М.Энхцэцэг: ДЦСIII-ыг шинэчлэх бодит өртөг зураг төсвөөр тодорхой болно

Х.Батсайхан
12 цаг 47 минутын өмнө

Эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээгээ хангахын тулд манай улс ирэх жилүүдэд эрчим хүчний төслүүдийг эрчимтэй хөдөлгөж байгаа билээ. Эдний нэг болох, ДЦСIII-ыг шинэчлэх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх төслийн зураг төслийг хамтран боловсруулах Засгийн газар хоорондын хэлэлцээрийг өчигдөр УИХ дахь Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцээд дэмжсэн. Бид энэ асуудлаар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний үндэсний хорооны гишүүн М.Энхцэцэгийн байр суурийг сонслоо.

Тэрбээр “Төслийн хүрээнд ДЦСIII-ыг буулгаж, 300 МВт-ын хүчин чадалтайгаар шинээр барих ёстой. ОХУ 1.3 тэрбум еврогийн үнийн санал өгсөнтэй манай тал санал нийлэхгүй байгаа учраас зураг төсвийг хамтарч боловсруулахаар болсон гэж ойлгож болно. ЭЗБ-гоор орсон хэлэлцээр бол зураг төсвийг хамтарч боловсруулах хэлэлцээр. УИХ зөвшөөрөөд зураг төсөв хамтарч боловсрууллаа гэхэд хэрэгжүүлэх эсэх асуудлыг тэр үед бас ярих ёстой.

Манай талаас 800 гаруй сая ам.долларт багтааж барих боломжтой гэсэн санал өгсөн, ОХУ 1.3 тэрбум евро буюу хэтэрхий өндөр үнийн санал өгсөн. Цоо шинэ газар барих биш, хуучин юмыг буулгаж барих учраас тэр эрсдлээ тооцсон байхыг үгүйсгэхгүй. Зураг төсвөө хамт боловсруулаад ирэхээр нэлээд бодитой тоо гарч ирнэ. Буугаад ирэх байх гэсэн хүлээлттэй байна. 

Техник технологи хоцрогдсон гэдэг шүүмжлэлийн тухайд, маш судалгаатай байж л хэлэх ёстой үг байх. 

Бид өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээгээ хангахын тулд боломж бүрийг л ашиглах хэрэгтэй. Дэлхий даяар ногоон эрчим хүчийг чухалчилж, нүүрсээр ажилладаг цахилгаан станцыг санхүүжүүлэх улс олдохоо больсон энэ үед бид ОХУ-ын зээлээр төсөл хэрэгжүүлэх гэж байна” гэсэн байр суурь илэрхийлэв.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.174.229.45
    7 цагийн өмнө

    ZAAVAL INGEJ OROSUUDIIN AMAND ORJ HUUCHIN TECHOLOGI ASHIGLAJ BAIGAL ORCHIN BOHIRDUULDAG YUM BARIJ YAHAV DEE, JOOHON CH GSEN BARDAM BAILDAAA

    Хариулах