Б.Жавхлан: Төсөв тодотгол хийх нөхцөл үүсээгүй

Zuv.mn
5 цаг 5 минутын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. 

Нүүрсний экспорт багасаж, үнэ буурч байгаа учир улсын төсөвт асуудал үүснэ хэмээн иргэдийн зүгээс санаа зовж буй. Тэгвэл улсын эдийн засаг, төсвийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "2025 оны эхний хоёр сарын байдлаар Монгол Улсын орлого, зарлага хэвийн байна. Эхний хоёр сард төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөгөөний дагуу 95 хувийн гүйцэтгэлтэй байна. 

Гол түүхий эд, ялангуяа нүүрсний үнэ ихээхэн унаж байгаа нь таатай зүйл биш. Гэхдээ төсөвт цохилт учруулах хэмжээнд очоогүй.  Дөнгөж эхний хоёр сар гараад байгаа үед төсвийн тодотгол хийх нөхцөл үүсээгүй. Харин экспортыг нэмэгдүүлэх, Төвбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газар анхаарал хандуулж ажиллана. Ажлын хэсгийг миний бие ахлан ажиллахаар боллоо.

Мөн бүх түвшинд аливаа үнэ тарифыг нэмэгдүүлэхгүй байх  шийдвэр гарсан. 

Дахин хэлэхэд юу юугүй төсөв тодотгох, урсгал зардлаа танах, зарим үйл ажиллагааг доголдуулах шаардлага байхгүй. Тийм нөхцөл үүсээгүй байна" гэв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна