Ж.Хатанбаатар, Х.Гүрбазар нарыг ажлаас нь чөлөөлсөн ч тэд явахгүй "ГҮРИЙЖ" байна
Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, I хороололд байрлах Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв / УАУЭСКТ/-ийг НЗД-ын 2001 оны Б/137 дугаар захирамж, НЗД-ын 2000 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 468 дугаар захирамжаар “Нийслэлийн Засаг даргын дэргэдэх УАУЭСКТ” болгон өөрчилж, дүрмийг баталсан байдаг. Өөрөөр хэлбэл, тус төв нь нийслэлийн өмч бөгөөд 2008 оны 9 дүгээр сараас менежментийн гэрээгээр ажиллуулж эхэлсэн юм. Ингэхдээ менежментийг Ж.Хатанбаатар ахлуулсан багтай 3 жилийн хугацаатай хийсэн байдаг.
Улмаар 2014 онд НЗД-ын захирамжаар тус төвд аудитын комисс ажиллаж, менежментийн гэрээг “Хангалтгүй” хэмээн дүгнэж, менежментийн гэрээг хаахаар шийдвэрлэсэн. Гэвч өнөөдрийг хүртэл менежментийг нийслэлд шилжүүлж өгөөгүй аж. Менежментийн гэрээ нь тухайн байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэх, урсгал зардлыг багасгах, үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, нийслэлээс авах татаасыг буулгах зорилгоор хийдэг. Гэвч тус төв нь 2008-2013 онд нийслэлээс нийт 3.5 тэрбум төгрөг, 2014-2021 онд ЭМДС-аас нийт 4.1 тэрбум төгрөгийн татаас авсан байна. Мөн өнөөдрийн байдлаар тус төвийн гүйцэтгэх захирлаар Хатанбаатарын Гүрбазар ажиллаж байгаа бөгөөд энэ талаарх мэдээлэл болон санхүүгийн тайланг огт ирүүлдэггүй гэдгийг албаны хүмүүс хэлж байна.
Тэгвэл өнгөрсөн оны 8 дугаар сард НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Уламжлалт анагаах ухааны элэг судлал клиникийн төвийн захирал болон менежментийн багийн ахлагч нарыг чөлөөлөх, томилох асуудлыг шийдвэрлэхийг НЭМГ-ын дарга П.Эрхэмбулганд үүрэг болгосон. Энэ хүрээнд НЭМГ-аас Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг хэрэгжүүлж, Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу төвийн захирлыг чөлөөлөх, шинэ даргыг томилсон аж.
Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн тодорхой заалтуудын хүрээнд Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн гүйцэтгэх захирал Х.Гүрбазар болон Менежментийн багийн ахлагч Ж.Хатанбаатар нарт сонсох ажиллагааны мэдэгдэх хуудсыг өнгөрсөн оны 9 дүгээр сард албан бичгээр мэдэгдэж, нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар Х.Гүрбазарыг ажлаас чөлөөлсөн байна.
Гэвч Ж.Хатанбаатар нар нь ажил хүлээлцэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн удаа дараа очиход тус төвийн эмч, ажилчид нь ажил хүлээлцүүлэх боломжоор хангахгүй, ажлын байранд нэвтрүүлээгүй аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдөр мөн ажил хүлээлцэх ажлын хэсэг тамга тэмдэг, бичиг баримтыг хүлээн авахаар очиход албан өрөөнд нь тамга тэмдэг, бичиг баримт гэх зүйл байхгүйгээс хойшилжээ.
Ташрамд, тус төв нь хоёр корпустай бөгөөд үүнийг нэгийг СХД-ийн нэгдсэн эмнэлгийн харъяа хүүхдийн эмнэлэг болгох ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна