Үндэсний Баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт, уул уурхайн стратегийн төслүүдийн үр өгөөжийг олон нийтэд шууд ба бусаар "хүртээдэг" болох санал санаачилгууд ид өрнөж байна.
Тэгвэл өнөөдөр ЗГХЭГ-ийн дарга Н.Учралаас "Төгрөг нуурын орд"-ын асуудлыг хөндсөн анхаарал татав. Энэ хүрээнд түүнээс зарим зүйлийг тодруулав.
Тэрбээр "Анх 15 орд стратегийн ордоор тодорхойлогдож , орж ирээд дараа жил нь нэгээр нэмэгдсэн байдаг. Хавсралт хоёроор 39 стратегийн ордыг жагсаагаад УИХ-аар стратегийн орд эсэх шийдвэрийг гаргуулахаар оруулж ирье гэж шийдээд 18 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд 39 стратегийн ордын ихэнх нь оффшороор дамжаад гадаадын иргэдэд зарагдсан.
Бүгдээрээ дотоодын нийт бүтээгдэхүүнийн таваас дээш хувийг үйлдвэрлэдэг стратегийн ордод тооцогдох боломжтой. Зарим нь улсын төсвөөр хайгуул нь хийгдэж, нөөц нь тогтоогдсон. Үндэсний баялгын сангийн хуулийг хэрэгжүүлж байгаа ажлын хэсэг хэн нэгэнд ялгаваргүйгээр хэлэлцээрүүдийг хийх ёстой. Хэлэлцээр бол хэрүүл биш. Гадаадын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийг сонсоно.
Монгол Улсын Үндсэн хуулийн зарчмаар яриа, хэлэлцээрээ хийх ёстой. Ялгаж хандаж болохгүй. 39 стратегийн ордыг УИХ-д оруулж ирэх асуудлыг Ц.Туваан сайд хариуцаж байгаа.
"Төгрөг нуурын орд" гэж бий. Камекс гэж компани байдаг юм байна. 250 сая ам.доллараар зарагдсан юм байна. Үүнтэй Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан өнөөгийн УИХ-ын гишүүн Х.Баттулга холбоотой. Одоо 21 аймгаар тойроод баялагтаа эзэн болъё, Баялгийн сангийн хуулийг дэмжиж байна гэж яриад яваа. Агуулга санаа маш зөв. Тэгвэл бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн өөрөөсөө шударга ёсыг эхлүүлээд зарсан, үрсэнээ тодорхой болгоод ямар гадаадын иргэнд байгаа юм, хэлэлцээр хийх хэрэгтэй. Баялгын сангийн хууль хэрэгжихэд ямар ч ялгамж байж болохгүй.
Тийм учраас бүх ард түмнээс сонгогдсон парламентад сууж байгаа хүмүүс ёсзүйтэй, хариуцлагатай байгаасай гэж бодож байна. Баялгийн сангийн хууль шударга тэгш үйлчлэх ёстой. Ард түмэн байгалийн баялгынхаа эзэн болох ёстой. Гурван тэрбум тонн нөөц гэдэг бол тавантолгойн бүлэг ордын тал. 30 км гэдэг бол Улаанбаатарын зүүнээс баруун хэсэг хүртэлх шиг том. Дээрээс нь тусгай АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласан төлбөр гээд зөвхөн таван хувийг бодоход иргэн бүрт 25.000 мянган ам.доллар очих хэмжээний мөнгө. 15 их наяд төгрөг. Зөвхөн таван хувь нь шүү. Ийм хэмжээний орд байхгүй юу. Тэгэхээр зарим нь шударга хүн шиг, зарим нь шударга бус хүн шиг ийм асуудал байна.
Ер нь ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс Баялгийн сангийн хууль дээр олон юм яриад хэрэггүй. Надад ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй. Уул уурхай, байгалийн баялгийн салбарт миний гэр бүл, удам угсаанд ямар ч ашиг сонирхол байхгүй. Ц.Туваан сайдыг ч хүний их эмч хүн учир ашиг сонирхолгүй гэж үзэж байгаа" хэмээн ярилаа.
Эргэн сануулахад, Ерөнхийлөгч Х.Баттулга “Камекс” ХХК компанийг үүсгэн байгуулж, Төгрөг нуурын ордыг 2010 онд Х.Баттулга 250 сая ам.доллароор оффшор бүсэд бүртгэлтэй хятад эзэнтэй Мин Шин Уотервокс Лимитед Кайманы арлын оффшор бүсэд бүртгэлтэй (Ming Нing Waterworks Limitedincorporated in Cayman islands) компанид зарсан гэх мэдээллийг одоогоос таван жилийн өмнө өдөр тутмын сонинуудын "Эрэн сурвалжлагч" нэгдэл ил болгож байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна