АЙЛЧЛАЛ: Бүгд найрамдах Чех Улстай харилцааны түвшнээ ахиулж, "Иж бүрэн түншлэл"-ийн түвшинд хүргэлээ

Г.Долгорсүрэн
3 цаг 41 минутын өмнө

Манай сэтгүүлч Г.Долгорсүрэн Бүгд найрамдах Чех улсын Прага хотоос мэдээлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад тус улсын ерөнхийлөгч Петр Павелын урилгаар хийж буй төрийн айлчлал үргэлжлэл байна. Энэ удаагийн төрийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд, Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Чех улсад 10 жилийн дараа болж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг тус улсын Ерөнхийлөгч Петр Павел Прагийн шилтгээнд албан ёсоор угтаж авлаа

Өнөөдөр хоёр улсын төрийн тэргүүн “Прагийн шилтгээн” ордонд ганцаарчилсан уулзалт хэлэлцээр хийж, харилцааны түвшнээ ахиулж, энэхүү ахиусан түвшиндээ дүйцэх хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зуран баталгаажууллаа.

Үүний өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прагийн шилтгээний хүндэт зочны дэвтэрт дурсгалын үг бичиж үлдээсэн.

Тэрбээр дэвтэрт уйгаржин монгол бичгээр “Монгол Улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай Бүгд Найрамдах Чех Улсад Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийж, хоёр улсын харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэн тунхаглаж байгаадаа баяртай байна.

Олон зууны баялаг түүхтэй, үзэсгэлэнт Прага хотын шилтгээнд зочилж, Чех Улсыг сэргээн цогцлоож, тусгаар тогтнол, орчин үеийн хөгжил, дэвшлийн бат бэх суурийг тавьж, ард иргэдийнхээ итгэл найдвар, хайр хүндлэлийг хүлээсэн Чех Улсын үе үеийн удирдагчдын хичээл зүтгэл, алдар гавьяа, үзэл санааг гүнээ хүндэтгэж байна.

Монголчууд бидний өвөг дээдэс Их эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид “Монголын их амар амгалан”-г дэлхий дахинд тогтоож байсан лугаа адил дэлхийн улс орнууд энх тайвнаар зэрэгцэн оршиж, манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа өнө мөнхөд мандан бадрах болтугай” гэж бичжээ.

ХАРИЛЦААНЫ ТҮВШНИЙГ ШАТ АХИУЛЖ, ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛИЙН ТҮВШИНД ХҮРГЭЛЭЭ

Монгол, Чехийн харилцаа хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй. Тодруулбал, БНМАУ, Бүгд найрамдах Чехословак улс гэдэг нэртэй байх үедээ: 

1963 онд БНМАУ, БНСЧСУ-ын Засгийн газар хооронд геологийн зураглал, эрэл хайгуулын иж бүрэн ажлыг явуулахад зээллэг олгох тухай;

1976 онд БНМАУ, БНСЧСУ-ын Засгийн газар хооронд иргэн, гэр бүл, эрүүгийн талаар эрхийн туслалцаа үзүүлэх болон эрхийн харилцаа тогтоох тухай гэрээ,

1984 онд БНМАУ, БНСЧСУ-ын Засгийн газар хооронд хоёрдмол харьяаллын асуудлыг зохицуулах гэрээг тус, тус байгуулан мөрдөж байв. 

Угталтын үеэр хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэж, ёслолын буудлага үйлдсэний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөв

Улмаар ЗХУ тэргүүтэй социалист систем задарч, Чехословак улс Чех, Словак хэмээх хоёр улс болж салсны дараа 1993 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр дипломат харилцаа тогтоож байжээ.

Бүгд найрамдах Чех улстай дипломат харилцаа тогтоосноос хойш 

-Монгол, Чехийн Засгийн газар хоорондын худалдааны хэлэлцээр, 1995 он;

-Монгол, Чехийн Орлогын татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр, 1997 он;

-Монгол, Чехийн Засгийн газар хооронд Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр, 1998 он;

-Монгол, Чехийн Засгийн газар хооронд Гаалийн асуудлаар хамтрах ажиллах, харилцан туслах тухай хэлэлцээр, 1998 он;

-Монгол, Чехийн Засгийн газар хоорондын Найрамдал, хамтын ажиллагааны протокол, 1999 он;

-Монгол, Чехийн Засгийн газар хооронд Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр, 2004 он;

-Монгол, Чехийн Засгийн газар хооронд Дипломат паспорт эзэмшигчдийн визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээр, 2011 он;

-Монгол, Чехийн Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр, 2019 он;

-Монгол, Чехийн Засгийн газар хооронд хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай хэлэлцээр, 2019 он;

-Монгол, Чехийн Засгийн газар хоорондын Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэх протокол, 2019 он зэрэг гэрээ, хэлэлцээрийг батлан мөрдөж байгаад 32 жилийн дараа харилцааны түвшнээ ахиуллаа. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ удаагийн төрийн айлчлалын үеэр хоёр орны Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшинг шат ахиулж, Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэсэн юм.

Хоёр улсын "Иж бүрэн түншлэлийн тухай хамтарсан тунхаглал"-д Монголыг төлөөлж Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Чехийг төлөөлж БНЧУ-ын Гадаад харилцааны сайд Ян Липавский нар гарын үсэг зурав.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ, ХЭЛЭЛЦЭЭРҮҮДИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА

Хоёр Ерөнхийлөгч "Иж бүрэн түншлэлийн тухай хамтарсан тунхаглал"-д гарын үсэг зурсны дараа харилцаагаа өргөжүүлэх гэрээ, хэлэлцээрүүдэд гарын үсэг зурж баталгаажуулах ажиллагаа эхэлсэн.

Улмаар Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс, БНЧУ хоорондын хэлэлцээр"-т Монголыг төлөөлж ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл, Чехийг төлөөлж Дотоод хэргийн дэд сайд Лукаш Хендрих нар, "Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын яам, БНЧУ-ын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яам хоорондын хэлэлцээр"-т Монголыг төлөөлж Боловсролын сайд П.Наранбаяр, Чехийг төлөөлж Боловсрол, залуучууд, биеийн тамирын дэд сайд Ярослав Миллер нар гарын үсэг зурлаа.

Мөн "Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажилллах тухай Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, БНЧУ-ын Хөдөө аж ахуйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг"-т Монголыг төлөөлж, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Чехийг төлөөлж Хөдөө аж ахуйн сайд Марк Виборни нар гарын үсэг зурав.

Дараа нь “Хамтын ажиллагааны тухай” Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтын яам болон БНЧУ-ын Прага хотын амьтны хүрээлэн хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Монголыг төлөөлж Монгол Улсаас БНЧУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Гансүх, Чехийг төлөөлж Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек нар гарын үсэг зурлаа.

Хамгийн сүүлд БТСУХ, БНЧУ-ын Үндэсний спортын агентлаг "Биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллах тухай хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг"-т Монголыг төлөөлж Монголыг төлөөлж Монгол Улсаас БНЧУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Гансүх, Чехийг төлөөлж Үндэсний спортын  агентлагийн дарга Ондржей Шебек нар гарын үсэг зурав.

Ингэснээр боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй, спорт, хууль эрх зүй зэрэг чиглэлээр хамтран ажиллах, харилцан дэмжлэг үзүүлэх боломж бүрдэж буй юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна