Олон улсын банк санхүүгийн салбарын нэр хүнд бүхий Euromoney сэтгүүл “Euromoney Awards for Excellence” арга хэмжээний энэ жилийн шилдгүүдийг долоодугаар сарын 18-ны өдөр тодруулан зарласан бөгөөд Голомт банкийг 2025 оны Монгол Улсын “Шилдэг ЖДБ Дэмжигч банк”-аар өргөмжиллөө.
Голомт банк 2024 онд тогтвортой байдлыг дэмжсэн бодлого баримтлахын сацуу бизнес үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж, олон улсын зах зээлд 450 сая ам.долларын бондыг амжилттай гаргаснаар бизнесийн байгууллагуудын сүүлийн 10 гаруй жил тасраад байсан дэлхийн санхүүгийн зах зээл дэх оролцоог сэргээж, хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг бататгасан билээ.
Euromoney бидний Монгол Улсын ЖДБ-ийн салбарт оруулсан хувь нэмрийн талаар ийнхүү онцолжээ.
EUROMONEY QUOTE:
Голомт банк нь жижиг дунд бизнесүүдийг дэмжихдээ өсөлтөд түшиглэсэн стратегид суурилж, салбарын онцлогт тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээгээр бэхжүүлэн өргөжүүлж байна.
Тодруулбал 2024 онд Голомт банкны Жижиг дунд бизнесийн зээлийн багц 43%-иар нэмэгдсэн бөгөөд үүний зэрэгцээ чанаргүй зээлийн хэмжээ нь 14.42%-иас 3.84% болон буурч, мөн хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 13.77%-аас 1.89% болж буурсан үзүүлэлттэй байна.
Цаашлаад 2024 онд тус банк ЖДБ-ийн харилцагчийн тоогоо эрчимтэй нэмэгдүүлж, тэдний хэрэгцээнд нийцсэн зээлийн бүтээгдэхүүнүүдийг шинээр зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд үүний тод жишээ нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан, богино хугацаатай Дижитал ПОС барьцаалсан зээл юм. Мөн аялал жуулчлал, агаарын тээвэр болон хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарыг дэмжсэн зээлүүдийг олгож эдгээр бизнесүүдийг цогцоор нь дэмжин ажиллажээ.
Түүгээр зогсохгүй Голомт банкны интернэт банкийг идэвхтэй ашиглагч ЖДБ-ийн тоо эрс өссөн бөгөөд үүнд Монголын арилжааны банкнуудаас анхлан нэвтрүүлсэн Apple Pay, WeChat Pay, Alipay зэрэг олон улсын төлбөр тооцооны хэрэгслүүдийн нэвтрүүлэлт нөлөөлснийг дурдах нь зүйтэй. Эдгээр шийдлүүд нь ЖДБ-үүдийг дотоод болон гадаад гүйлгээгээ илүү хялбар, аюулгүй хийх боломжийг олгосноороо онцлог юм.
Түүнчлэн Голомт банкны ЖДБ эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр, сургалтууд тэр дундаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, чадавхжуулах, бизнесийн үйл ажиллагааг нь шинэ шатанд гаргахад санхүүгийн дэмжлэг үзүүлж буй хүчин чармайлт нь бусдаас илт давуу байсан бөгөөд 2024 онд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээлийн багцын хэмжээ нь ес дахин өсжээ.
Эдгээр нь Голомт банкны ЖДБ-ийн салбарыг стратегийн түвшинд дэмжих бодлогын үр шим, нийгэмд үзүүлж буй эерэг нөлөөллийг нь бататгаж, салбартаа Монголын жижиг, дунд бизнесүүдийн хувьд найдвартай түнш болохыг баталж буй юм.
Монгол Улсын банк санхүүгийн салбарын тэргүүлэгчдийн нэг, Дэлхийн жишиг - Монголын банк болох алсын хараатай Голомт банкны ололт амжилт бүхэн нийт эрхэм харилцагч, хөрөнгө оруулагчид, түнш байгууллагууд болон хамтран ажиллагсад та бүхний хичээл зүтгэл, хөдөлмөр болоод хамтралын үр дүн бөгөөд бид цаашид ч салбартаа анхдагч, тэргүүлэгч болоод манлайлагч байр сууриа хадгалан ажиллах болно.
Сайн сайхныг санхүүжүүлнэ – Голомт банк
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна