М.Энхцэцэг: Эрчим хүчний салбарт өрсөлдөөн үүсэж байж цахилгаан, дулааны үнэ буурна

С.Гандэлгэр
30 минутын өмнө

УИХ-ын гишүүн М.Энхцэцэгтэй Эрчим хүчний реформ болон салбарын бодлогын асуудлаар ярилцлаа.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАРААГИЙН, ӨРСӨЛДӨӨНТ СИСТЕМ РҮҮ ОРОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА, ТЭГЖ БАЙЖ Л ҮНЭ БУУРНА 

-Засгийн газар уул уурхайн салбараас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн өмчит компаниудыг нэгтгэн "Эрчист Монгол" гэх компанийн малгай дор, нэгдсэн удирдлагад оруулах асуудал яригдаж байна. Эрчим хүчний салбарын компаниудыг нэг удирдлагад оруулах нь хэр зөв зүйтэй шийдвэр бэ? 

-Төрийн өмчийн компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулах тухай хуулийг Засгийн газар Намрын чуулганы сүүлийн өдөр УИХ-д өргөн барьсан. Энэ хуульд "Эрчист Монгол" гэх компанийг шинээр байгуулаад уул уурхайн бус бүх төрийн өмчийн компаниудыг нэгдсэн удирдлагаар хангах" гэсэн заалт байгаа юм. Энэ асуудал дээр би маш шүүмжлэлтэй хандаж байгаа. 

Өмнө нь энэ салбар Эрчим хүчний удирдах газар гэх байгууллагаар удирдуулдаг босоо тогтолцоотой байсан. Улмаар Монгол Улс Эрчим хүчний тухай хуулийг 2001 онд батлаад хэвтээ тогтолцоотой буюу олон компаниуд болгож салгасан байдаг. Уг нь энэ үед реформ хийгдэж эхэлсэн. Ганцхан манай улсад ч биш дэлхийн олон улсад яг энэ жишгээр реформ хийгдсэн. Харин манай улс эхлүүлсэн шинэчлэлээ үргэлжүүлэлгүй хаячихсан.

Эрчим хүчний компаниуд төрийн удирдлагад, босоо тогтолцоотой байх нь буруу юм. Аль болох бие даасан компанийн байдлаар үйл ажиллагаа явуулж, хоорондоо өрсөлдөж, тэрнийхээ үндсэн дээр зах зээл дээр тэсч үлдэхийн тулд үйл ажиллагаагаа өөрсдөө сайжруулаад явдаг тийм тогтолцоог бий болгох ёстой байсан. 

Өнөөдөр Эрчим хүчний реформын үндэсний хороо байгуулаад эрчим хүчний салбарын хөгжил, бие даасан байдлыг бий болгохын төлөө ажиллаж байгаа. Гэтэл арай гэж задлаад бие даасан компаниуд болгосон системээ буцааж нэгтгэх хуулийг засгийн газраас өргөн баригдсанд мэргэжлийн хүний хувьд реформоосоо ухарсан асуудал мөн гэж дүгнэж байгаа. 

Өчнөөн хууль гаргаж задалсан төвлрөлийг буцааж багцалж, төвлөрүүлэх нь маш буруу. Дэлхий дахинд тийм шийдвэр гаргаж байсан улс байхгүй. Мэдээж энэ хуулийг санаачилсан зорилгыг ойлгож байгаа. Монголд байгаа төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг сайжруулж, ашигтай ажиллуулахад хүндрэл маш их байгаа. Энийг л зохицуулах зорилготой байгааг нь ойлгож байна.  

Бусад компаниудыг нэгтгэх нь зөв байж магадгүй. Харин энэ онцлогтой эрчим хүчний салбарт ухралт хийж болохгүй. Бидний хийх гээд байгаа Эрчим хүчний реформд хүртэл эргэлзээ төрүүлчихэж байна шүү дээ. 

-Хэвтээ тогтолцоотой болгосон нь өрсөлдөөн бий болгох зорилготой байсан байх. Гэсэн хэдий ч энэ салбарт эрүүл өрсөлдөөн бараг алга байна шүү дээ?

