Мэдээллийн Зөв.мн сайт "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал", “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн зорилттой уялдуулан хэрэгжүүлж буй 14 мега төслийг цувралаар танилцуулж байгаа билээ.
Бид энэ удаад мега төслүүдээс хэрэгжилт нь хамгийн өндөр хувьтай байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг танилцуулж байна.
Манай улс шатахууны хэрэглээнийхээ 94 хувийг ганц ОХУ-аас авдаг. Дэлхийн зах зээлийн буюу Сингапурын биржийн үнээр нийлүүлэх хэлэлцээрийг 2016 онд хийснээс хойш ах нар өм цөм илүү авч, “шулахаа” больсон ч манай улс стратегийн чухал бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэдэг болох шаардлага үргэлж байсаар ирсэн. Харин энэ боломж бидэнд маш санамсаргүйгээр ирсэн билээ.
Н.Модигийн түүхэн айлчлал буюу томчуудын геополитикийн өрсөлдөөн Монголд ашигтай туссан нь
Монгол Улс Газрын тос боловсруулах үндэсний үйлдвэртэй болох эхлэл Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монголд айлчилсан 2015 оны тавдугаар сараас эхэлдэг. Тэр жил Монгол-Энэтхэгийн хороонд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байсан бөгөөд Н.Модигийн айлчлал дипломат харилцаа тогтоосны түүхт ойгоос гадна Монголтой хил залгаа, хүчирхэг өрсөлдөгч, болзошгүй дайсан БНХАУ-ыг хазаарлахын тулд Энэтхэг улс онцгой хүчин чармайлт гаргаж эхэлсэн үетэй давхацдаг юм.
БНХАУ-ын эрх баригчид тэр жил Энэтхэгийн нөлөөний бүс, үндэс угсаа нэгтэй яс махных нь тасархай гэж хэлж болохоор Шри Ланка, Бангладеш зэрэг улсад айлчилж, их хэмжээний мөнгөн тусламж амлан талдаа татсан байдаг.
Нарендра Моди Монголд айлчилж, байгууллага, хүний хөгжилд чиглэсэн тэрбум ам.долларын зээлийн шугам нээхээр амласан нь БНХАУ-ын дээрх айлчлалуудын хариу арга хэмжээ байсан юм.
Н.Моди Монгол Улсад тэрбум америк долларын хөнгөлөлттэй зээл олгоно гэдгээ Ерөнхий сайдад хэлсэн талаараа мэдэгдэж байна. УИХ-ын хүндэтгэлийн чуулган, 2015.V.17, Төрийн ордон
Манай эрх баригчид харин энэ зээлийг нь Газрын тос боловсруулах үйлдвэр барихад ашиглахаар шийдсэн.
Энэтхэгчүүд БНХАУ-ын хүч нөлөөг тогтоон барихын тулд Зүүн Өмнөд Азид явуулах бодлогоо 1991 онд тодорхойлж, “Look East policy” хэмээх хөтөлбөрийг Нарсимха Рао (1991-1996), Бихари Важпайи (1998-2004), Манмохан Сингх (2004-2014) нарын үед хэрэгжүүлээд байсан. Энэ хөтөлбөрийг Н.Моди 2014 онд Ерөнхий сайд болоод нэрийг нь “Act-East Policy” болгож, ийнхүү илүү идэвхитэйгээр хэрэгжүүлж эхэлсэн хэрэг.
Энэхүү баримт бичгийн гол агуулгыг товчхондоо Зүүн Өмнөд Азид олон туйлт харилцаа үүсгэхийг эрмэлзэх явдал гэж тодорхойлж болох юм. Хоёр нэртэй ч нэг агуулгатай баримт бичгийг үйл хэрэг болгохын тулд ямар арга механизм ашигласан, ямар үр дүнд хүрснийг интернэтээс дэлгэрэнгүй унших боломжтой.
БНХАУ Энэтхэгийн ойр орчмын улсуудад айлчилж мөнгө, тусламж амалдаг, Энэтхэгийн дарга нар араас нь явж “баллуурддаг” тактик тэр үеэд арай өөрөөр хэрэгжсэн хэрэг. Бээжингийн хувьд, Бангладеш, Шри Ланкад зөвхөн зээл, буцалтгүй тусламж амалсан бол Н.Моди Монголд стратегийн чухал үйлдвэр барих зээл амалсан төдийгүй чанх урагш /Бээжинг онилсон гэж тайлдаг/ нум татаж, сум харвасан билээ.
Энэ үйл явдал Монголыг холбоотноо болгох нь Энэтхэгийн хувьд тэрбум ам.доллараас илүү чухал болсон гэдгийг харуулсан төдийгүй, улсаа их гүрний зэрэгт хүргэх амбийцтай, Н.Моди хэмээх хүчирхэг улстөрч гарч ирж байгааг олон улсад зарласан гэж хэлж болох юм.
Шатахуун+Гуравдагч хөршийн бодлого
Монгол Улс Энэтхэг улсын харилцаа холбооны талаарх түүхэн эх сурвалжуудын эхнийх нь Хүн гүрний үе буюу МЭӨ 209 оны үед хамаарна. Хожим буддын шашны нөлөөгөөр хоёр ард түмэнд нийтлэг соёлууд бий болсон юм. Харин орчин үеийн харилцааг 1955 онд дипломат харилцаа тогтоосноос хойш тооцдог. Социалист бус улс орнуудаас хамгийн анх Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн улс нь Энэтхэг. Түүнээс хойш хоёр улс олон улсын тавцанд нэг бус удаа бие, биенээ түшиж тулсан түүх бий. Монгол Улсыг НҮБ болон бусад олон улсын байгууллагад гишүүнчлэлтэй болгохыг Энэтхэг улс тууштай дэмжсэн. 1961 онд Тайвань, БНХАУ-ыг НҮБ-ын гишүүн болгохыг эрс эсэргүүцсэн нь дипломат дэмжлэгийн нэг хэлбэр байсан гэж үздэг. Харин манайх 1971 онд Бангладештай дайтахад нь Энэтхэгийн талд бат зогсжээ.
2016 онд БНХАУ Далай ламын айлчлалаас болж Монголд хориг тавьсан. Энэ үед Дели ээлжит алхмаа хийж, Далай ламын Улаанбаатарт хийсэн дөрвөн өдрийн айлчлалыг дэмжсэн юм. Далай лам өмнө нь манайд найман удаа айлчилсан ч ес дэх удаагийн айлчлалыг Бээжин хүндээр хүлээж авсны учир шалтгаан сүүлд тодорсон билээ.
Энэ явдлын дараа манай талаас багагүй хүчин чармайлт гаргасны эцэст Энэтхэгийн тал зээлийн зориулалтыг хүлээн зөвшөөрч, 2017 онд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК байгуулагдсанаар ажил өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.
Газрын тос боловсруулах уламжлалаа шинэ хамтрагчтай сэргээж байна
Монгол Улс газрын тос боловсруулдаг, шатахуун нэрж гаргадаг байсан үе бий. Тэртээ 1950-иад онд Зүүнбаянд байсан, 1969 онд дэлбэрэлтийн улмаас хаагдсан гэх тэр бага оврын үйлдвэр 76 октантай шатахуун гардаг байсан гэдэг. Хамтрагч нь мэдээж, тухайн үеийн ЗХУ байв. Тэгвэл Дорноговийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийг Энэтхэгтэй хамтран хэрэгжүүлж байна.
Зүүнбаян дахь газрын тос боловсруулах үйлдвэр. 1960-аад он.
“Монгол улсад Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн ажил EPC дөрвөн багц ажлаас бүрдэж байгаа бөгөөд явцыг тус, бүр дээр нь танилцуулъя.
EPC 01 буюу технологийн бус барилга байгууламж-Нийт 11 иргэний барилга байгууламжууд, ус дамжуулах системийн барилга угсралтын ажил дуусч, барилга байгууламжуудыг шат дараатайгаар Улсын комисст хүлээлгэн өгөхөөр бэлтгэл ажлыг хангаж байна. Гүйцэтгэл 99.1 хувьтай.
EPC 02 буюу Атмосферийн болон Вакуум нэрлэг, Ханасан хий ялгах байгууламж, дагалдах, туслах байгууламжууд-Нарийвчилсан инженерчлэлийн ажлыг Испанийн “Intecsa Industrial” S.A компани гүйцэтгэж, үйлдвэрийн 3D моделийг хийж байна.
Агуулах сав резервуар, дэд станцууд, шугам хоолойн эстакадын суурийн барилга угсралтын ажил хийгдэж, дараах тоног төхөөрөмжүүд үйлдвэрлэгдэж эхэлжээ /Тоног төхөөрөмж, үйлдвэрлэгч компани/.
EPC 03: буюу үйлдвэрийн Дулааны цахилгаан станц барих ажил барилга угсралтын шатанд явж байна. Ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан Энэтхэгийн “Megha Engineering and Infrastructure Limited” (MEIL) компанитай 2022.10.28-нд гэрээ байгуулсан. MEIL компани инженер-геотехник, суурь судалгааны ажлаа дуусган, 2023 оны дөрөвдүгээр сард барилга угсралтын ажлаа эхлүүлжээ.
EPC 04 буюу Лицензтэй технологийн байгууламжууд барих ажил эхэлсэн. Лиценз эзэмшигчээр шалгарсан Францын “Axens”, Италийн “Kinetics Technology”, АНУ-ын “UOP Honeywell”, Голландын “Shell Global Solutions International” компаниудын Итали, АНУ, Франц, Нидерланд улсын компаниуд зураг төслөө 2022 оны сүүлээр боловсруулж 2023 онд бүрэн хүлээлгэж өгсөн.
Уг багц ажлын ерөнхий гүйцэтгэгчээр EPC 02, 03 багц ажлыг гүйцэтгэж байгаа MEIL компани шалгарч, ЗГ-ын 2023.09.13-ны өдрийн 336-р тогтоолын дагуу 2023.09.29-нд EPC 04 багц ажлын I хэсгийн гэрээг байгуулсан. Үйлдвэрийн бүтээн байгуулалтад нэмэлт шаардлагатай хөрөнгө оруулалтын зардал шийдвэрлэгдсэний дараа EPC 04 багцын үлдэгдэл ажлын гэрээ байгуулагдана.
Газрын тос дамжуулах хооолой барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation” компани барилга угсралтын ажлыг 2023 оны 4-р сард эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 226 км хоолойг гагнаж холбож, үл эвдэх радиограф, хэт авиа, соронзон бөөмийн сорилыг хийж, нийт 25 км хоолойг газрын гүнд буулгаж, булах ажил хийгдсэн. Хоолойн нарийвчилсан зураг төсөл, инженерчлэлийн ажлыг Канад улсын “Worley Parsons” компани гүйцэтгэж, Италийн "Prometheus" компани хяналт тавьжээ.
Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор 1,5 сая тонн түүхий газрын тос боловсруулж, 1.3 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, шатахууны хэрэгцээний 50 хувийг хангана. Газрын тосноос зөвхөн шатахуун гардаггүй. 98, 95, 92 шатахуун, дизелийн түлшнээс эхлээд керосин, нафта, моторын тос, мазут гэхчлэн нэрсээр хамгийн сүүлд үлдсэн шаар нь асфальт болдог. Манай улс дээрх бүх бүтээгдэхүүнийг импортоор авч хэрэглэдэг юм.
Газрын тос боловсруулах үйлдвэр газрын тосны хайгуул, олборлолтыг ч идэвхжүүлэх ач холбогдолтой. Одоо “Петрочайна Дачин Тамсаг” ХХК олборлосон газрын тосоо шууд дотоодод нийлүүлнэ. Манай улс “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай байгуулсан гэрээг жишиг болгон хөрөнгө оруулагчдад санал болгож байгаа бөгөөд үр дүнд нь өөр ордууд нээгдэж байна.
Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөгөөр, Газрын тос боловсруулах үйлдвэр 2027 онд ашиглалтад орно. Энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр Монгол Улсад эрчим хүчний тусгаар тогтнол ирэхээс гадна гадна нэгэн хүчирхэг холбоотонтойгоо үүсгэсэн шашин соёлын харилцаагаа эдийн засгаар гагнаж, дараа, дараагийн хамтарсан төслүүдийг эхлүүлэх ач холбогдолтой юм. Эхлэл ч тавигдаж, хоёр талын уулзалтуудаар Энэтхэг улс Монголд коксын үйлдвэр барих зэрэг асуудлууд хөндөгдөж байгаа билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна