Хоёр том хөршийн дунд хавчуулагдан оршдог бидний хэдхэн монголчууд сүүлийн хэдэн жил гадаад бодлогодоо "Гуравдагч хөрш" гэх ойлголтыг оруулж ирсэн. Харин хойд, урд хоёр хөрш маань гуравдагч хөрш болгоныг шахан гаргахыг хүсдэг. Нэг талаас гуравдагч орныг оруулж ирэх Монгол Улсын сонирхол, нөгөө талаас Монгол Улсад орж ирсэн гуравдагчуудыг ямар ч үнээр хамаагүй шахан зайлуулахыг хүсдэг их хөршүүдийн бодлого нийлээд Монголыг хүчгүйдүүлсэн жишээ олон.
Хөршүүдийн бодлого хоёр янзаар илэрнэ. Эхнийх нь, мөнгөөр шийдэх арга. Энэ аргыг хятадууд ихэвчлэн хэрэглэдэг. Стратегийн орд Дорнод ураныг хятадуудад зарсан “Хан ресурс” мэтийн компаниуд гуравдагч хөршийн нэрийг гул барин орж ирж ашигт малтмалын лиценз болон бусад чухал бизнест орж ирэхэд хятадууд оруулсан хөрөнгөнөөс нь 2-3 дахин өндөр үнэ санал болгон худалдаж аваад явуулна. Алдаа хийснээ ойлгосон ч манай эрх баригчид АНУ юм уу Канадын компанийг оруулж ирэхээс татгалзаж чадалгүй дахиад л ңэг чухал баялгаа найр тавин өгнө гэсэн циклээр үргэлжилнэ.
Хоёрдугаарт, өөрсдийнхөө нөлөөнд оруулсан улстөрч, тэмцэгч нэртэй дэл сул этгээдүүдийг хөлсөлж гар хөлөө болгодог. Энэ аргыг харин оросууд ашиглана. Жишээ нь, бас л “Хан ресурс”, Дорнодын ураны орд. Канадын компани Монголд эзэмшсэн лицензээ БНХАУ, ОХУ-ын төрийн өмчийн компаниудад зарахаар хооронд нь үнэ хаялцуулж, хятадуудад зарахаар болсны дараа Ерөнхий сайд асан С.Баяр лицензийг нь шууд цуцалсан байдаг. Цуцлахынхаа өмнө жижиг онгоцоор хойшоо хил давчихаад ирсэн гэдэг цуу яриа бий. Ямартай ч энэ шийдвэрээс нь болж “Хан ресурс” Монголын Засгийн газрыг Арбитрын шүүүхэд өгөн 100 сая ам.долларын өрөнд орж байв.
Энэ ордын хувь эзэмшил хэнд байгаа нь тодорхойгүй. Ноднин болсон Ашигт малтмалын сонсголын үеэр хүртэл хувь эзэмшил нь тодорхойгүй гэх мэдээллийг өгч байлаа.
Ингээд бодохоор, ураны ордуудад гуравдагчийг оруулахгүй байх сонирхол хоёр хөршид хамгийн их байдаг бөгөөд тэр нь тэмцэгчдээр дамжиж илэрч байгаа гэж үзэх үндэстэй.
Учир нь, уран бол нэг талаар ашигт малтмал боловч нөгөө талаар старатегийн асар чухал ач холбогдолтой түүхий эд учир эдийн засгийн ч, дипломат бодлогын ч хэрэгсэл болдог онцлогтой. БНХАУ газрын ховор элементээрээ дамжуулж барууны өндөр технологийн үйлдвэрүүдийг нутагтаа оруулж ирэн, улмаар ямар нэгэн аргаар технологийг нь эзэмшиж, өөрсдөө үйлдвэрлэгч болж чадсан шиг Монгол улс уранаараа гуравдагч хөршийг оруулж ирж, өөрсдөө боловсруулж чадахгүй ч гэсэн өөр салбаруудад хамтын ажиллагаа эхлүүлэх хөшүүрэг болгож болно гэсэн үг. Түүнчлэн, одоо бидэнд ихэд чухал болоод байгаа ардчиллыг хадгалж авч үлдэх, хүний эрхийг хамгаалах, хоёр хөршийн хэт давамгайллаас сэргийлэх зэрэгт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн Францын тууштай дэмжлэгийг авах өндөр ач холбогдолтой.
Дорноговийн хоёр орд дээр Францын “Орано”-той байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ бол улсын дархан хил, тусгаар тогтнол, аюулгүй байдлаа дипломат аргаар хамгаалах гуравдагч хөршийн бодлого, олон тулгуурт гадаад бодлогын хамгийн чухал тулгуур болж байгааг бид бүгд мэдэж байгаа. Гэрээ цуцлагдвал гуравдагч хөршийн бодлогод хүнд цохилт болно.
Өдгөө ураны эсрэг тэмцэж байгаа нөхдүүдийн зорилго байгаль орчныг хамгаалах явдал мэт харагдаж байгаа ч тэд санасандаа хүрлээ гэхэд үр дүн нь энэ л байх болно. Авторитар дэглэмтэй хоёр улсын дунд, гуравдагчаас тусгаарлагдсан, даргын дуу тод, үйлдэл давилуун, иргэний дуу хоолой бүдэг, эрх, эрх чөлөө даргын үзэмжээс хамаардаг, хэвлэлийн эрх чөлөө хумигдмал хаалттай улс болох тийшээ л явна. Угаасаа хоёр хөрш ийш нь чиглүүлж, Монгол Улс Парламент, Ерөнхийлөгч, Засгийн газрынхаа түвшинд хүртэл тийшээ явчихгүй юм сан гэж тэмцэж байна.
Үзэл бодлоо илэрхийлж, өөрсдийнх нь хэлдгээр тэмцэж, үндэсний телевизээр хүртэл гарч чадаж байгаа энэ эрх чөлөөт байдлыг хамгаалах нэг хэрэгсэл нь “Орано”-той байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Францтай үүсгэсэн эдийн засаг, улс төрийн холбоо гэдгийг ойлгох ухаан тэдэнд алга. Тиймээс тэд үнэхээр учрыг ойлгохгүй байсан ч тэдний цаана энэ учрыг сайн мэдэх хүмүүс байгаа гэж хардах үндэстэй.
Өөрөөр хэлбэл, санхүүжилтийг нь сайн шалгах хэрэгтэй гэсэн үг. Төрийн бүх түвшинд баталгаажуулсан шийдвэрийг зогсоохоор улайрч байгаа хэсэг бүлгийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх ч бусдыг уриалахыг, улсын бодлогод нөлөөлж, монголчуудын нөхцөл байдлыг дордуулахыг нь хүлээн зөвшөөрч болохгүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.115.148
shn niitlel bn taalagdlaa
Хариулах202.9.46.132
Ok.ingej duugaragsad ui tumeer urjig. Mongoliin zaya ihee.
Хариулах