А-гаас Я хүртэл: АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол

Х.Батсайхан
3 цаг 48 минутын өмнө

Өнөөдрийн гол үйл явдал болох АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

Уламжлалт зан үйл

Ерөнхийлөгч болгоны тангараг өргөх ёслол өөрийн гэсэн онцлогтой байдаг ч тогтсон уламжлалууд бий.

Сонгогдсон Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийн хамт хамгийн түрүүнд Вашингтоны ойролцоох Арлингтоны үндэсний оршуулгын газарт очиж, нэр нь үл мэдэгдэх цэргийн булшинд цэцэг өргөдөг. Ингээд өглөөний 10:00 цагийн орчимд Цагаан ордонд хүрэлцэн ирэх бөгөөд тэднийг одоогийн Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгч нар угтан авч, цай уур ёслолд урьдаг ёстой. Цай уух ёслол ойролцоогоор 15 минут үргэлжлэх бөгөөд 10:30 цагийн орчимд Капитол (АНУ-ын Конгрессын ордон) руу явна.

Капитолын ордонд 11:45 цагт сонгогдсон дэд ерөнхийлөгч, 12:00 цагт ерөнхийлөгч тангараг өргөдөг. Дараа нь их буугаар ёслолын буудлага хийж, найрал хөгжим АНУ-ын Ерөнхийлөгчийн сүлд дууг /1812 онд бичсэн/ тоглоно. Дараа нь Ерөнхийлөгч анхны илтгэлээ тавина. Үүний дараа экс ерөнхийлөгч Вашингтоныг орхин явах бөгөөд ёслолын парад явснаар өндөрлөдөг. Орой нь хүлээн авалт, баал хэмээх ёслолыг зохион байгуулж, маргааш нь "залбирлын өглөөний цай" уудаг байна.

Газар, огноо

АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон 1789 оны дөрөвдүгээр сарын 30-нд тухайн үед тус улсын түр нийслэл байсан Нью-Йорк хотын Уолл Стрит дэх Холбооны танхимд тангараг өргөж байжээ. Түүнийг 1793 онд дахин сонгогдоход нийслэл Пенсильвани мужийн Филадельфи хот руу шилжсэн байсан тул тэнд тангараг өргөсөн. Хоёр дахь ерөнхийлөгч Жон Адамсын тангараг өргөх ёслол 1797 онд мөн Филадельфид болжээ.

Тухайн үед АНУ нийслэл Вашингтон хотыг бүтээн байгуулж байсан бөгөөд 1800 онд дуусгаж, арванхоёрдугаар сарын 1-нд Нийслэлийн статусыг авсан тул 1801 онд Ерөнхийлөгч болсон Томас Жефферсоны тангараг өргөх ёслол Вашингтонд болсон байдаг.

Ёслолыг 1793-1933 он хүртэл гуравдугаар сарын 4-нд товлодог байсан бол 1933 онд Үндсэн хуульд өөрчлөлт орсны дагуу нэгдүгээр сарын 20-нд болдог болжээ. Түүнээс хойш Ерөнхийлөгч огцрох, нас барах зэрэг тохиолдолд буюу Дэд Ерөнхийлөгчөөс Ерөнхийлөгч болсон тохиолдлуудад л нэгдүгээр сарын 20-ноос өөр өдөр тангараг өргөж байв.

Сүмийн ёслол

Сонгогдсон Ерөнхийлөгч сүмд члъдог заншлыг 1933 онд Франклин Рузвельт эхлүүлжээ. Тэрээр Цагаан ордны ойролцоох Гэгээн Жонны сүмд зочилсон. Түүнээс хойш ёслолын салшгүй нэг хэсэг болж тогтсон.

1977 онд Жимми Картер тангараг өргөхөөсөө өмнө Линкольны дурсгалын цогцолборт томоохон шашны нэгдсэн цуглаан зохион байгуулж байв

Цай уух ёслол

Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар Цагаан ордонд залгамжлагчидтайгаа уулздаг уламжлал 1837 онд Эндрю Жексон эрх мэдлээ Мартин Ван Бүрэнд шилжүүлэх үеэс эхэлжээ.  Ажлаа өгч буй төрийн тэргүүн шинэ Ерөнхийлөгчтэй цай уухаас гадна Цагаан ордны ажилтнуудад талархлын захидал бичиж, Зууван танхимд улсынхаа шинэ удирдагчид захиас бичиж үлдээдэг байна.


Капитол дахь ёслол

Капитолд тангараг өргөсөн анхны ерөнхийлөгч бол Томас Жефферсон юм. Ёслолыг 1801 онд Капитолийн хойд жигүүрт байх, тухайн үедээ бүрэн барьж дуусаагүй байсан барилгад хийсэн байна. Үүнээс 16 жилийн дараа, Жеймс Монрогийн үеэс гадаа нээлтээ хийх уламжлал тогтжээ.

1825 онд Жон Квинси Адамс Капитолын зүүн жигүүрт ёсолсноос хойш 1981 он хүртэл энд зохион байгуулж ирсэн. Тогтсон уламжлалыг Рональд Рейган эвдэж, баруун жигүүрт ёслол үйлдсэн аж. Цаг агаар хүйтэн үед ёслолыг Капитолийн төвд байх Ротундад зохион байгуулдаг. Өнөөдөрийн ёслол мөн энд болно.

Тангараг

Ерөнхийлөгчийн тангаргын үг нь АНУ-ын Үндсэн хуульд бичигдсэн байдаг бөгөөд 35 үгнээс бүрдэнэ. Жишээ нь өнөөдөр Д.Трамп "Доналд Жон Трамп /Нэрээ заавал бүтэн хэлэх ёстой/ би АНУ-ын Ерөнхийлөгчийн албыг үнэнчээр гүйцэтгэнэ гэдгээ тангараглаж байна. Би АНУ-ын Үндсэн хуулийг сахин биелүүлж, хамгаалахаа тангараглаж байна” гэсэн үг хэлж, “Бурхан надад туслах болтугай” гэж дуусгадаг. Энэ сүүлийн үг нь Үндсэн хуульд байхгүй ч анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон өөрийн санаагаар нэмж хэлсэн нь ийнхүү тогтсон байна.

Жорж Вашингтон мөн библи дээр гараа тавьж тангараг өргөдөг уламжлалыг бий болгожээ. Түүнээс хойш Жон Квинси Адамс, Теодор Рузвельт нар л Үндсэн хууль дээр гараа тавьж тангараг өргөсөн байдаг аж. Библийн хувьд, шинээр сонголгдсон Ерөнхийлөгч өөрийнхөө гэрийн юм уу, хуучин ерөнхийлөгчийн библийг ашигладаг. Харин 2013 онд Барак Обама АНУ-д боолчлолыг халсан Абрахам Линкольн болон хар арьстны эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кингийн Библи дээр гараа тавьж тангараг өргөжээ.

Дэд Ерөнхийлөгч тангараг өргөхдөө Засгийн газар болон Конгрессын хоёр танхимын гишүүд тангараг өргөхдөө ашигладаг Үндсэн хуульд үнэнч байх тангараг өргөх текстийг хэлдэг.

Дэд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг Улсын дээд шүүхийн шүүгчдийн аль нэг нь, Ерөнхийлөгчийн тангараг өргөхийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч удирддаг аж.

Нэгдүгээр сарын 20 ням гарагт таарвал Ерөнхийлөгч тухайн өдөртөө болон маргааш нь олон нийтийн ёслолын үеэр дахиж тангараг өргөнө.


Ерөнхийлөгчийн тангаргыг дөрвөн удаа өргөсөн хоёр Ерөнхийлөгч бий. Эхнийх нь дөрвөн удаа сонгогдсон Франклин Рузвельт (1951 онд Үндсэн хуулийн 22-р нэмэлт өөрчлөлтөөр ерөнхийлөгчийг хоёроос олон удаа сонгогдохгүй байхаар хуульчилсан), хоёр дахь нь Барак Обама байжээ. Түүнийг 2009 онд анх тангараг өргөх үед Ерөнхий шүүгч Жон Робертс будилсны улмаас маргааш нь Цагаан ордонд ганцаарчилсан ёслолоор тангараг өргөсөн бол 2013 онд нэгдүгээр сарын 20-ны өдөр ням гаригт таарсан тул дахин хоёр удаа тангараг өргөсөн байна.

Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө огцрох, юм уу нас барсны дараа Дэд Ерөнхийлөгч тангараг өргөх тохиолдолд харин олон нийтийн өмнө заавал хийнэ гэсэн хууль байхгүй.

Жишээ нь Линдон Жонсон бөгөөд тэрбээр 1963 онд Жон Кеннедийг будуулж амиа алдсанаас 30 минутын дараа онгоцонд нисэж явахдаа тангараг өргөж байв.

Шинэ Ерөнхийлөгчийн илтгэл

Ерөнхийлөгч Тангараг өргөх ёслолын үеэр анхны илтгэлээ тавьдаг уламжлалыг Жорж Вашингтон эхлүүлжээ. Тэрээр 1789 онд сонгогдоод тангараг өргөхдоо Конгрессийн гишүүд болон бусад зочдод хандан товч үг хэлсэн аж. Анхны тэр илтгэл ердөө 135 үгтнэй байсан бол сүүлдээ Ерөнхийлөгч нар өөрийн дураар тавьдаг болсон аж. 1841 онд Уильям Хенри Харрисон 8445 үгтэй илтгэл бэлдэж, түүнийгээ хоёр цаг уншсан бөгөөд энэ үеэр ширүүн бороо орсны улмаас хатгаа авч, сарын дараа нас барсан тохиолдол ч байх юм.

У.Харрисон

Абрахам Линкольн, Франклин Рузвельтээс бусад Ерөнхийлөгчдийн илтгэлийг туслах, нарийн бичгүүд бэлддэг байна. Дээрх хоёр эрхэм харин өөрсдөө болгочихдог байжээ.

Экс ерөнхийлөгчийг үдэх ёслол, үдийн хоол, ёслолын жагсаал

Бүрэн эрхийн хугацаа нь дууссан ерөнхийлөгч шинэ төрийн тэргүүн тангараг өргөх ёслолд үг хэлсний дараа Вашингтоныг орхин явдаг. Тодруулбал, Капитолоос нисдэг тэргээр “Эндрюс” агаарын цэргийн бааз руу (Вашингтоноос зүүн өмнө зүгт 15 миль) очиж, тэндээсээ гэр лүүгээ явна ажээ.

Харин шинэ ерөнхийлөгч Цагаан ордныг орхиж буй ерөнхийлөгч асныг үдсэний дараа Капитолд буцаж ирэн хүндэтгэлийн зоог барьдаг. Энэ уламжлалыг 1953 онд Дуайт Эйзенхауэр эхлүүлсэн гэнэ.

Оройн зоог барьсны дараа Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч нар Капитолоос Цагаан ордон руу буцаж, Ерөнхийлөгчид зориулсан ёслолын жагсаалыг үзэж сонирхдог.

Ёслолын жагсаал 1809 онд Жеймс Мэдисоныг тангарах өргөх ёслолын үеэр хөтөлбөрт орж, түүнээс хойш хасагдаагүй аж. Жагсаал Капитлиос Пенсильванийн өргөн чөлөө рүү чиглэн 2.7 км үргэлжлэх бөгөөд замдаа Цагаан олрдны урдуур гардаг байна. Жагсаалд үлээвэр найрал хөгжимчдоос гадна Нэгдсэн улсын өнцөг булан бүрээс ирсэн 15,000 хүн оролцдог байна.

Баал /Ball/

Ёслолын эхний өдөр Баал хэмээх уламжлалт арга хэмжээгээр төгсдөг. Жорж Вашингтоны үеэс уламжлалтай энэ арга хэмжээний үеэр тэргүүн хатагтайн өмсөж гарч ирэх даашинз олон нийтийн анхаарлыг ихэд татдаг аж.


Тэрхүү даашинзыг дараа нь Вашингтон дахь Смитсоны нэрэмжит АНУ-ын түүхийн музейд хадгалуулдаг байна. Энэ талбаар бид маргааш та бүхэндээ хүргэнэ.

"Өглөөний залбирал"

Тангараг өргөх ёслолын хоёр дахь өдөр буюу нэгдүгээр сарын 21-нд өглөөний залбирал үйлдэх ёслол болдог. Ёслолд олон шашны төлөөлөл оролцдог бөгөөд шашин шүтлэгээр ялгаварлахгүй гэдэг утгыг агуулдаг бололтой. Анх Жорж Вашингтон зохион байгуулж, Дуайт Эйзенхауэр үндэсний хэмжээний үйл явдал болгон өргөжүүлсэн аж. Ёслолд дэлхийн 100 гаруй улс орны 100 гаруй орноос өөр, өөр шашныг төлөөлөх 4000 орчим зочид оролцон залбирал үйлддэг бөгөөд шинэ Ерөнхийлөгч тэдэн дээр очдог байна.

Жагсаал цуглаан

Тангараг өргөх ёслол нь чухал үйл явдал тул олон нийтийн анхаарал төвлөрсөн байдаг. Энэ үеийг ашиглахыг хүсэгчид байдаг бөгөөд тэд өөр, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэн жагсдаг нь бараг уламжлал болжээ.

1968 онд Ричард Никсоныг тангараг өргөх үеэр иргэд Вьетнамын дайныг зогсоохыг шаардан жагсаж байсан бол 1973 онд дахин сонгогдох үед нь 100,000-уулаа цуглан шаардлагаа дахин тавьсан байдаг.

2000 он сонгуульд Бага Жорж Буш өрсөлдөгч Эль Горыг саналын маш бага зөрүүгээр ялахад Ардчилсан намын дэмжигчид Жорж Мушийн замыг отож байгаад машин руу нь өндөг шидэж байжээ. 2005 онд, түүнийг дахин сонгогдсоны дараа иргэд Иракийн дайныг зогсоохыг шаардаж байв.

2017 онд Доналд Трампыг тангараг өргөх үед иргэд “Трамп манай ерөнхийлөгч биш” хэмээн жагсаж байсан бол 2021 онд Д.Трампыг дэмжигчид үймээн самуун үүсгэсэн байдаг.

Д.Трамп түүхэнд анх удаа Тангараг өргөх ёслолд оролцоогүй билээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна