УИХ-ын хаврын чуулган өнөөдөр /2025.03.17/ нээлтээ хийнэ. Чуулганаар Гашуун сухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын асуудлыг нэг мөр эцэслэх, Ухаа худаг орд буюу "Энержи ресурс" ХХК-тай хийх хэлэлцээр, цахим мөрийтэй тоглоомыг "Хазаарлах" хууль, УИХ-ын хоёр ч гишүүний бүрэн эрх түдгэлзэх эсэх зэрэг халуухан асуудал тус чуулганаар хэлэлцэгдэхээр байна. Дээрхээс гишүүдийн бүрэн эрхтэй холбоотой асуудлын талаар мэдээлэл хүргэж байна.
Д.Цогтбаатар явж, Э.Болормаа үлдэх үү
Хангайн бүсээс УИХ-д сонгогдсон гишүүн Даваагийн Цогтбаатар Улсын дээд шүүхээс оны өмнөхөн буюу 2024.12.11-нд ял сонссон байдаг.
Тодруулбал, Хөгжлийн банкны хэрэгт нь 20 сая төгрөгийн торгууль, хоёр жил нийтийн албанд томилогдох эрхийг нь хасах шийдвэр гаргасан. Энэ нь бүрэн эрх нь хэрэгжиж байгаа УИХ-ын гишүүн шүүхээс ял авч байгаа анхны тохиолдол болж буй. Түүний тогтоол албажиж, өөрийн биеэр хүлээн авсан гэх мэдээлэл байна. Ингэснээр Д.Цогтбаатар УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах процесс эхлэх юм.
Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 29-р зүйлийн 3-т "Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Тухайн гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна" хэмээн заажээ.
Мөн Улсын Их Хурлын тухай хуулийн 9.1.5. "УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон" тохиолдолд гишүүний бүрэн эрх заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно гэж заасан байдаг аж. Энэ дагуу УИХ-ын түүнийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх юм.
Харин УИХ-ын гишүүн Э.Болормаатай холбоотой асуудал бол УИХ-ын сонгуулийн хандивтай холбогдоно. Тодруулбал УИХ-ын гишүүн Э.Болормаа нь сонгуулийн үеэр 100 хувийн гаднын хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” оффшор данстай компаниас хандив авсан.
Энэ нь сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл бөгөөд Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч гаднын болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниас санхүүжилт авахыг хориглосон байдаг. Харин Аудитын байгууллагаас эл зөрчлийг хянаж, арилгуулах ёстой байсан ч үүргээ биелүүлээгүй өдийг хүрсэн юм. Эл асуудалдаа УИХ-ын гишүүн Э.Болормаа хариуцлага хүлээх нь тодорхой.
Гэсэн ч түүний бүрэн эрхийн асуудал яригдах эсэх нь эргэлзээтэй. Учир нь дээр дурдсан хуулийн заалтууд зөрчигдөөгүй. Учраас зөрчлийн тухай хуульд зааснаар торгуульж магадгүй юм.
17-р зүйлийн 23-т "Хандив өгөхийг хуулиар хориглосон этгээдээс хандив өгсөн бол, тус хандивыг тухайн сонгуулийн дүн гарахаас өмнө буцаан шилжүүлээгүй бол, эсхүл хуульд зааснаас илүү хэмжээний хандивыг тухайн сонгуулийн дүн гарахаас өмнө буцаан шилжүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заажээ.
Тиймээс УИХ-ын гишүүн Э.Болормаагийн гаднын хөрөнгө оруулалттай компаниас хандиваар авсан 30 сая төгрөгийг улсын орлого болгож, түүнийг 10 сая төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна