийсэн түүх тун ховор. Жишээ нь, Грекийн “Сириза” нам байна. Зүүний популист намын тод жишээ гэгдэж байсан энэ нам 2015 онд Засгийн эрх авсан ч юу ч хийгээгүй. Европын холбооноос гараагүй, тэгсэн мөртөө холбооноос шаардсаар байтал эдийн засгийн чанд бодлого бариагүй. Зүүн Европын Унгар, Польш зэрэг улсад иргэдийн хүсэл дээр тоглон “Европын холбоонд элсэнэ” гэж амлаад сонгогдчихсон нөхдүүд амлалтаа биелүүлсэн ч одоо холбооны тулгалтаар ард түмнээ айлгасан шиг, чөлөөт хэвлэлийг хааж боож, шүүх эрх мэдэлд нөлөөлсөн шигээ сууна.

Маш ховор тохиолдолд популистууд ардчиллыг бүрмөсөн устгаж, дарангуйллын дэглэм тогтоохыг эрмэлздэг. Энэ нь ихэвчлэн нэг хүчирхэг удирдагид тулгуурласан нам төрийн эрх авсан үед тохиолдоно.

Беларусьт А.Лукашенко 1994 онд, Уго Чавес 1999 онд Венесуэльд ийм алхам хийсэн байдаг.

Боломжгүй зүйл амлаад дараа нь дахин сонгогдохын тулд өмнөх амлалтаа давсан илүү боломжгүй зүйлс амлах нь популистуудын ганц чаддаг ажил. Зимбабвегийн төрийн жолоог атгасныхаа дараа гадныханд найрсаг ханддаг байсан Р.Мугабе поп амлалтаа сонгуулиас сонгуульд ахиулсаар эцэстээ газар, байр орон сууц үнэгүй өгөх дээрээ тулсан. Биелүүлдэг дээрээ тулахад хууль гаргачихаад “Баячуудаас ав, өгөхгүй бол хүчээр ав” хэмээн турхирч нийгмээ хуваасан түүх бий.          

                                                        Орон орны популистууд нэгдэж байна

2019 оны зургадугаар сар. Европын парламентад “Ижилсэл ба ардчилал” /Identity and democracy/ фракц байгуулагдсанаа зарлаж, анхныхаа хэвлэлийн бага хурлыг хийв. Европарламентад суудал авсан, улс орондоо “популист”, Евроспектицизмийг талархагч /Европын холбоо, зөвлөлийг эсэргүүцэн шүүмжлэгч/, “Хэт үндсэрхэг” гэдэг шошготой намууд уг фракцыг байгуулжээ. Фракцын лидеүүд нь Францын “Үндэсний фронт” намын дарга Марин Ле Пенн, Италийн хэт барууны “Лига” намын дарга нар Маттео Сальвини нар бөгөөд, хамгийн хачирхалтай нь улсаа Европын холбооноос гаргах, Европын зөвлөлийг татан буулгах чиглэлд хүчин чармайлт гаргаж ажиллана гэдгээ зарласан явдал байлаа. 2000-аад оны дундаас хүчаа авсан популист улс төрийн хүчнүүдийн амлалт явсаар тогтсон механизмыг устгах хэмжээнд хүрсний дохио болсон юм.

Хамгийн гол нь, тэд амалсандаа хүрч Европын холбоо нурлаа гэхэд нийгмийн асуудлууд нь шийдэгдэхгүй. 

                               Популизм, популист улстөрчийг таних есөн шинж тэмдэг

-Популистууд нийгмийг үргэлж “Ард түмэн”, “Элит” гэсэн хоёр хэсэгт хуваадаг

-Ганц өөрийгөө л ард түмний төлөөлөгч гэж ойлгуулахыг эрмэлзэнэ.

-Орчин үеийн популистууд даяаршил, түүнтэй холбоотой айдас хүйдэс дээр дөрөөлсөн улс төр хийх нь их болсон

-Популизм коммунизмд ижил тал их бий.

-Биелүүлэхэд маш хэцүү амлалт өгдөг.

-Популистууд засгийн эрхэнд гарч ирэх нь эхэндээ таатай ч төгсгөлдөө эдийн засаг, улс төрийн хямрал дагуулдаг нь ёс.

-Дарангуйллын дэглэмтэй улсын хувьд популизм нь засгийн эрх авах цорын ганц зам ч байж мэднэ.

-Дарангуйллын дэглэмтэй улсад популистууд засгийн эрх авбал ардчиллыг бий болгоно. Үгүй ч байж магадгүй.

-Засгийн газрууд “Ажил хийснээс шүүмжлэлийг няцааж суух нь хавьгүй дээр” гэдэг байдлаар асуудалд ханддаг болсон нь популизм газар авах бас нэг хөрс болсон гэж судлаачид үздэг.     

                                                                     Популистуудыг таних арга

Популизмд яг таг таарах тодорхойлолт байдаггүйг дээр хэлсэн. Гэхдээ улс төрд биеэ авч яваа байдал болон сонгуулийн үед дэвшүүлж байгаа бодлого зорилт, амлалтаар нь популист улстөрч, популизмыг хэрэгжүүлэгч улс төрийн хүчнийг таних шинж тэмдгүүд бол хангалттай бий гэнэ.

Анхаарна уу: Хэрвээ хэн нэг улстөрч, эсвэл улс төрийн нам өрсөлдөгчөө “Популист” гэж цоллож байгаа бол өөрөө тийм байх өндөр магадлалтай гэнэ шүү. Мөрийн хөтөлбөрийг учир дутагдалтай, дутуу боловсруулсан, “Сонгогчдын саналыг авах гэж хэтэрхий улайрсан”, эс бөгөөс шууд “Популизм хийсэн” гэж буруутгаж байгаа бол тэднийг анхааралдаа аваарай. Ингэснээрээ тэд нэгдүгээрт, хэлэлцүүлгийн түгээмэл арга мерханизмыг шууд зөрчсөн, хоёрдугаарт, ингэж буруутгаж байгаагийн цаана сонгогчдыг тодорхойгүй зүйлээр айлгаж сүрдүүлэх санаархал явж байх өндөр магадлалтай. 

Улс төрчид популизм, популист гэж өрсөлдөгчөө буруушаах явдал орчин үеийн улс төрд олон гарах болжээ.

Жишээлбэл, Бразилийн Ерөнхийлөгч асан Жаир Болсонару өөрөө хаанаас нь ч харсан популист улстөрч боловч өрсөлдөгчөө ор үндэсгүйгээр “Популист” гэж цоллодог нэгэн. Сонгогчдын ингэж төөрөгдүүлээд Ерөнхийлөгч болсон төдийгүй тавьсан анхны илтгэлдээ нийт бразилчуудыг “Популизмтай битгий зууралд, популистуудад бүү итгэ” хэмээн зад загнаж, популизмыг социализм, коммунизм, зүүний хэт даврах үзэлтэй нэгэн зиндааны хор хор уршигтай зүйл гэсэн байх юм.

 

                                               Намуудын үзэл баримтлалын ялгаа үгүй болж байна

Популист улстөрчдийн дунд барууны ч, зүүний ч үзэлтэй нөхдүүд бий. Энэ байдал явсаар намуудын үзэл баримтлалыг ялгарлыг бүдэгрүүлж байгаа аж.

Зүүний популистууд: Орчин үеийн парламентаризм, харилцан ашигтай хамтын ажиллагааг үгүйсгэдэгээрээ жирийн социал демократуудаас ялгаатай. Энэ тал дээр тэднийг хуучны хувьсгалчидтай зүйрлүүлж болох ч нийгмийн тодорхой нэг анги давхаргын биш, бүх ард түмний эрх ашгийг элитүүдээс хамгаална гэж ярьдгаараа өөр юм.  

Барууны популистууд: уламжлалт барууны үзлээс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих шинжийг л авсан байдаг бөгөөд гадны цагаачидтай тэмцэнэ, гадны нөлөөнөөс улс үндэстнээ аварч хамгаална гэх зэргээр лоозогнодог байна.   

Ер нь барууны, зүүний улстөрийн хүчнүүдийн алинд ч популист шинж чанар байдгийг хэлэх нь зүйтэй.

Өөрийгөө барууны үзэл баримтлалтай гэж сурталчилдаг нам төсвийн мөнгийг эдийн засагт оруулна /Жишээ нь, ЖДҮДС/, эрүүл мэндийн үйлчилгээг бүх нийтэд үнэгүй болгоно, татвар бууруулна гэж амлаад эхэлбэл хэрэг бишдэг буйн шинж гэнэ. Эсрэгээрээ зүүний үзэлтэй нам гадны Засгийн газартай хэлэлцээр хийж иргэдээ гадагш нь ажиллах хүч болгож гаргана гэвэл мөн популизсмын шинж тэмдгийг агуулж байгаа ажээ.  

Анхаарна уу: Дээр үед зүүний, барууны үзэл баримтлалтай намуудыг дэвшүүлсэн уриалга, тавьсан зорилтыг нь хараад л мэдэж болдог байв. Одоо харин мөрийн хөтөлбөрийг нь уншаад ч ялгаж салгахад бэрх болжээ. Үүний нэг тод жишээ нь Германы Социал демократ нам, Харистийн ардчилсан намын олон жилийн өрсөлдөөн юм. Бусдаасаа хэт тасарсан улс төрийн хоёр намын өрсөлдөөн популизмыг дэвэргэх том шалтгаан болдог байна. “Эрүүл” өрсөлдөөний үед бол хоёр нам олон зүйл дээр санал нэгдэж, бодлогоо хамтран хэрэгжүүлэхэд хялбар болох ёстой баймаар. Харин популизмд автагдсан үед бол бие, биенээсээ эрс ялгаатай, биелүүлэхэд маш хэцүү амлалт өгч, сонгуулийг “Амлалтын өрсөлдөөн” болгодог байна.   

                                                      Ретро популистууд буюу өнгөрснийг санагалзагчид

Популистууд нийгмийг айдаст автуулж, тэр айдас нь бодитой ирсэн мэт төсөөллийг бий болгон тоглолт хийхдээ гарамгай. Тийм намуудыг дээрх чанараар нь адилтган “Нэг сэдвийн нам” гэнэ. Ийм намууд нь нийгэмд хамгийн тулгамдсан ганц, хоёр сэдвийг л /Дүрвэгсэд, Брексит, олигархиудтай хийх тэмцэл, шударга ёс гэх мэт/ барьж авдгаараа эрүүл төлөвшилтэй намуудаас ялгагдана. Тэд маш чухал асуудлыг ярьж, уриалдаг боловч хэрэгжүүлэх тал дээр тодорхой шийдэл байдаггүй. Ялангуяа орчин үеийн популистуудад “Социализмд хүрнэ” гэдэг ч юм уу, ирээдүйн талаар бат төсөөлөл байхгүй, тиймээс ч өнгөрсөн рүү хандах нь олонтаа. Жишээ нь Европын олон оронд Евро интерац, даяаршлын улмаас үүссэн хүндрэл бэрхшээлүүд хуримтлагдсан байдаг бөгөөд тэр зовлон дээр дөрөөлсөн популистууд 1970-аад оныг эргүүлэн авчрах талаар ил цагаан ярьж явдаг аж. Дайн дууссан, Евро интеграц, даяаршил хараахан газар аваагүй байсан учраас тэр гэнэ.

Баялгийн тэгш бус хуваарилалтын улмаас ядуурал ихэссэн, идэх уухаа яая гэж байгаа хүн олонтой Зүүн Европын улсуудад бол популистууд арай л коммунизм амлахгүй, гэхдээ санаа амар, мөр бүтэн, гэдэс цатгалан байдлыг амалдаг байх жишээтэй. Эрдэмтэд үүнийг ретро популизм хэмээн нэрлэжээ.      

Эцэст нь өгүүлэхэд, барууны эрдэмтэд популизмыг зөв зам биш гэдэг үзэлдээ бат зогсож, популистуудыг шүүмжилсэн хэвээр байгаа. Гэсэн ч нөлөө нь яалт ч үгүй нэмэгдэж, газар авч байгаа бодит байдлыг хүлээн зөвшөөрч байна. Энэ байдлаас гарах ганц зам нь орчин үеийн, олон нийтийн-улстөрийн тогтолцоог бий болгох явдал гэж үзэж байгаа юм.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.189
    12 цагийн өмнө

    Уран ашигладаг байж Харин жилд 750000 тн хүхрийн хүчил говийн хөрсрүү шахна гэдэг дэндүү ойлгомжгүй байна Гүний усруу орно Хордохгүй хаачих юм Батсүмбрэл гэж нэг нөхрийн амуу хэдэн грамм шахахад тэсэх үү Үүнийг сайн тайлбарлаа ч Хэлэх яахав яаж хоргүй болох бэ үнэмшилтэй тайлбаладаггүй

    Хариулах