"Агуулга, хэлбэрийн аль нь чухал вэ” гэдэг асуултыг уншигч Танд тавихаар бэлтгэлээ. Магадгүй, ихэнх нь энэ асуултад “Агуулга” гэж хариулах байх. Гэхдээ яг амьдрал дээр та бүхэн агуулгыг голчилж чадаж байна уу.
Гаднаа эрүүл ч дотроо эрүүл бус хүмүүс
Техник технологийн хөгжил хүнийг хүн биш болгох тухай сөрөг таамаглал интернэтээр дүүрэн байдаг. Амьдралын шинэ хэвшил иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж, таван мэдрэхүйг аажмаар мөхөөх болсон тухай мэдээлэл ч түүнээс дутахгүй их бий. НҮБ-аас жил бүр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан өдрийг тэмдэглэж өнгөрүүлдэг.
Сүүлийн үед дээрх өдрүүдийг дүлий биш, сонсголын бэрхшээлтэй, хараагүй биш харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр гэх мэтчилэн төгс бус утгаар нэрлэн тэмдэглэх болсныг уншигч авхай анзаараагүй ч байж магадгүй.
Юу гэвэл, техник технологийн дэвшлээс үүдэлтэй амьдралын шинэ хэв маяг хүн төрөлхтний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, таван мэдрэхүйг хурдацтай мөхөөх болсноос энэ бүхэн үүдэлтэй. Хүн хөгшрөхийн хэрээр амтлах, үнэрлэх, харах, сонсох, мэдрэх мэдрэхүйгээ алддаг нь жам. Гэсэн ч эрдэмтэн судлаачид түгшүүртэй таамаглалууд дэвшүүлж анхааруулж байгаагийн учир нь, одоо эл алдагдал эрт эхэлж, маш хурдацтай явагдаж байгаад оршино.
Ялангуяа хараа, сонсгол алдалт асар хурдацтайгаар хүрээгээ тэлж, харахад эрүүл саруул мэт боловч харалган, сонсгол алдалттай хүмүүсийн тоо улам нэмэгдэж байна. Эндээс манай улсад хамаатай нь, эл сөрөг нөлөө иргэд нь дундаж болон дунджаас бага орлоготой улсуудад илүү ихээр ажиглагдаж байгаа юм.
Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 107 мянган иргэн байдаг гэсэн дүн 2019 онд гарч байжээ. Тэгвэл яг хөгжлийн бэрхшээлтэй гэсэн данс бүртгэлд ороогүй, гэхдээ хараа, сонсголоо жил бүр тодорхой хувиар алдаад явж байгаа гэдэг ангилалд бараг бүх хүнийг багтааж болж байна. Үүн дээр зүрх судасны өвчин, хорт хавдрын хувиар дэлхийд өнгөнд явдгийг нэмэх хэрэгтэй болно.
Монгол Улсад хорт хавдрын өвчлөл 100 мянган хүн тутамд 272.1 болж (2018 он) дэлхийд нэгдүгээрт бичигдсэнээс гадна элэгний хорт хавдрын өвчлөл болон нас баралт, ходоодны хорт хавдраар өвчлөөд амь насаа алдсан иргэдийн тоогоор тэргүүлжээ. Монголчуудын амьдарч байгаа одоогийн нөхцөл, хэнэггүй зангаас гадна нэгэнт өвдсөн тохиолдолд эмчлэх боломж бололцоо бага байгаа нь үүнд хамгийн ихээр нөлөөлж байна.
Цаасан дээр бүтэн, амьдрал дээр тал эрхтэй ард түмэн
Монгол Улс, монголчуудыг нийтэд нь нэг хүн гэж авч үзвэл сэтгэл зүй нь гэмтээд удаж байна. Ямар хүнийг сэтгэцийн хувьд эрүүл хүн гэх вэ гэдэг нэр томъёо бий.
Түүнд “Бие махбодийн хувьд эрүүл өвчин зовлонгүй, сэтгэл санааны хувьд амар амгалан, нийгэмд эзлэх байр суурьтай, дасан зохицох чадвартай хүнийг эрүүл гэнэ” гэж тодорхойлсон. Тэгвэл монголчуудын маань хэдэн хувь нь өнөөдөр энэ тодорхойлолтод тохирч байна вэ гээд судалбал маш харамсмаар тоо гарч ирэх магадлалтай.
Хүний сэтгэцийг эмгэг өөрчлөлтөд хүргэдэг олон шалтгаан байдаг. Гэр бүлийн маргаан, хардалт, гэр бүл салалт, архидалт, хүүхдийн буруу хүмүүжил гэх мэт. Монголчуудын тухайд энэ шалтгаанууд нэг хүн дээр хэтэрхий олноороо тулгарснаас болж сэтгэцийн өөрчлөлттэй болж байна.
Сэтгэцийн өөрчлөлт харилцааны ёс зүйг алдагдуулна, харилцааны ёс зүй алдагдсанаас нийгэмд уур бухимдал бий болно. Ёс зүйтэй, төлөвшилтэй нэгнийг нийтээрээ уруу татаж, уусгана. Энэ бүхний цаад шалтгаан нь гэвэл ерөөсөө л амьдралын чанар, орлого байдаг. Нэмээд хэлэхэд, энэ бүх бэрхшээл нь хүний заяагдмал эрх, заяагдмал хэрэгцээнээс хулгайлж, заяагдмал эрхээ эдэлж чадахгүйд (амиа хорлолт гэх мэт) хүргэж байна.
Монголчууд өнөөдөр нэг нэгэндээ санаа тавих (эдийн засгийн хувьд) хэлбэрээр хоорондоо харилцаж чадахгүй байна. Хайрлуулж чадахгүй байна. Гэтэл эдгээр нь хүнд байгалиас заяагдсан хэрэгцээ. Энэ хэрэгцээгээ хангаж чадахгүй байх нь сэтгэцийн өөрчлөлтөд хүргэдэг. Үндсэн хуульд “Монгол хүн 18 эрхийг баталгаатай эдэлнэ” гэж жагсаасан байдаг ч амьдрал дээр шашнаа шүтэхээс бусад эрхээ баталгаатай эдэлж чадахгүй байна.
Гаднаа монгол ч дотроо монгол биш “монголчууд”
Бид өнгөрсөн 30 жилд эдийн засгийн өсөлтөд гол анхаарлаа хандуулаад өөр чухал асуудлуудыг орхигдуулсан. Улстөрчид эдийн засаг өсч байгаа л тухай ам уралдан ярихаас ард иргэдийнх нь сэтгэл зүйн өөрчлөлт, уналтыг төдийлөн тооцож дурсахгүй байна.
Гэтэл энэ өсөлттэй зэрэгцээд ажилгүй, үндэс угсаагүй, тэгш бус, ирээдүйгүй, дуу хоолойгүй гэсэн эсрэг таван өсөлт бас явж байдаг. Өсөлтийг хэт чухалчилсан, харгис нийгэмд эсрэг таван өсөлт явагддаг жамтай.
Эдгээр таваас хамгийн аймшигтай нь үндэс угсаагүй буюу монгол хүний өөрийн чанар алдагдах явдал юм. Үүнийг монгол хүн монгол хүнийхээ шинж чанарыг зугуухнаар алдахыг хэлж байна гэж ойлгож болно. Заримыг нь орхин дутуу дулимаг тодорхойлж байж магадгүй, Монгол Улсыг улс болгож байгаа гол зүйл нь монгол үндэстэн, тэдний бусдаас ялгарах онцлог, ахуй соёл мөн.
Гэтэл энэ шинж чанар аажмаар алдагдаж байхад эсрэг дөрвөн өсөлтдөө дарлуулж, сэтгэц, биеийн эрүүл мэндийн доройтлоосоо болоод хэн ч анзаарахгүй, анхаарахгүй байна.
Монгол хүүхэд англиар хэлд ороход, эцэг эх нь хөөрөн баясаж байх жишээтэй. Угтаа бол хүүхэдтэйгээ огт ярьдаггүй, нялх хүүхэд нь зурагт, гар утаснаас элдэв бичлэг үзсээр хэлд орсон хэрэг юм. Танин мэдэхүйн асуулт хариултын нэвтрүүлэгт орсон ахлах ангийн охин “Хонины төлийг юу гэж нэрлэдэг вэ” гэсэн асуултад хариулахдаа “Утсаар залгаж асуух боломжоо авья” хэмээн эмээ рүүгээ залгаад өнөөх нь утсаа аваагүй тул унаж байгаа нэвтрүүлэг телевизээр гарч л байв.
Үндэсний ялгарлыг саармагжих энэ үзэгдэлд цар тахал бүр муугаар нөлөөлж буй. Ирээдүй хойч үе Солонгос болон бусад улсын урлаг соёлд хэт автсаар. Гаднын улс гүрнүүд соёлоо бодлогоор түгээж байхад манайд дархлаа тогтоох талаар хийж байгаа ажил маруухан хэвээр. Монголчууд бие махбодийн хувьд ч оюун санааны хувьд ч доройтож гаднаа монгол ч дотроо харийнх болж өөрчлөгдөж байна.
Гаднаасаа дүүрэн ч дотроо дундуур Монгол минь
Монгол өнөөдөр гаднаасаа бол яалт ч үгүй тусгаар тогтносон бүрэн эрхт улс мөн. Гэхдээ түүний цаана агуулагдаж байдаг эдийн засгийн тусгаар тогтнол алга.
Өнөөдөр Монгол Улс гадаад худалдаа, эрчим хүч, шатах тослох материалын хангамжаар хоёр хөршөөсөө бүрэн хараат байсныхаа горыг амсаж, хоёр улстай хиллэдэг боловч ганц Израильтай хиллэдэг Палестин, Газын зурвас шиг хөөрхийлөлтэй нөхцөл байдалд орчихоод байна. Үйлдвэрлэл тодорхой хэмжээнд явагдаж байгаа ч бүх түүхий эдээ дотоодоос хангадаг нь өдрийн од шиг цөөхөн.
Бусдаас хараат, хамааралтай энэ байдал яваандаа дээр дурдагдсан олон дутагдал, хомсдолтой нийлсээр монгол хүний оюун санааны тусгаар тогтнолыг үгүй хийдгээрээ хорлонтой. Тиймээс бид оройтлоо гээд яах билээ, алдаагаа даруйхан засах ёстой.
Монгол Улс одоогоор иргэндээ хандсан, иргэнээ анхаарсан бодлого хараахан явуулж чадахгүй байна гэж үзэх бүрэн боломжтой. Миний бодлоор, халамж өгөхийг иргэндээ анхаарсан бодлого гэхгүй. Шинжлэх ухаанчаар хандаж засах учиртай.
Энэ нийтлэлийн нюанс болох “Бүтэн агуулга, тал агуулга” гэдэгт улсын төсвийн хөрөнгийн зарцуулалт ч хамаатай. Төсөвт 100 гаруй сая төгрөгөөр хийгдэхээр батлагдсан ч бодит байдал дээр 30 хүрэхгүй сая төгрөгөөр баригдсан Замын-Үүдийн ариутгах хаалга үүний тод жишээ. Эндээс Монгол Улсын төсөв дээр бүтээн байгуулалт хэлбэрээр тавигдсан мөнгөний 2/3 нь тендер зарлагч, зуучлагчийн халаасанд орж “алга болдог” гэдэг агуулга харагдана.
Монголчуудын сэтгэл зүй үнэхээр сэтгэл түгшээх хэмжээнд хүрсэн гэдэг үнэн бөгөөд 30 жилийн зовлон зүдгүүр, амьдрахын төлөөх их тэмцэл, тэмцээд ч амжилтад хүрэхгүй, гарцгүй байдал хүмүүсийг ийм болгосон гэж дүгнэхэд хол зөрөхгүй. Одоо энэ хүмүүсээ хайрлаж, дэмжиж, хөдөлмөрлүүлж, амьдралыг нь сайжруулж, додомдож авахгүй бол нэг л өдөр тэсрэхэд бэлэн болж.
Бүтэн монгол хүн, бүтэн Монгол Улс болохын тулд яах ёстой вэ?
Өнөөдрийн Монголын хувьд сэтгэл зовоосон гол асуудал нь ажилгүйдэл, ядуурал. Энэ нийтлэлд эмзэглэн тоочоод байгаа тал хагас, дундуур байдал ч үүнтэй шууд холбоотой. Тэгэхээр төрийн гол зорилт бол иргэдээ гэдэс цатгалан, мөр бүтэн, эрүүл мэнд, боловсрол, ажилтай, орлоготой болгох явдал юм. Гэхдээ одоо хэрэгжиж байгаа шиг бүхнийг төр хийнэ, хангана гэдэг ойлголтыг эхлээд үгүй хийж, шинэ хандлага руу орох ёстой.
Одоогоос найман жилийн өмнө бичигдсэн “Ядуурал ба нийгмийн хөгжил” хэмээх нийтлэлд “Нийгмийн хандлага нь нөхцөл байдалд тохиромжгүй бол хөгжлийн стратеги өгөөжтэй үр дүн өгөхгүй.
Ийм тохиолдолд төр нь нийгмийн боловсрол, иргэдийн идэвх санаачлагыг нэмэгдүүлэх эдийн засгийн хөшүүрэг бий болгох, таниулан ухамсарлуулах, амжилтад хүрсэн хувь хүмүүсийн жишээгээр нийгмийн урам зоригийг сэргээх үйл ажиллагаа явуулах зэрэг нийгмийн хандлагыг өөрчлөх асуудлыг хөгжлийн стратегидаа суулгах хэрэгтэй болдог.
Хандлагыг өөрчилж чадвал хөгжлийн хүрд нь албадлагаар бус аяндаа цааш хөдлөх болно. Өөрөөр хэлбэл, хөгжил бол хөтөлбөр биш, үйл явц юм. Засгийн газар хүний хүчин зүйлийг хүчээр нөхөж яагаад ч чадахгүй, харин энэ үйл явцыг бодлогоор, хуулиар, тусгай хөтөлбөрөөр дэмжиж, уялдуулж, найруулж, идэвхижүүлж болно.
“Хөгжлийн стратеги нь хүмүүсийн идэвхи санаачлагыг чөлөөлөх идэвхижүүлэхэд чиглэгдэхээс бус тэрийг нөхөх, орлох бодлого байж болохгүй”.
Эцсийн байдлаар манай улсын ядуурлыг бууруулах стратегийн зорилт нь нэгд: ажлын байр олноор бий болгох, хоёрт: ажлын байрыг “зохист” болгох, гуравт: (миний үзэж байгаагаар хамгийн гол зорилт) ажилтай хүн ажилгүй хүний “ялгаа”-г бий болгосноор хувь хүн, нийгмийг ажил хөдөлмөрт уриалан дуудаж, тэдний идэвхи санаачлагыг дээд зэргээр өдөөх явдал.
Ингэснээр хувь хүний ажил хөдөлмөрт хандах үнэлэмж, идэвхи дээшлэн, нийгмийн эрчмийг нэмэгдүүлснээр нийгмийн хөгжлийн тулгуур хүчин зүйл болох ба нийгмийн хөгжил дээшилснээр ядуурал буурна гэж үзэж байна.
Дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд зээл, даатгал, бүртгэлийн системийг хөдөлмөр эрхлэлттэй уялдуулан хөгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн ялгааг арилгах, нийгмийн суурь үйлчилгээг хүн бүрт ижил тэгш хүргэх, хүмүүсийг эдийн засгийн үйл ажиллагаанд татан оруулах, тэднийг өсөлтийн үр дүнгээс тэгш хүртэх боломжоор хангах шаардлагатай байна” гэсэн нь одоо ч үнэ цэнээ алдаагүй, бид чухам яг эсрэгээр нь явчихсан гэдгийг сануулмаар байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна