"Хонь бүтэн, чоно цатгалан"

С.Гандэлгэр
2 цаг 57 минутын өмнө

Хамтарсан Засгийн газар стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг томилжээ. Түүнийг АН-ын дарга, Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр санал болгосон гэх мэдээлэл байгаа юм.. 

Түүний хувьд 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн өөрийн байгуулсан ШИНЭ намаасаа гарч, АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. 

Ардчилсан намаас УИХ-ын гишүүнээр сонгогдож, рейтинг өндөртэй улстөрчөөр тодорч, мандаж явсан цаг үе бий. "Шударга тав"-ын нэг болж, Сүхбаатарын талбай дээр жагсаж, УИХ-ын даргаа огцруулж явсан ч түүхтэй нэгэн.

Тухайн үед жагсаж байсан таван улс төрчөөс хамгийн бага "бэлэг хүртсэн" тэрбээр гомдолтой байгаагаа ч нэг бус удаа илэрхийлж байсан юм.

Учир нь "Шударга тав"-ын Л.Оюун-Эрдэнэ нь Ерөнхий сайд, Х.Нямбаатар нь Хуульзүйн сайд, Т.Аюурсайхан УИХ-ын дэд дарга, Лу.Болд Бельгийн хаанд улсад суух бүрэн эрхт элчин сайдын суудлыг авч байв. Тэдэнтэй харьцуулбал Австралийн элчин сайдын зөвлөхөөр ажилласан Ж.Батзандангийн албан тушаал "жижигдсэн" нь үнэн.

Энэ өрөө хамтарсан Засгийн газар өнөөдөр төлж байна. Мань хүн ч саяхан л "ААН-үүд мянга, мянгаараа дампуурч байна. Ажилгүйдэл түүхэнд байгаагүй дээд цэгтээ хүрсэн. Ядуурал хэрээс хэтэрлээ. Эрх баригчдын амьдрал сайхан байж магадгүй. Гэхдээ иргэдийн хөргөгч хоосон байна. Эрх баригчдын мөрийн хөтөлбөр, амлалт биелээгүй" хэмээн шүүмжилж байсан хүн өнөөдөр өөрөө тэдэнтэйгээ гар барив...

Үүнийгээ шинэхэн дарга Ж.Батзандан өөрийн цахим хуудсандаа "Баялгийн санг баян болгох, Баялгийн сангийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр томилжээ" гэжээ.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу стратегийн болон үүсмэл ордын 34-51 хувийг төр эзэмшихээр заасан. Энэ хүрээнд хувийн хэвшилтэй Засгийн газар хэлэлцээр хийж, төрд ногдох хувийг авах хэлэлцээрийг Ж.Батзандан хариуцах юм. 

Хэл амаараа хэнтэй ч үзчихдэг, "попын хаан" гэгдэж явсан түүнийг Л.Оюун-Эрдэнэ хамгийн их галтай, хэрүүл тэмцэл ихтэй ажилдаа томилж буй нь нэг талдаа ихээхэн бодлоготой, улстөрийн уран нүүдэл гэж харж болохоор. 

Нөгөө талдаа хувийн эрх ашгаа хэзээ ч хойш тавьдаггүй Ж.Батзандан алдагдсан баялгаа ард түмэнд эргүүлэн авчрах нэрээр "шантааж" хийх вий гэдэг болгоомжлол ч байгаа нь нууц биш. Ямартай ч "Хонь ч бүтэн, чоно ч цатгалан"-ийн үлгэрээр хамтарсан Засгийн газрын үед Ж.Батзандан хоосон хоцорсонгүй. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.92
    24 минутын өмнө

    buten erht tuluuvch gedeg albiig bhgui bolgoson gej sayhan unuu Uchiral said heleegui bil uu ? ene bas said garaad iree yu ?

    Хариулах