2024 онд импортоор 3.5 тэрбум ширхэг янжуур тамхи, 8.2 сая ширхэг электрон тамхи оруулж иржээ

Х.Есү
1 цаг 33 минутын өмнө

Монгол Улсын хувьд уламжлалт болон шинэ төрлийн тамхины хэрэглээ тогтмол өсөн нэмэгдэж 2019 онд 13-15 насны сурагчдын 14 хувь нь утаат тамхи, 3.5 хувь нь электрон тамхи хэрэглэдэг байсан бол 2023 онд энэ үзүүлэлт 19.9 хувь, 24.8 хувь болж огцом өссөн дүнтэй байгаа нь бүх төрлийн тамхины хор хөнөөлөөс өсвөр, залуу үеийг хамгаалах зайлшгүй шаардлага тулгарсан байгааг илтгэж байна.

Монгол Улсын 15-69 насны хүн амын дунд 24.2% буюу 5 хүн тутмын 1 нь тамхи татаж байна. Үүнээс эрэгтэй 43.7%, эмэгтэй 5.0%. Эрэгтэйчүүдийн дунд тамхины хэрэглээ эмэгтэйчүүдээс 8.7 дахин их байгаа юм. 



Гаалийн ерөнхий газрын мэдээллийг харвал 2024 онд импортоор 3.5 тэрбум ширхэг янжуур тамхи, 8.2 сая ширхэг электрон тамхи оруулж ирсэн нь бүх төрлийн тамхины хэрэглээ өсөн нэмэгдэж байгааг харуулж байна.

Тухайлбал, нийт хүн амын тоонд харьцуулахад нэг хүнд жилд дунджаар 1,000 ширхэг янжуур тамхи буюу 50 хайрцаг янжуур тамхи ногдож байна.

Тамхины хэрэглээ дэлхий нийтээр өсөн нэмэгдэж байгаа тул энэхүү хортой бүтээгдэхүүний  тархалтыг хязгаарлах хатуу бодлого баримтлах улс орнуудын тоо нэмэгдсээр байгаа юм. 

2020 онд дэлхийн хүн амын 22.3% нь тамхи хэрэглэж, үүнээс  эрэгтэйчүүдийн 36.7%, эмэгтэйчүүдийн 7.8% нь тамхи татдаг байсан бол 2023 оны байдлаар 1.3 тэрбум хүн тамхи хэрэглэж байгаа ба эрэгтэйчүүдийн 34%, эмэгтэйчүүдийн 6% нь тамхи татаж байна.

ДЭМБ-ын 2023 оны тайланд дурдсанаар, тамхины хэрэглээ нь хөгжингүй орнуудад буурч байгаа бол хөгжиж буй орнуудад хэрэглээ нэмэгдэж байгааг харуулсан. Одоогоор 60 улс тамхины хэрэглээг 2010-2025 оны хооронд 30%-аар бууруулах зорилтын хүрээнд амжилттай явж байгаа боловч бусад улс орнуудад нэмэлт бодлого шаардлагатай хэвээр байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна