О.Алтангэрэл: Хууль бусаар хөрөнгөжсөн этгээдийн хөрөнгийг хураах тухай хуулийг өргөн барина

Х.Есү
3 цаг 5 минутын өмнө

Хууль бусаар хөрөнгөжсөн албан тушаалтнуудын хөрөнгийг хураах хуулийн төслийг УИХ-д өргөн барих асуудлаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл өглөө. 

О.Алтангэрэл: "Өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас түүхэн шийдвэр гарлаа. Баялгийн шударга бус хуваарилалт, төрийн өндөр албан тушаал хашиж байгаа этгээдүүд баяжиж, хөрөнгөждөг асуудал дээр ард иргэд маш их бухимдалтай байсан. 

Шударга бусаар хөрөнгөжсөн албан тушаалтны хөрөнгийг хураах асуудал ярвигтай байсаар ирсэн. Тиймээс Засгийн газраас "Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай анхдагч хууль" мөн бусад 17 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах авлигын багц хуулийн төслийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа. 

Өнгөрсөн жилүүдэд асар олон хүмүүс авлигын өршөөлд хамрагдсан. Өршөөлийн хуульд хамрагдаад торгуулсан, ял шийтгэлгүй гарсан эдгээр этгээдүүдийн хувьдаа завшсан, төрөөс хулгайлсан мөнгөнүүд бүгд өөрсдийнх нь өмчид үлдэж байсан. Тэгэхээр одоо авлигын гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон эсэхээс үл шалтгаалан, нийтийн албан тушаалтан өөрийнхөө хөрөнгийг тайлбарлаж чадахгүй бол хөрөнгө нь хууль бус байна гэсэн үндэслэл илрэх юм бол хөрөнгийг нь хурааж авах эрх зүйн үндсийг тогтоож байна" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна