Б.Найдалаа У.Хүрэлсүхийн түүхийг давтаж, Д.Гантулгад боломж олдох уу

Х.Батсайхан
2025/03/28

-Б.Найдалаа гэмт хэрэг үйлдсэн нь Шүүхээр эцэслэн тогтоогдвол эргүүлэн татагдана-

УИХ-ын гишүүн Б.Найдалаа Боловсролын сайд П.Наранбаяртай муудалцаж биед нь гэмтэл учруулсан гэх мэдээллийг өнөөдөр Цагдаагийн байгууллага баталсан билээ. Ингэснээр хэрэг нь Шүүхээр эцэслэн тогтоогдвол Б.Найдалаа гишүүн УИХ-аас эргүүлэн татагдах нөхцөл үүсэхээр болж байна.

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээлэлд “Монгол Улсын төрийн ордонд Боловсролын сайдыг УИХ-ын гишүүн цохиж, биед нь хохирол учруулсан гэх мэдээллийг 2025 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 15.00 цагийн орчимд хүлээн авсан. 

Одоогоор хэргийг бүртгэлд оруулан, биед учирсан хохирлыг тогтоох бусад нотловол зохих байдлыг тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэсэн нь хэрэг Цагдаагийн байгууллагын рапортод орж, шалгагдаж эхэлснийг баталж байна. Дуудлагыг хэн өгсөн нь тодорхойгүй ч П.Наранбаяр сайд өөрөө өгсөн бол гомдол гаргасантай ялгаагүй гэсэн үг.

Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах”, УИХ-ын тухай хуулийн 9.1.5. “Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;” гэж заасан байдаг. Б.Найдалаа гишүүн дээр хуулийн энэ заалтууд хэрэгжиж магадгүй байна.

Б.Найдалаа У.Хүрэлсүхийн хувь заяаг давтаж, Д.Гантулгад боломж олдох уу

Нам, эвслийн жагсаалтаар сонгогдсон гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд тухайн нам, эвслийн жагсаалтаас урдуураа таслуулан УИХ-д орж чадаагүй дараагийн нэр дэвшигчид боломж олддог.

Энэ тухай УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 77.1-т “Жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний орон гарсан бол тухайн нам, эвслийн жагсаалтын дараагийн нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо орон гарснаас хойш 14 хоногийн дотор гаргаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” хэмээн заасан.

Энэхүү боломжийг өмнө нь ганц УИХ-ын гишүүн асан Д.Сарангэрэл л эдэлж байв. Тодруулбал, 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа жагсаалтаар сонгогдсон гишүүн У.Хүрэлсүх Төрийн ордонд Г.Баярсайхан гишүүнд "гар хүрсэн”-ийхээ /Нарийн харвал Г.Баярсайхан гишүүнд хүрээгүй/ дараа бүрэн эрхээсээ татгалзаж, түүний оронд Д.Сарангэрэл УИХ-д орж ирж байв.

Асуудал тэр хүртлээ өндрөө авахгүй ч байж болно. Гэхдээ Б.Найдалаа татагдсан тохиолдолд ХҮН намын жагсаалтын долдугаарт бичигдсэн Д.Гантулгад боломж гарахаар байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.87.255.42
    2025/03/28

    Донровын Гантулга Увс аймагт 2000-д онд өнгөт принтерээр мөнгө хэвлэж байсан жинхэнэ тэнэг гар шт.

    Хариулах