Зам тээврийн дэд сайд асан Б.Цогтгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та Тавантолгойн бүлэг ордын нэг Ухаа худагийн 34 хувийг "Эм Си Эс" групп төрд буцаан өгөх ёстой гэсэн байр суурийг цахим орчинд идэвхтэй илэрхийлж байна. Бүр шаардаж байгаа ч гэж хэлж болохоор харагдаж байгаа. Энэ таны өөрийн байр суурь яг мөн үү?
-Ер нь “Баялгийн сангийн тухайн хууль” болон Үндсэн хуульд “Газар доорх баялаг бол ард түмний өмч бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Баялгийн сангийн тухай хуулиар Монгол Улс стратегийн ордууд, үйлдвэр, уурхайн газруудаас Монгол Улсын иргэд хувь хүртэнэ.
Олон тооны төсөл хөтөлбөрүүдээсээ бид хувь хүртэх ёстой. Монгол хүн бүр Баялгийн сангаас хувь хүртэнэ. Үүнийгэ Чингис сан гэж нэрлээд мөнгөө төвлөрүүлж, Монголбанкинд данстай болсон. Энэ бол бидний олон жил ярьсан Норвеги шиг, Кувейт шиг, Саудын Араб шиг байгалийн баялагтай орнууд шиг хувь хүртэнэ гэсэн үг.
Гэтэл Зүүн өмнөд Азид байхгүй 7 тэрбум тонны нөөцтэй Тавантолгойн бүлэг ордоос 400 сая тонныг нь 10 жил лицензийг хадгалж байсны төлбөр гэх маягтайгаар гэрээ хийгээд Энержи ресурс гэдэг компанид өгчихсөн Засгийн газрын протокол ил болсон.
Төмөр замын хэлэлцээр, Ураны гэрээ, Эрдэнэтийн хэлэлцээр гэх мэт энэ төрлийн бусад кейсүүдтэй харьцуулж үзээд энэ бол хулгай байна гэж үзсэн учраас би үүнийг олон нийтэд мэдээлсэн. Би шүгэл үлээгчийнхээ л ажлыг хийсэн.
-Нэг талаас Эм Си Эс тэргүүтэй нэгдэл Ухаа худагийг аваад түүгээрээ Монгол Улсад татвараа төлж, улсдаа хувь нэмрээ оруулж байгаа гэж харж болох уу?
-Жишээлбэл, Засгийн газрын хуралдаанаар би Асгатын мөнгөний ордоос 4 хувийг авъя, дараагийн хурлаар чи өөр газрын 4 хувийг ав гээд яваад байж болох юм уу. Хэн мөнгөтэй, эрх мэдэлтэй нь стратегийн ордуудаас ингээд аваад яваад байж болох юм уу.
Би Богдын хөөргийг 20 жил хамгааллаа, би толгойг нь авна гэж байгаатай адилхан зүйл байхгүй юу. Энэ нь хуулиараа хориотой юм. Яагаад гэвэл Үндсэн хуульд “Монгол Улсын газар доорх баялаг ард түмний өмч бөгөөд төр хамгаална” гэж байгаа. Төр хамгаалж чадаагүй бол одоо хамгаалах ажлаа хийгээд авах хэрэгтэй.
Би Монгол хүн болж төрөөд Үндсэн хуулийн дагуу улсынхаа баялгаас хүртэх эрхийг минь тодорхой хэдэн компани, мөнгөтэй хүн тал хагасыг нь зулгаагаад байж болдоггүй юм аа. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл.
Хадгалж, хамгаалж ирсэн байж болно. Тухайн хугацаанд лицензийн төлбөрт хэдэн төгрөг зарцуулсан юм тэрийгээ л буцаагаад ав. Өөр зүйл байхгүй. Үлдсэн нь Баялгийн сангийн тухай хуулиар Чингис сангийн данс руу орох ёстой. Эндээс Монгол Улсын иргэд хувь хүртэх ёстой. Зөвхөн 200, 300 мянган төгрөгөөр тарааж өгөх биш, улсад хэрэгцээ, шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг хийх зохицуулалттай.
Жишээ нь цахилгаан станц, хавдрын эмнэлэг, Туулын хурдны зам зэргийг энэ сангаас хийнэ. Тэгэхээр таван гэр бүл биш Монгол Улсын иргэдийн 50 хувь нь амьдарч буй Улаанбаатар хотод хэрэгцээтэй мега төслүүдийг Чингис санд хуримтлагдсан мөнгөөр хийнэ. Ийм л хуультай, үүгээрээ л явах ёстой.
-Та илүү улс төрийн өнцгөөс хараад байх шиг байна. Эм Си Эс групптэй холбоотой улстөрч шийдвэр гаргах түвшинд олон байгаа гэж үү?
-Төмөр замын хэлэлцээрийн үеэр ямар гишүүд эсэргүүцэж гарч ирэв, юу болов гэдгээс ил харагдаж байгаа. Хэн, хэн нь Ерөнхий сайдыг огцруулах, Засгийн газрыг хөмрүүлэх талаар ярьж байгаагаас харж болно.
Муу ажиллаж байгаа Засгийн газар огцорч болно. Гэхдээ компанийн лоббигоор огцруулдаг улс дэлхийн хаана ч байхгүй. Тийм үед төр, ард түмэн Засгийн газраа хамгаалах ёстой байдаг. Улс орны асуудлыг компанийн лоббид оруулж ерөөсөө болохгүй.
Гэтэл төмөр замын холболтыг Эм Си Эс хамтарч хийсэнгүй. Тийм учраас чамайг огцруулна гэдэг зүйлтэй монголын ард түмэн эвлэрч болохгүй. Энэ бол зарчим юмаа гэдгийг л би хэлж байгаа. Одоо эхнээсээ зэс нь цухуйгаад гарч ирж байх шиг байна.
-Та Ч.Лодойсамбуу гишүүнийг хэлээд байна уу?
-Тийм. Өндөр үнэтэй байр түрээсэлдэг гэдэг асуудал яригдаж байна. Мөн ах дүү, хамаатан садан нь нийлсэн олон компанийн асуудал яригдаж байна. Ч.Лодойсамбууд авах юм олон бий. Хэлэх үгээ хаана ч хэлдэг, шүгэл үлээгч сэтгүүлч, залуу УИХ-ын гишүүн гээд сайн талууд байгаа ч сая Ерөнхий сайдыг огцруулах асуудал дээр цагаа олсонгүй. Хэтэрхий нэг компанийн эрх ашигт үйлчилчихлээ гэж харж байна. Надтай санал нийлж байгаа олон хүн байна лээ. Компанийн эрх ашгаас болж Засаг огцруулдаг байдлыг болих цаг нь болсон. Үүнээс өөр шалтгаан байгаад санал нийлбэл би дэмжинэ.
-Байр түрээслэх юу нь буруу вэ? Та түрээсийн байранд амьдарч үзсэн үү?
-Шийдвэр гаргагч хүн орлогоосоо давсан хэрэглээтэй байж болохгүй. Төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байгаа нийтийн албан тушаалтан байхгүй юу.
Өнөөдөр тэр хүн сэтгүүлч, хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан бол юу дуртайгаа хий. Мөнгөө яаж олно уу, хэнд ч хамаагүй асуудал.
Харин нийтийн албан тушаалтан буюу дарга, сайд, гишүүд, шийдвэр гаргах түвшинд амьдарч байгаа хүмүүс АТГ-т өгч байгаа хөрөнгө оруулгын мэдээллийг сонирхдог нь дэлхий нийтийн жишиг.
Үүнийг нь судалж үзээд хийж байгаа акцыг нь хүмүүс эсэргүүцэж байна. Харин үүнийг хамаагүй гээд дэмжиж байгаа хүмүүсийн бодлыг би үгүйсгэхгүй.
