Өчигдөр хаалттай явагдсан албан тушаалын томилгооны сонсголын мэдээлэл

Zuv.mn
4 цаг 5 минутын өмнө

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг хэлэлцсэн билээ. Энэ хуралдаан хаалттай болсныг бид өчигдөр та бүхэндээ мэдээлсэн. Тэгвэл хурлын албан мэдээ гарчээ. Мэдээллийг хүргэж байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн даргад нэр дэвшигчийн талаар танилцууллаа. 

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “Хорооны даргад Улсын Их Хурлын дарга … нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол хийж томилно” гэж заасныг үндэслэн Түндэвийн Жамбаажамцыг Санхүүгийн зохицуулах хорооны даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж байгаа гэлээ. Т.Жамбаажамц нь 1982 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. Ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг байна. Тэрбээр, 2006 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2017 онд Санхүү, эдийн засгийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. Нэр дэвшигч 2006 оноос Санхүүгийн зохицуулах хороонд мэргэжилтнээр ажиллаж эхлээд тус байгууллагад нийтдээ 16 жил ажилласан байна. Тодруулбал, 2006-2007 онд Хяналт шалгалтын газрын мэргэжилтэн, 2007-2009 онд Үнэт цаасны газарт мэргэжилтэн, 2009-2011 онд  Үнэт цаасны газрын хянан шалгагч; 2011-2013 онд Үнэт цаасны газрын ахлах хянан шалгагч; 2013-2014 онд Хөрөнгийн зах зээлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга; 2014-2015 онд Үнэт цаасны газрын дарга; 2015-2016 онд Хяналт шалгалтын газрын орлогч дарга; 2016 оноос одоог хүртэл Ажлын албаны даргын албан тушаалыг эрхэлсэн туршлагатай болохыг Д.Амарбаясгалан дарга танилцуулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон төрийн захиргааны тэргүүн зэрэг дэвтэй, төрийн мэргэшсэн албан хаагч болохыг дурдав. Нэр дэвшигчийн мэргэшсэн байдлын хувьд Япон, Англи, Малайз, Энэтхэг, Египет, Солонгос, Хятад, Америк зэрэг улсад санхүүгийн хөрөнгийн зах зээлийн чиглэлээр богино болон дунд хугацааны сургалтад хамрагдсан байна. 2010-2012 онд Нью-Йорк хөрөнгийн бирж, Лондоны хөрөнгийн бирж, Хонгконгийн хөрөнгийн бирж, АНУ-ын Хөрөнгө оруулалтын банк, Үнэт цаасны хороонд дадлагажигчаар суралцсан байна. 2011 онд БНСУ-ын Хөрөнгө оруулалтын банк болох “Leading Investment & Securities”-т гурван сарын хугацаанд дадлагажиж тус тус мэргэжил дээшлүүлсэн болохыг Байнгын хорооны гишүүдэд танилцуулав. Мөн хөрөнгийн зах зээл, компанийн засаглал, бизнесийн эрх зүй сэдвээр санхүүгийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд эрх олгох болон мэргэшүүлэх сургалт, Санхүү, эдийн засгийн их сургуулийн магистрын хөтөлбөрт 10 гаруй жилийн хугацаанд ажиллаж байгаа нэгэн юм байна.

Т.Жамбаажамцын санхүүгийн зах зээлийн чиглэлээр мэргэшсэн байдал, мэдлэг боловсрол Санхүүгийн зохицуулах хорооны төсөв, санхүү, хүний нөөцийн удирдлага, Монгол Улсын даатгал, бичил санхүү, хөрөнгийн зах зээл зэрэг санхүүгийн зах зээлийн бодлого, зохицуулалт, хяналтын орчныг бүрдүүлэх, хэрэгжүүлэх чиглэлээр ажилласан туршлага, удирдлага, зохион байгуулах чадвар, байгууллагадаа тасралтгүй, тогтвортой, бүх түвшинд буюу гүйцэтгэх, удирдах албан тушаалд ажилласан байдлыг харгалзан төрийн албаны чадахуйн зарчимд үндэслэн Улсын Их Хурлын даргын зүгээс Санхүүгийн зохицуулах хорооны даргад нэрийг нь дэвшүүлж байгаа гэлээ.

Үргэлжлүүлэн Р.Сэддорж дарга нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайланг танилцуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэг, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэг, 129, 130, 131, 132 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйл, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэг, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 273 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Статистикийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулж, дараах ажиллагааг явуулсан гэв. 1/Хууль тогтоомжоор эрх олгогдсон этгээд Улсын Их гишүүнд Булганы Саруул, Лувсандоржийн Сонор, Шагдаржавын Хандсүрэн нарыг, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлтийн даргад Мягмарсүрэнгийн Буяндэлгэр, гишүүнд Оюунтөгсийн Оч, Болдбаатарын Энхбаяр нарыг, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд Намсрайн Батнасан, Раднаасэдийн Даваадорж, Батбаатарын Мөнхзаяа, Бямбажавын Энх-Амгалан нарыг, Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад Нинжбатын Ууганбаатарыг, гишүүнд Сугарын Лхагвадорж, Гэрэлтийн Тэлмэн, Тунсагийн Тэлмэн, Данзанбалжирын Энхжаргал, Ундраагийн Хосжаргал, Гомбын Эрдэнэбаяр нарыг, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд Төмөрбаатарын Гарамжүгдэр, Дорждэрэмийн Цолмон, Ганболдын Золбоо, Идэшийн Батхүү, Дамдиндоржийн Мягмарцэрэн, Авирмэдийн Даваасүрэн нарыг нэр дэвшүүлсэн байна.

Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан “Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүнд нэр дэвших тухай хүсэлт”, “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвших тухай хүсэлт”, “Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт”, “Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвших тухай хүсэлт”, “Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварын дагуу нэр дэвшигчид нь материалаа бүрдүүлж, Эдийн засгийн байнгын хороонд ирүүлсэн байна.

Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасны дагуу “Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” тогтоолыг баталж, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржийг томилсон.


Сонсголын бэлтгэл хангах хүрээнд нэр дэвшигчдийн мэдээллийг parliament.mn буюу Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байршуулсан юм. Түүнчлэн сонсголын тов, хугацаа, сонсголд оролцогчдыг бүртгэх хуудсыг байршуулсан зарыг Улсын Их Хурлын цахим хуудас, нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр 14 хоногийн хугацаанд давтамжтай хүргэжээ. Сонсгол явуулах тухай зар мэдээллийн дагуу иргэн Б.Ганбаяр сонсголд оролцож, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвшигчдээс асуулт асуух тухай хүсэлт ирүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Байнгын хороо оролцогчийн хүсэлтийг хүлээн авсан огноо, цаг, минутаар бүртгэж, баталгаажуулсан байна.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар Байнгын хорооны гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр сонсголын ирц бүрдэх бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Нэр дэвшигчийн сонсголд Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, М.Бадамсүрэн, Р.Батболд, О.Батнайрамдал, Н.Батсүмбэрэл, Э.Батшугар, Х.Ганхуяг, Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу, Г.Лувсанжамц, М.Мандхай, Б.Мөнхсоёл, П.Сайнзориг, Л.Соронзонболд, С.Цэнгүүн, Д.Энхтүвшин, М.Энхцэцэг, Да.Цогтбаатар, С.Эрдэнэбат нарын гишүүд оролцсон юм. Сонсголд оролцогч иргэн Б.Ганбаяр сонсголын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлтийн даргад нэр дэвшигч М.Буяндэлгэр, гишүүнд нэр дэрвшигч О.Оч, Б.Энхбаяр нараас асуулт асууж, хариулт авсан.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт “Нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын 2 өдрийн дотор сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана. Тайланд сонсголын дүнд үндэслэн гаргасан нэр дэвшигч тухайн албан тушаалд тавих шаардлага хангасан эсэх дүгнэлт, түүний үндэслэлийг тусгаж, холбогдох бусад мэдээллийг хавсаргана” гэж заасны дагуу сонсголд оролцсон гишүүд 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайланг гаргасан болохыг Р.Сэддорж дарга танилцуулсан.

Тус тайлангаар нэр дэвшигч Түндэвийн Жамбаажамцыг Санхүүгийн зохицуулах хорооны даргын, нэр дэвшигч Булганы Саруул, Лувсандоржийн Сонор, Шагдаржавын Хандсүрэн нарыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Нэр дэвшигч Мягмарсүрэнгийн Буяндэлгэрийг Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлтийн даргад, Оюунтөгсийн Оч, Болдбаатарын Энхбаяр нарыг Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Нэр дэвшигч Намсрайн Батнасан, Раднаасэдийн Даваадорж, Батбаатарын Мөнхзаяа, Бямбажавын Энх-Амгалан нарыг Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.

Нэр дэвшигч Нинжбатын Ууганбаатарыг Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад, Сугарын Лхагвадорж, Гэрэлтийн Тэлмэн, Тунсагийн Тэлмэн, Данзанбалжирын Энхжаргал, Ундраагийн Хосжаргал, Гомбын Эрдэнэбаяр нарыг Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн аж.