-Манай улс 2001 онд хийсэн эрчим хүчний реформоо эргэж харж, үнэлж дүгнэж, сайжруулаагүйн гороор өнөөдрийн нөхцөл байдал хүрсэн. Төрийн монофол систем бий болчихсон байна шүү дээ. Эрчим хүчний компаниуд үр ашиггүй, муу ажиллаж байна гээд шүүмжилж байна л даа. Гэхдээ энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн буруу биш шүү дээ. Салбарын реформ нь дутуу хийгдчихсэн, үнэ тарифыг нь маш олон жил хүчээр барьснаас болж байгаа юм. 

Тэгэхээр дараагийн өрсөлдөөнт систем рүүгээ орох хэрэгтэй байна. Илүү олон үйлдвэрлэгч, илүү олон борлуулагч компаниуд бий болж байж энэ салбарт өрсөлдөөн үүснэ. Өрсөлдөөнөөс л үнэ буурна шүү дээ. 

ИРГЭД ГАР УТСАНДАА САРД ХЭДЭН ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ, ЭРЧИМ ХҮЧИНД ХЭДЭН ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ БИЛЭЭ ГЭДГЭЭ ХАРЬЦУУЛЖ БОДОХ Л ЁСТОЙ 

-Эрчим хүчний үндэсний хороо байгуулагдаад яг юу хийв гэдэг асуулт гарж ирэх байх. Үнэ нэмсэн нь Үндэсний хорооны буруу болж таарах шиг? 

-Шинээр байгуулагдсан 126 гишүүнтэй парламент, Засгийн газрын нэн тэргүүнд тавьсан зорилт бол эрчим хүчний салбарын реформ. Тэр утгаараа үндэсний хороо байгуулж ажилласан. 
Нийт таван ажлыг реформын хүрээнд хийж ажиллах зорилт тавьсан.

 1. Үнэ тарифын шинэчлэл, 
2. Шилжилтийн бодлогыг боловсруулах, 
3. Эрчим хүчний салбарын хууль эрх зүйн орчны асуудал  
4. Эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын засаглал
5. Эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх мега төслүүдийг хэрэгжүүлэх
Ийм таван төрлийн ажлыг энэ реформын хүрээнд хийхээр ажиллаж байна. Миний хувьд хууль эрх зүйн орчны шинэчлэлийн асуудлыг хариуцаж байгаа. 

Өнөөдөр эрчим хүчний салбар улс орны хөгжил, эдийн засгийн өсөлтийг боомилчхоод байна. Өвлийн тэсгэх хүйтэнд хэрэглэгчийнхээ цахилгааныг тасалж байж өвлийг давж байна. Маш олон хэрэглэгч үйлдвэр барих гэсэн юм, бизнес хийх гэсэн юм цахилгаан дулаанаар хангаач гэж хандаж байгаа ч хангаж чадахгүй байна. Энэ нь эрчим хүчний салбарын буруу биш. 

Яагаад гэвэл тухайн цахилгааныг үйлдвэрлэхийн тулд тодорхой зардал гардаг тэр зардлаа ч нөхөхгүй хэмжээнд олон жил үнийг нь барьчхаар энэ салбар хямралынхаа дээд цэгт оччихсон байгаа нь энэ. Энэ байдлаараа үнэхээр яриад байгаа том том бүтээн байгуулалтуудаа хийнэ гэсэн ойлголт байхгүй. 

Эрчим хүчний салбарыг түрүүлж хөгжүүлж байж л бусад бүтээн байгуулалт нь хийгдэнэ гэсэн үг. Маш олон иргэд энэ санаачилгыг хүлээн зөвшөөрсөн. Мэдээж цахилгаанаар халаалтаа шийдсэн айлуудад хүнд туссан л даа. Тэр утгаараа шөнийн хөнгөлөлтийн хугацааг сунгасан, квт цагийг нь өсгөсөн. Ингэснээр нөгөө гэр хороололд байгаа цахилгаанаар халаалтаа шийддэг байсан айлуудад харьцангуй бага нөлөөлж байгаа. 

Одоо ямар асуудал үүсээд байна вэ гэхээр, Зайсанд эсхүл уулын амуудад байдаг том том хаусууд маш их хэрэглээтэй байдаг. Улмаар тэр хүмүүсийн хувьд хүндээр тусч байгаа. Энэ цөөнхийн бүлэг л эрх ашигтаа баригдан цахилгааны үнэ чөлөөлсөн асуудлыг эсэргүүцсээр байгаа юм. Үнэ чөлөөлсөн ажил бол улс орныг хямралаас нь гаргая л гэж байгаа бол заавал хийх ёстой алхам мөн байсан. 

-Эрчим хүч суурь үнэ болдог, улс төржүүлж болдог сэдэв учраас болгоомжтой хандаж байна гэж харсан?

- Цахилгаан нь өөрөө бүтээгдэхүүн. Тэгэхээр нэг компанийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн өртгөөсөө ч бага үнээр худалдаалагдаад байгаа нь эрүүл бус зарчим.  

Цахилгаан, дулаан үйлдвэрлэхэд мэдээж зардал гарна. Нүүрсний уурхайд олон хүн ажиллаж байна, төмөр зам дээр олон хүн ажиллаж байна, станцууд дээр бас олон хүн ажиллаж байна, технологио шинэчилнэ гэх мэт олон зардал гарна. Одоо бол нэг квт цахилгааныг үйлдвэрлэх зардал 280 төгрөг байсан. 

Гэтэл өнгөрсөн хугацаанд 100 гаруйхан төгрөгөөр худалдаалж байв. Тэр зөрүүг нь төр татаасаар зохицуулж байсан гэсэн үг. Мэдээж төр засгаас ард түмнээ бодож л энэ олон жил цахилгаан, дулааны үнийг барьсан л даа. Тиймдээ ч ядаж өртгөө нөхөх шийдлийг ард иргэд маань ойлгож дэмжсэн. 

Амь амьдралыг нь залгуулж байгаа цахилгаан дулаандаа хэдэн төгрөг зарцуулж байгаа билээ. Гэтэл нэг гэр бүлийн гишүүд утсандаа хэдэн төгрөг зарцуулж байгаа вэ гэдгийг бодох л хэрэгтэй. 

-Өмнө нь төсвөөс татаас өгдөг байсан. Одоо цахилгаан үйлдвэрлэх өртөгт нь дүйцүүлсэн гэхээр тэр хэмжээний мөнгийг татаасаар өгөх шаардлагагүй болж, өөр бүтээн байгуулалт хийх боломжтой болсон гэсэн үг үү? 

-Өнгөрсөн онд 200 гаруй тэрбумын татаас өгч байсан. Мөн төсвийн тодотгол хийхэд 130 тэрбумын татаас төсөвт суулгаж байсан. Энэ онд тэр бүх татаас байхгүй болсон гэдгийг Эрчим хүчний зохицуулах хороо хэлж байна. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.212
    23 цагийн өмнө

    Эрчист Монгол … дахиад нэг Эрдэнэс Монгол … нөгөө Төр нь бизнес хийж татвар төлөгчидтэйгээ өрсөлдөхгүй бизнесийг нь булаахгүй, Төрийн өмчийн компаниудын тоог цөөлнө нтр гээд байсан чинь яасан бэ?! Улам л томруулаад монополь болгоод социализм руугаа ухраад байхын!!!

    Хариулах
  • 203.91.115.44
    2025/03/28

    Эрчим хүчний үйлдвэрлэлийн нэгжийн тоог нэмж.олон болгох,хувийн хэвшилд Эрчим хүч ний жижиг нэгж үүсгэн байгуулахад туслах дэмжих хэрэгтэй эрх Ашиг харж хааж боохоо зогсоосон цагт Эрчим хүчний салбар хөгжинө. Үнэ Эхний ээлжид нэмсэн нь зөв боловч цаашдаа үйлдвэрлэл нэмэгдээд өртөг Зардал буурч үнэ тогтвортой болно.

    Хариулах
  • 202.9.40.21
    2025/03/28

    Компаниудыг задалсанд хоорондын уялдаа холбоо байхгүй болсон. Үүссэн асуудлуудын дундаа шиддэг

    Хариулах
  • 64.119.29.46
    2025/03/28

    Энэ харин мэргэжлийн хүн шиг зөв ярьсан бна шүү энэ нэгтгэх хууль бол болохгүй хууль шүү дээ

    Хариулах