Ж.Золжаргал: Мэдээллийн технологийн төрийн байгууллагууд зориулалтын байраа алдчихсан

Х.Есү
2025/03/27

УИХ-ын гишүүн Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалаас Мэдээлэл технологийн үндэсний паркыг тойрсон маргааны талаар тодрууллаа.

-Чиг үүргийн байнгын хороог удирдаж байгаа хүний хувьд Мэдээлэл технологийн үндэсний парк болон Өргөө-2 хоорондын түрээсийн гэрээний маргааны талаар мэдээлэл авсан байх. Таны байр суурийг эхлээд тодруулъя.

-Албан ёсоор мэдээллийг авсан. Мэдээлэл технологийн үндэсний паркаас ИЦББХ-нд албан ёсоор албан бичиг ирүүлсэн. Энэ салбарыг хөгжүүлэх зорилготой ажиллаж байгаа хууль тогтоогч байгууллагын төлөөллийн хувьд хэлэхэд энэ хэтэрхий бүдүүлэг алдаа гарсан байгаа юм. Манай байнгын хороонд салбарын төлөөллүүд болон УИХ-ын гишүүдээс асуултууд ирж байгаа учраас бид ойрын хугацаанд холбогдох байгууллагуудыг дуудаж мэдээлэл сонсохоор төлөвлөж байна.

-Ямар алдаа гарсан юм бол…?

-Энэ үйл явдал 2010 оноос өрнөж эхэлсэн байдаг. Төрийн өмчийг нэг метр квадрат нь 5,000 мянган төгрөгөөр "Нью Тур Сафарис" ХХК буюу Өргөө кино театрын охин компанид түрээсэлж эхэлсэн бөгөөд одоо 8,000 төгрөг болж өссөн байгаа юм. Яахаараа хотын яг төвд байгаа байрны түрээс нэг метр квадрат нь 8,000 төгрөг байдаг юм? гэдгээс л алдаа эхэлнэ.  Хамгийн ноцтой нь тус компани төрөөс хямд түрээсэлж авчихаад давхар түрээсэлж их ашиг олсоор ирсэн. Төрийн өмчийг 8,000 төгрөгөөр түрээсэлдэг мөртлөө бусдад давхар түрээслэхдээ зах зээлийн жишиг үнийн дагуу буюу м2-ыг 33,000-50,000 төгрөгөөр түрээсэлдэг мэдээлэл байна.


Тэгээд гэрээ нь дуусаж, байрыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан ч гарч өгөхгүй хэдэн жил болж байгаа мэдээлэл ирсэн. Гэтэл Кибер аюулгүй байдлын нийтийн төв, Төрийн цахим үйлчилгээний газар зэрэг салбарынх нь чухал байгууллагууд хэд дахин үнэтэй түрээсийн байранд ажиллаж байдаг. Нэг үгээр хэлбэл мэдээллийн технологийн төрийн байгууллагууд байр саваа алдчихсан байна. Үүнийг залруулах ёстой.

-Нийтэд байгаа мэдээллээс харвал маргааныг шийдвэрлэх шүүх хурал товлогдоод байгаа юм билээ. Өдийг хүртэл шийдэгдээгүй шалтгааныг та хэрхэн харж байна вэ?

-Шүүхийн шийдвэр хараат бус хуулийн хүрээнд гарна биз. Түүнд нөлөөлөх боломжгүй. Гэхдээ надад ирсэн мэдээллээр нэг жилийн хугацаанд шүүх хурлыг есөн удаа хойшлуулсан байгаа юм. Энэ жижиг асуудал дээр ингэж олон удаа хойшилж байгаа нь анхаарал татаж байна.

Мэдээлэл технологийн үндэсний парк нь мэдээллийн технологийн бизнесийг дэмжих, олон улсын зах зээлд гаргах чиг үүрэгтэй байгууллага. Хэрвээ зай талбайгаа зориулалтаар нь ашигласан бол санаагаа хөгжүүлээд мэдээлэл технологийн зах зээлд амжилт гаргах чадамжтай залуус маш олон байна шүү дээ.

Мэдээллийн технологийн төрийн компаниуд нь энэ тэнд оффисын байранд хоргодож байхад зориулалтын байр нь кино театр болчихоод байгаа нь мэдээж зохимжгүй шүү дээ. Өнөөдөр мэдээллийн технологийн салбарын хөгжил өдөр өдрөөр өндрөө авч, хурдтай хөгжиж байна. Цаг хугацаа биднийг хүлээхгүй.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.249
    2025/03/27

    51 тоот нөхрийн хэрэг биз дээ.

    Хариулах