Нийгмийг талцуулсан дуулиант хэргүүд буюу “Эмчийн тангарагт хариуцлагатай холбоотой үг нэмье"

Zuv.mn
7 цаг 14 минутын өмнө

Ой хоёр сартай бяцхан хүү гэр цэцэрлэг дээрээ амиа алдсан хэргийн Шүүхийн шинжилгээний дүгнэлт “Элэг бөөрний үрэвсэлтэй, зүрх судасны эмгэгтэй, үүний улмаас зүрх нь хаагдсан” гэж гарсан талаар ээж нь уйлан байж олон нийтэд хандлаа.

Шүүх эмнэлгийн дүгнэлтийг буруутгах гэсэнгүй. Гэхдээ өмнө нь хөндөж байсан, эмч нарыг хариуцлагажуулах зорилготой нэгэн санаагаа дахин бичихээр шийдэв.

Цагдаа хүч­ний байгууллагынхан тангараг өргөх­дөө “Өргөсөн тангаргаа зөрч­вөл төрийн хуулиар цээрлэл хү­лээнэ” гэж хэлдэг. Харин эм­чийн тангарагт хариуцлага, тө­рийн хуулийн цээрлэл энэ тэр гэсэн үг байдаггүй.

Эмч би Эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө  Эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа Тангараглая,  Тангараглая,  Тангараглая гээд л дуусдаг юм бай­на. Тийм ч учраас тангаргаа зөр­­чиж, хариуцлага алдсан эмч төрийн хуулийн биш, бай­гууллагын журмын цээрлэл хү­лээгээд өнгөрдөг бололтой. Одоо энэ байдлыг өөрчилж, өн­дөр хариуцлагатай ажил хийж бай­гаа гэдгийг нь тархинд нь бат шингээх үгсийг оруулж өгмөөр са­нагдана.

Эмч нарын сахилга харицуцлагатай холбоотой гомдлууд олон гардаг. Ажлын онцлог, ачаалал, ойр дотны хүнээ алдсан иргэдийн сэтгэл зүйн байдал зэргээс болоод энэ асуудал дээр эмчид төдийлөн буруутгал ирдэггүй нь бодит үнэн.

Ялангуяа Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс нийгмийг цочроосон олон хэрэг дээр олон нийтийг эргэлзээнд оруулж, гэмт хэрэг шийдвэрлэх явц, Шүүхийн шийдвэрт нөлөөлсөн олон тохиолдол гарч байсан. Нэгэн бүсгүйг хэрцгийгээр хөнөөсөн Ө.Хэрлэнчимэгийн хэрэг, 13 настай охиныг “Очир төв” зочид буудалд хүчирхийлж хөнөөсөн Б.Жавхлан, М.Амарболд нарын хэрэг, найз бүсгүй Ц-гээ зодож хөнөөсөн Г.Алтанхүү гэгчийн хэрэг гээд олон хэрэг дээр Шүүх шинжилгээний төв эргэлзээтэй дүгнэлт гаргаж, хохирогчдын нус нулимсыг урсгасан байдаг.

Тэр дундаас Г.Алтанхүүгийн хэрэг дээр шинжилгээг хоёр дахиж хийхдээ огт өөр дүгнэлт гарган олон нийтийг эргэлзээнд оруулж байлаа.

Тодруулбал, эхний дүгнэлт нь “Элэгний үрэвсэл, үх­жил, цөс­ний цоргоны үрэвс­лийн улмаас элэг, бөөр­ний дутагдалд орж амиа алд­сан. Тав, зургадугаар ха­­вир­ганы шууд бус хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, эрүү, баруун мөр, хоёр гарын бугалга, тохой, шуу, сар­вуу, хоёр гуя, шилбэнд цус хуралттай гэмтэл үүссэн нь тог­тоогдсон бөгөөд үхэлд нө­лөө­­­лөхгүй, гэмтлийн хүндэв­тэр зэ­рэгт хамаарна”. Шууд бус хугарал гэдэг нь ясны сийрэгжилтийн улмаас яс өөрөө аяндаа хугарахыг хэлдэг гэдгийг тухайн үед энэ хэргийн талаар бичихээр судлах үедээ эмч нараас мэдэж авч байв.

Энэ дүгнэлт эргэлзээ дагуулсан тул дахиж шинжилгээ хийхэд “Архины га­рал­­тай элэгний үхжил, цөс­ний су­ваг битүүрч, улмаар цоорч биеэр нь тархсан зэрэг хав­сар­сан нөхцөл байдал үхэлд хүр­гэ­сэн” гэсэн дүгнэлт гаргасан /прокурор Ц.Бат­бол­дын хэвлэлийнхэнд өгсөн мэ­­дээллээр/. Архины гаралтай элэгний үхжил гэдэг нь олон арван жил архи ууснаас болдог гэдгийг тухайн үедээ мөн л эмч нараас тодруулж, мэдэж авч байлаа.

Зочид буудалд хүчирхийлүүлж амиа алдсан 13-хан настай охинд шинжилгээ хийсэн эмч нар “Архины хордлогоор амиа алдсан, уушги руу нь архи орсон” гэж дүгнэж, энэ нь архийг ам руу нь цутгасан гэдгийг нотлоод байхад зөвхөн архины хорлогоор амиа алдсан гэдэг байдлаар хэрэг шийдэх оролдлогууд гарч, олон нийтийн хүчтэй эсэргүүцлийн ачаар л хүн амины хэрэг гэдэг зүйлчлэлээр шийдэгдэж байв.

Хуульч хүн хутганы үзүүрээр хүний амьдралыг шийддэг шиг эмч нар ч гаргасан шийдвэр, хийсэн үйлдлээрээ бусдын амь, амьдрал, хувь заяаг шийдэж байдаг. Тийм ч учраас хариуцлагын асуудлыг тангарагт нь оруулж, хуульд байгууллагын шийтгэлээс арай дээр хариуцлага ногдуулах хууль эрхзүйн орчинг бүрдүүлэх цаг болсон санагдана. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна