Ардчилсан намын коммунист сайд

Zuv.mn
Өчигдөр 08 цаг 00 минут

Засгийн газрын хамгийн сул сайд нарын нэг бол Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү. Хамгийн их гуйж, гүйж явсаар сайд болсон ч өмнөх сайд Н.Учралын эхлүүлсэн, хэрэгжүүлсэн ажлуудын ард ороод чимээгүйхэн оршиж байлаа. Гэтэл хэд хоногийн өмнө буюу энэ сарын 10-нд "Кибер аюулгүй байдлын хүрээнд “Худал мэдээлэлтэй тэмцэх төв” байгуулна" хэмээн гэнэт "хэлд орж", гарч ирэв.

Түүний хэлснээр, төрд өөрийнх нь харъяа “Хуурамч мэдээлэлтэй тэмцэх төв”-тэй байхгүй бол болохгүй байгаа юм байх. Тэр төв нь мэдээллүүдийг шинжлэх ухааны хувьд үнэн үү, эсвэл худал уу гэдгийг батлах албан ёсны газар байна гэнэ.

Гэтэл олон улсын жишигт худал мэдээлэлтэй тэмцдэг газрууд нь төрөөс хараат бус, бие даасан байгууллагууд байдаг. Өөрөөр хэлбэл, ашиг сонирхлын зөрчилгүй хөндлөнгийн байгууллага нь олон талт эх сурвалж, мэргэжилтнүүдээс мэдээлэл цуглуулж, баримт дээр тулгуурлан шалгадаг. Манайд ч хэд, хэд бий. Тэд мэдээллийн үнэн бодит эсэхийг шалгаж, мэдээлдэг болоод удаж байна.

Иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхтэй холбоотой асуудлыг Ардчилсан намын гэх тодотголтой сайд нь яамныхаа түвшинд шийднэ гээд зогсож байгаа нь хачирхалтай, маш буруу жишиг юм.

Учир нь манай улсын хувьд улстөрчид нь худал мэдээлэл тараадаг, хариуцлага хүлээхгүй үлддэг жишээ олон. Төр өөрөө ч худал мэдээлэл түгээх тохиолдол цөөнгүй гарч байв.

Атал мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг редакциудаас худал мэдээлэл түгээдэг ямар газар өнөөдөр байна вэ.

Ер нь худал мэдээллийн дийлэнх нь зорилготой байдаг нь нууц биш. Ардах захиалагч нь ихэнхдээ улстөрчид байх нь бий.

 Тэгэхээр төр, төрөө шалгана гэж байхгүй. Үүнээс том ашиг сонирхол, эрх ашиг гэж үгүй юм.

Хэрэв Ц.Баатархүү коммунист санаачилгаа ажил хэрэг болговол худал мэдээллийн хэргийг улстөрчид өөрсдөдөө ашигтай хэлбэрээр шийдэх эрсдэл маш өндөр. Нөгөө талдаа олон төрлийн мэдээ мэдээллийн урсгал хурдан явагддаг учир хэдэн мянган шинжлэх ухааны мэргэжилтнийг цуглуулж ажиллах боломж манай нөхцөлд бүтэшгүй зүйл. Элдэв туршилт бидэнд одоо хэрэгггүй, шахмал түлш, утаа гээд бидэнд хүнд асуудлууд олон байна, Ц.Баатархүү сайд аа.

Хэрэв та үнэхээр үнэнээсээ худал мэдээлэлд санаа чинь чилж буй бол иргэдийнхээ мэдээллийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Бүх хүн гар утас ашиглаж байгаа энэ цаг үед Цахим хөгжлийн яаманд олон талт боломж байна.

Харин дээрх коммунист санаачилга зарим улс оронд гарч байсан ч баримт шалгах үндсэн зарчмуудыг хангаж чадахгүй байсаар бүтэлгүйтсэн нь олон.

Ц.Баатархүү та НИТХ-д байх үе шигээ дуугаа өндөрсгөж, юугаар ч хамаагүй попорч болохгүй чухал алба хашиж буй төрийн сайд. Тиймээс татвар төлөгчдийн мөнгийг сэтгэл хөдлөлөөр зарцуулах эрх танд байхгүй.

Бүхнийг төр рүү чирэх гэсэн коммунист санаачилга, хэлбэрдэлтийн чинь үр дүнд хохирч үлдэх хүмүүс нь олон нийт байх болно. “Их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул” гэдэг дээ.

 

 

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.