Нэр дэвшигч Төмөрбаатарын Гарамжүгдэр, Дорждэрэмийн Цолмон, Ганболдын Золбоо, Идэшийн Батхүү, Дамдиндоржийн Мягмарцэрэн, Авирмэдийн Даваасүрэн нарыг Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Нэр дэвшүүлэх эрх бүхий албан тушаалтны санал болон нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Ө.Шижир, Б.Мөнхсоёл нар асуулт асууж, үг хэлсэн. Ингээд санал хураалтууд явууллаа. Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Түндэвийн Жамбаажамцыг томилуулахыг хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 18 гишүүний 13 нь буюу 72.2 хувь нь, бүрэн эрх нь дууссантай холбогдуулан Дэмбэрэлдашийн Баярсайханыг Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг мөн хувиар дэмжив. Санал хураалтын дүнд үндэслэн боловсруулсан Улсын Их Хурлын холбогдох тогтоолын төслийг Байнгын хорооны дарга Р.Сэддорж танилцуулаад, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Үргэлжлүүлэн Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд Булганы Саруулыг томилуулахыг гишүүдийн 77.8 хувь нь, Лувсандоржийн Сонорыг томилуулахыг гишүүдийн 66.7 хувь нь, Шагдаржавын Хандсүрэнг томилуулахыг гишүүдийн 72.2 хувь нь дэмжиж, бүрэн эрх нь дууссантай холбогдуулан Баасанжавын Батхишиг, Нямдэлэгийн Мандуул, Баярсайханы Баярдаваа нарыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөхийг гишүүдийн олонх дэмжив. Санал хураалтын дүнд үндэслэн боловсруулсан Улсын Их Хурлын холбогдох тогтоолын төслийг Байнгын хорооны дарга Р.Сэддорж танилцуулаад, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

Хуралдаан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлтийн даргад нэр дэвшигчийн талаарх хэлэлцүүлгээр үргэлжилсэн бөгөөд гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулсан. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлтийн даргаар Мягмарсүрэнгийн Буяндэлгэрийг томилуулахыг гишүүдийн 66.7 хувь нь, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн гишүүнээр Оюунтөгсийн Очийг томилуулахыг 83.3 хувь нь, Болдбаатарын Энхбаярыг томилуулахыг 77.8 хувь нь дэмжсэн. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлтийн дарга Равсалын Ринчинбазарыг, Хяналтын зөвлөлийн гишүүн Батболдын Амарсанаа, Дүгэрээгийн Цэрэнбадам нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг гишүүдийн олонх дэмжлээ. Иймд Улсын Их Хурлын холбогдох тогтоолын төслийг Байнгын хорооны дарга танилцуулаад, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.


Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр Намсрайн Батнасанг томилуулахыг гишүүдийн 72.2 хувь нь,  Раднаасэдийн Даваадоржийг томилуулахыг 61.1 хувь нь, Батбаатарын Мөнхзаяаг томилуулахыг 72.2 хувь нь, Бямбажавын Энх-Амгаланг томилуулахыг гишүүдийн 72.2 хувь нь дэмжин, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн Цэрэндоржийн Батсүх, Цэдэвсүрэнгийн Мөнхбаяр, Чулуундоржийн Хашчулуун нарын бүрэн эрх дууссантай холбогдуулан Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүний үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг гишүүдийн олонх дэмжсэн. Р.Сэддорж дарга Улсын Их Хурлын холбогдох тогтоолын төслийг хуралдаанд танилцуулаад, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн.


Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, М.Мандхай, Н.Батсүмбэрэл, М.Бадамсүрэн нар асуулт асууж, үг хэлэв. Дараа нь Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргаар Нинжбатын Ууганбаатарыг томилуулахыг гишүүдийн 66.7 хувь нь, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнээр Сугарын Лхагвадоржийг томилуулахыг 72.2 хувь нь, Гэрэлтийн Тэлмэнг томилуулахыг 83.3 хувь нь, Тунсагийн Тэлмэнг томилуулахыг 88.9 хувь нь, Данзанбалжирын Энхжаргалыг томилуулахыг 77.8 хувь нь, Ундраагийн Хосжаргалыг томилуулахыг 77.8 хувь нь, Гомбын Эрдэнэбаярыг томилуулахыг 83.3 хувь нь дэмжсэн. Иймд бүрэн эрх нь дуусгавар болсонтой холбогдуулан Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргын үүрэгт ажлаас Далрайн Даваасамбууг, Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн Лхагвадоржийн Ариунаа, Лувсан-Очирын Дондог, Баатаржавын Лхагважав, Бат-Очирын Цэрэнбалтав, Чойгүнсэнгийн Чимидсүрэн, Мишигийн Энх-Амгалан нарыг чөлөөлөхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 77.8 хувь нь дэмжив. Иймд уг санал хураалтын дүнд үндэслэн боловсруулсан Улсын Их Хурлын холбогдох тогтоолын төслийг Р.Сэддорж дарга танилцуулаад, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэхэд Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Р.Сэддорж нар асуулт асууж, үг хэлэв. Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнээр Идэшийн Батхүүг томилуулахыг гишүүдийн 66.7 хувь нь, Төмөрбаатарын Гарамжүгдэрийг томилуулахыг гишүүдийн 61.1 хувь нь, Авирмэдийн Даваасүрэнг томилуулахыг гишүүдийн 61.7 хувь нь, Ганболдын Золбоог томилуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь, Дамдиндоржийн Мягмарцэрэнг томилуулахыг гишүүдийн 83.3 хувь нь, Дорждэрэмийн Цолмонг томилуулахыг гишүүдийн 77.8 хувь нь дэмжсэн тул санал хураалтын дүнд үндэслэн боловсруулсан Улсын Их Хурлын холбогдох тогтоолын төслийг Р.Сэддорж дарга танилцуулаад, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна