Дээд шүүхийн заасан замаар Ерөнхий сайд нараа дуртай үедээ барьж хорьдог жишиг тогтоох уу

Zuv.mn
8 цаг 6 минутын өмнө

      -Дээд шүүхийн шийдвэр Монголыг улс төрийн тогтворгүй байдалд хөтлөх жишгийг тогтоох уу-

Улсын Дээд шүүх өнгөрсөн долоо хоногт “Хөгжлийн банкны” гэх хэргийн анхан болон, давж заалдах шатны хэргийг хянан хэлэлцээд хэсэгчлэн хүчингүй болгосон билээ.

Энэхүү шийдвэр дотор уг хэрэгт холбогдож, анхан, давж заалдах шатны шүүхээс цагаадсан Н.Алтанхуяг, Анхан, Давж заалдах шатны шүүхээс буруутай нь тогтоогдсон Дав.Цогтбаатар, хэрэг нь хүчингүй болоод байсан Б.Найдалаа нарын гурван гишүүнд холбогдох хэрэг байсан бөгөөд дээрх шийдвэрүүд нь дор бүрнээ Монголын улс төрд ойрын хугацаанд болон алсдаа маш том үр дагавар авчрах агуулгатай болсныг онцолж байна.

2025 онд Хангайн бүсэд нөхөн сонгууль явагдахаар боллоо

Эхнийх нь, УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарыг Хөгжлийн банканд хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа нь “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал олгож, Эрүүгийн хуулийн 22.1-т заасан гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон Анхан, Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Дээд шүүхийн шийдвэр түүнд өмнөх шатны шүүхээс оноогоод байсан “Нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох” ялыг эцэслэн баталж, тэрбээр эгүүлэн татагдахаар болов. Ингэснээр Хангайн бүсэд /Архангай, Өвөрхангай, Баянхонгор/ ирэх жил нөхөн сонгууль явагдахаар боллоо.

Өнгөрсөн сонгуульд Д.Цогтбаатар 55,935 санал авч, хамгийн сүүлийн буюу есдүгээр байраар УИХ-д сонгогдсон.

Түүний араас одоо ЕТГ-ын дарга болсон Г.Занданшатар, УИХ-ын гишүүн асан А.Адъяасүрэн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга асан Д.Тогтохсүрэн, Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай, Эрүүл мэндийн сайд асан С.Чинзориг нар ойрхон саналын зөрүүтэй бичигдсэн юм.

Ерөнхий сайд нараа барьж хорьдог жишиг рүү явах уу

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхдаа “Говийн зам” ХХК-ийн барьсан замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр төрд худалдаж авсан, “Бэрэн” ХХК-д зээл олгосон гэж буруутгасан. Гэсэн ч анхан болон дунд шатны шүүхээс хүчингүй болгоод байсан юм. Дээд шүүх энэ шийдвэрийг хүчингүй болгосноор түүнийг дахин шүүхээр болсон. Хэвлэлд түүнийг гэм буруутайд тооцвол СХД-т нөхөн сонгууль зарлана гэсэн агуулгатай мэдээлэл гарч буй. Гэхдээ өөр нэг өнцөг байгаа нь Н.Алтанхуягийг цагаатгасан үндэслэл юм.

Түүнийг буруутгаж байх үед Н.Алтанхуяг гэдэг хувь хүн гэхээсээ илүү Монгол Улсын Засгийн газар хэмээх субъектын эрх хэмжээтэй холбоотой асуудал яригдсан. Өөрөөр хэлбэл, хэн нэгний тушаал, шийдвэр байхгүй, өөрөө шийдэл гаргаж ажиллах шаардлагатай өдөр тутам тулгардаг гүйцэтгэх засаглалын тэргүүнийг гаргасан шийдвэртэй нь холбоотойгоор барьж хориод байвал цаашид Ерөнхий сайдын алба хашсан бүх хүнийг хэүзээ нэгэн цагт яллах жишиг тогтоно гэдэг агуулга хөндөгдсөн юм. Хэргийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэл нь ч энэ байсан. “Говийн зам” өгөөжөө өгсөн нь ч нөлөөлсөн байж таарна.

Харин Анхан, Давж заалдах шатны шүүхээс энэ үндэслэлээр гаргасан шийдвэрийг Дээд шүүх хүчингүй болгож байгаа бол цаад үндэслэлийг нь ч үгүйсгэж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл алдаа оноотой ч шийдэл гаргаж улсаа авч явсан Ерөнхий сайдуудыг нэг л өдөр урьд өмнө нь гаргаж байсан шийдэл, шийдвэртэй нь холбоотойгоор шүүхэд дуудаж яллах боломжтой нөхцөл байдлыг үүсгэж байна. Энэ зөвхөн өнгөрсөнд Засаг барьж байсан Ерөнхий сайдаас гадна, одоо, ирээдүйд Засаг тэргүүлэх зүтгэлтнүүдэд ч хамаатай. Н.Алтанхуягийг буруутгавал С.Баярыг ч, Сү.Батболдыг ч, Л.Оюун-Эрдэнийг ч, түүний дараа Ерөнхий сайд болох хэнийг ч нэг л өдөр буруутгаж болно гэсэн үг. 

Одоо Ерөнхийлөгч байгаа У.Хүрэлсүхийг Тавантолгойн түлш ХХК-ийн үйлдвэрийг бариулсан гэлдэг шийдэл дээр нь буруутгах ч боломжтой. Ер нь л их хортой шийдвэр болж байна. 

Чухал тохиолдолд мөс зүсэгч байж, шийдэл гаргадаг, ихэнхдээ багийн гарггасан шийдлүүдээс сонголт хийдэг, баталгаажуулдаг албан тушаалтан нэг буруу шийдвэрийнхээ үр дагавараар Шүүхэд дуудагдаж, шоронд хоригддог болчихвол хэн шийдэл гаргаж ажиллах вэ. 

Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй өрсөлдөгч болох учраас хэрэгт холбосон гэсэн ярич сонсогдож байна. Үнэн ч байж мэднэ. 

Б.Найдалаа буруутсан ч нөхөн сонгууль болохгүй

УИХ-ын гишүүн Б.Найдалаа Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 44.3 тэрбум төгрөгийн хохирол үзүүлсэн хэргээр яллагдагчаар татагдан, шүүгдсэн. Тэрбээр “Бэрэн групп” ХХК-д 22.7 сая хүртэлх ам.долларын зээлийг олгохыг дэмжсэн санал өгч, 2014 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 08 дугаартай “Бэрэн групп” ХХК-д зээл олгох тухай” тогтоол гаргаж байжээ. Анхан шатны шүүхээс Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдэд холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бол Давж заалдах шатны шүүх буруутай гэж үзсэн. Дээд шүүх Анхан шатны шүүх хэргийг шалгах явцдаа процессын алдаа гаргасан гэж үзсэн Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бататгаснаар тэрбээр дахиж шүүгдэхээр болж байна.

Хэрэг буруугаар эргэвэл тэрээр эгүүлэн татагдах ч нөхөн сонгууль явуулахгүй. Учир нь тэрбээр намын жагсаалтын тавдугаарт бичигдэж УИХ-ын гишүүн болсон. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.15
    54 минутын өмнө

    "Дээдэс"ээс хэнч байсан хийсэн хэргийнхээ ялыг үүрээд зайлдаг байя, алийн бүр зүгээр байхав.Монгол чинь түүхтэй, төртэй, ардтай, хуультай улс.

    Хариулах
  • 103.57.95.154
    4 цагийн өмнө

    Бүгдий нь шүүх хэрэгтэй улс төр гэдэг чинь тоглоом юмуу эх орон ард түмэнийхээ өмнө тангараг өргөө биздээ тангаргаа няцвал дээд хэмжээ байх. Ёстой

    Хариулах