-Ухаа худагийн ордыг эзэмшиж байгаа Энержи Ресурс компанийн толгой компанийн талаар судалж үзсэн үү?
-Нийтийн албан тушаалтан биш, дарга сайд биш хувь хүн оффшортой компани нээнэ үү, яана уу надад огт хамаагүй. "Эм Си Эс"-ийн захирал Х.Оджаргал гэдэг хүн хаана ямар компани нээж, хэдэн төгрөгийн ашиг олж байгаа нь надад ямар ч хамаагүй. Бусад уурхай, компанийх нь мэдээллийг би сонирхох ч үгүй.
Харин "Энержи Ресурс"-ээс Монгол Улсын стратегийн орд болох Тавантолгойн бүлэг ордын нэг хэсэг Ухаа худагаа төр буцааж авъя аа гэж байгаа шүү дээ. Үлдсэн нь хөлөөрөө толгой хийнэ үү бидэнд ямар ч хамаагүй.
Манай улс Эм Си Эс группийн маш сайн хэрэглэгчид. Жишээ нь, Юнител, Скай ресорт, Интермед, Орчлон сургууль, Дөл, Хас, Өлзий утаагүй зуух гээд хэн ч "Эм Си Эс"-ээс үнэгүй зүйл аваагүй, төлбөрөө төлөөд үйлчлүүлдэг. Гэлээ гээд хэн ч гоншигноогүй. Харин улсаас үнэгүй авсан, монголын ард түмнээс үнэгүй авсан Ухаа худагаа л буцааж авъя л гэж байгаа.
-Засгийн газрын овоо хараа Баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт, хэлэлцээрт чиглэж байна. Нэгэнт хууль нь батлагдсан тул хэлэлцээр хийгээд шийдчихэж болохоор санагдаад байх юм. Гэтэл цахим орчинд талцаад хэрэлдээд байдаг. Шууд асуухад танд "Эм Си Эс"-ийн эсрэг дуугарах эрх ашиг байна уу гэж хардаад байна л даа?
-Нэгдүгээрт, миний үгэн дотор Эм Си Эс муу компани, Х.Оджаргал муу хүн гэсэн нэг ч үг байхгүй. Харин ч ухаантай захирал, хөдөлмөрч хамт олон гээд зүйл бүрээр сайхан магтсан байгаа шүү дээ.
Харин үнэгүй авсан юмаа буцаагаад өгчих байлгүй дээ л гэж байгаа юм.
Хоёрдугаарт, З.Энхболдын материал гарч иртэл би энэ хууль ёсны бизнес байхаа л гэж итгэж ирсэн. Мэдээгүй байж байгаад одоо мэдээд авчихлаа. Мэдсэн даруйдаа тэр алдааг засч, залруулах ёстой. Шийдвэрлэхийг эрх баригчдаас шаардах үүрэгтэй би шүгэл үлээгч хүн. Шүглээ л үлээж байна.
Би яг үнэндээ "Эм Си Эс"-ийн барьсан байранд амьдарч байна. Гэхдээ мөнгөө төлөөд амьдарч байна. Түрээслээгүй, түрээслэх ч үгүй. Гэлээ гээд өсөрхөөд, үнэгүй авах гээд шантаачилж байгаа зүйл байхгүй.
-Яг таныг хувь хүнийхээ үзэл бодлыг илэрхийлэхтэй зэрэгцээд олон нийтийн сүлжээгээр "Эм Си Эс"-тэй холбоотой мэдээллүүд гарсан нь анхаарал татаж байлаа?
-Хувийн компани руу дайрах акцад нэгдэж байна гэдэг зүйл яригдаж байна. Би өнөөдөр шүгэл үлээгээгүй. Монгол Улсын төсөв хэлэлцэж байх үеэр намайг Тэрэлж гэдэг компани руу чи их дайрлаа л гэж байсан. Эцсийн дүндээ Тэрэлж зочид буудалд УИХ-ын гишүүд очоод 250 шил виски уух мөнгөөр нэг орой төсөв хэлэлцжээ энэ байж боломгүй асуудал. Төрийн өмчийн үй олон байр байхад юугаа хийж Тэрэлжид очиж, архидаж, төсөв хэлэлцэж байгаа юм бэ гэдэг зүйлийг ярьсны төлөө намайг чи 250 шил архи уудаг юм байна, чи 50 сая төгрөгийн архи уудаг юм байна гэж зөрүүлж, мушгиж их дайрсан. Тэгэхээр энэ зөвхөн өнөөдөр шүгэл үлээж, шүгэл үлээлтийн эсрэг гарч байгаа дайралт биш.
-Таны орон сууцны асуудлыг хүмүүс их хөндөж байна. Та ипотекийн зээлтэй юу ?
-2023 оны 11-р сард өөрийн байр, машин зэрэг АТГ-т өгдөг мэдээллээ ил тавьсан. Би 6, 8 биш 11 хувийн хүүтэй, 20 жилийн байрны лизингтэй байранд амьдарч байна. Би түрээсэлдэггүй. Хуучин би Japan Town-д амьдардаг байсан. 14-15 жил амьдарсан. Тэр байраа зараад одоо амьдарч байгаа байрныхаа урьдчилгаанд өгсөн. Үлдсэн 20 хувь дээрээ 20 жилийн лизинг аваад орж байгаа юм. Тэгэхээр мэдээж сард төлөх хэмжээ нь бага байна гэсэн үг. Гэхдээ банк бол хайрладаггүй юм байна лээ. Тэр байрыг минь тэр чигт нь өөрийнхөө барьцаанд авсан.
-Танай дүү Б.Төгсбаяр гэх эмэгтэй гаальд ажиллаж байгаа юу. Ер нь хэзээнээс ажилласан бэ ?
-Арав гаруй жил гаальд ажиллаж байгаа. Хэдэн жилийн өмнө дүү маань нөхөрт гарсан юм. Тэгээд хөрөнгө орлогоо мэдүүлэхээр нөхрийнхөө хөрөнгийг ч мэдүүлэх хэрэг гарна шүү дээ. Түүн дээр нь дүү нартаа баярласан. Яагаад гэвэл үнэн, шударгаар мэдүүлсэн байна лээ. Тэрнээс Д.Энхтүвшин гишүүн шиг оффшор компанийнхаа хувьцаа, Шангри-Лад байдаг баар саваа нуугаад байж болохгүй л дээ.
Тэгээд хэл ам гарахад нь дүү нараасаа асуухад автомашины улсын дугаар зардаг гэсэн. Би бүгдийг нь боль гэсэн. Амьдрах олон арга байна, өөр юм хий гээд хэлсэн байгаа. Гэхдээ тэр машинуудыг нь нэг бүрчлэн хараарай. Портер, Бонго, Королло, Марк-II гэх мэт хямд 1-2 саяын үнэтэй л машинууд. Ямар хууль үйлчилж байна, тэрэнд зориулж амьдарч байгаа залуучуудын л нэг байгаа юм л даа. Манай дүүг АТГ-аас шалгасан байна лээ. Би бол тэрэнд нөлөөлөх ямар ч боломж байхгүй.
-Д.Энхтүвшин гишүүнийн оффшор компани гэхээр Монголиан Майнинг Корпрэйшн мөн үү ?
-Тийм. Энэ асуудлыг тодруулах гээд АТГ-т өгчихсөн байгаа. Жишээ нь, Шангри-Лад байдаг баарны асуудал гарч ирсэн. Мөн Каяманы аралд бүртгэлтэй оффшор компанийнх нь хувьцааны асуудал гарч ирсэн. Үүнийг Блүүмберг терминал дээрээс мөнгийг нь төлөөд харчихаж болно. Тэрнээс гадна ХОМ-тээ мэдүүлээгүй байж болзошгүй олон компани бий. Энэ компаниудыг бүгдийг нь АТГ-д шалгуулахаар өгсөн байгаа.
Хэрвээ нуун дарагдуулсан, мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ гээд нийтийн албан тушаалтан учраас тангараг өргөчихсөн байгаа. Ямар хариуцлага хүлээлгэхийг нь харж л байя даа.
-Хөтөлийн цемент шохой гээд төрийн өмчит компани бий. Энэ компанийн удирдах албан тушаалд таныг хамаатнуудаа томилдог гэж яриад байдаг. Та үүнд хариулт өгөх үү ?
-Би тийм мэдээ явж байхыг харсан. Миний ээж эхээс 19-үүлээ. Миний аав эхээс 11-үүлээ. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас авхуулаад нийслэл, Дархан, Төв аймаг гээд миний ах дүү, хамаатан саданг тоолбол 3000-4000 хүн гарна. Тэдний хэн нь туг барьж, тугал хариулж байгааг мэдэхгүй. Тэрэнд би нөлөөлөх ямар ч арга байхгүй. Боллоо, томилогдлоо, солигдлоо, буусан л гэдэг юм. Тэр олон хүний өмнөөс хариулж байх үүрэггүй. Би төрийн өндөр албан тушаалтан биш.
-Сүүлийн жилүүдэд хувийн хэвшил рүүгээ дайрдаг, хэлэлцээрийн бус аргаар олон нийтээр цовдлуулдаг асуудал байна. Та хувь хүний хувьд үүнийг хэрхэн хардаг вэ?
-Хамгийн том хоёр жишээ байна. Өмнөх нь Худалдаа хөгжлийн банк. Одоо Эм Си Эс байх шиг байна. Хувийн компаниуд улсаас тендер авч, төрийн бусдаар гүйцэтгүүлэх ажлыг хийж болно. Жишээ нь, өнгөрсөн онд төсөв батлах үеэр 2024 онд төр гурван тэрбумаар тийз авсан байна гээд яригдсан. Соёлын сайд 300 гаруй саяар гадаад явсан байна гэдэг ч юм уу. Гэлээ гээд тийз зарж байгаа компанийг буруутгаж болохгүй. Тэр тийзийг төрийн албан хаагчид руу шахаагүй, нийтийн өмч рүү дайраагүй байх. Харин хувийн компаниуд нийтийн өмч рүү дайраад байж болохгүй. Монгол Улсын газрын доорх баялгаас л хол байх ёстой байхгүй юу. Энэ асуудлаас болж олон хүн муудалцаж байна шүү дээ. Би хүртэл багын найзтайгаа саяхан муудаад л авлаа.
-Люмино хамтлагийн Бажиг ярьж байна уу. Та хоёр эвлэрсэн үү?
-Тийм. Бажи бол миний багын найз. Өчигдөр өөрөө над руу залгаад бид хоёр эвлэрсэн. Бараг 45 минут утсаар ярьсан. Бид хоёрт эвлэрэх мянган шалтгаан байгаа. Зөрчилдөх нэг л шалтгаан байгаа. Гэхдээ нийгмийн хандлага их муухай юм. Хоёр хүн хэрэлдэх юм бол өлгөж авах юм. Тэгээд эвлэрсэн гэхээр хүмүүс "Яагаад эвлэрчих вэ, цусаа гартал зодолдохгүй яасан юм" гээд л уурлах юм.
Ер нь эвийн талыг барьж байгаа нь үргэлж зөв байдаг юм байна лээ. Бажи маань ухаантай юм болохоор түрүүлж яриад эвлэрсэн байгаа.
-Ярилцсанд баярлалаа
-Баярлалаа
Ярилцсан: С.Гандэлгэр
Буулгасан: Т.Отгонсувд
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.113.132
Зөв л дөө
Хариулах