Лу.Гантөмөр: Нэгнийгээ уучилж, өршөөж чаддаг болж байж бид урагшаа явна

Zuv.mn
13 цаг 50 минутын өмнө

Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны 35 жилийн түүхт ойн баярын өнөөдөр /2025.04.07/ болж байна. Энэ үеэр Ардчилсан намын дарга Л.Гантөмөр хурлаар хэлэлцсэн асуудал болон цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.


Тэрбээр "Ардчилсан намын онцлог бол тухайн үеийн олон түмний хүсэл зоригоор бүрдэж бий болсон нам. Тийм учраас Ардчилсан нам илүү үзэл санаатай, тодорхой болж амь бөхтэй орших нь хамгийн чухал байгаа юм.

Тухайн үед гадны улсын нөлөөллөөс салах гэсэн Монголчуудын хүсэл зориг биелэллээ олсон. Өнөөдөр МУ парламентийн засаглалтай, сонгуулиа хийж чаддаг дэлхийн 30 гаруй улсын нэг шүү дээ.

 Мэдээж төгс ардчилалтай болохын тулд хийх ажил их бий. Ялангуяа хүний эрхийн зөрчил байна. Дээр нь эдийн засгийн эрх чөлөөнд бид хүрч чадахгүй байна. Улс орон маань тухайн үед бодож санаж байсан шигээ хөгжиж, ард түмэн хөрөнгөжиж, амьдралын чанар сайжрахгүй байна

Тийм учраас өнөөдөр бид хамтарсан Засгийн газар байгуулж, энэ хүнд цагийг давж, 35 жилийн өмнө хүсч мөрөөдөж байсан улс орныг бий болгохын төлөө зүтгэж байгаа шүү. Түүнээс өнөөдөр бүх зүйл сайхан байна гэж худлаа хэлж болохгүй. 

Өнөөдөр бид яагаад намын ҮБХ-г хуралдуулсан бэ гэвэл энэ өдрөө угтаад АН-аас салж гарсан ШИНЭ намыг намдаа нэгтгэх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх ёстой гэж үзэн ҮБХ, намын их хурлаа хуралдуулсан. Бид олуулаа байх гэдэг итгэл үнэмшил дээрээ хатуу байх ёстой.

Тийм учраас АН-д нэгтгэж, буцаад бүтэн болох ажлаа хийх хэрэгтэй. Нэгнээ уучилж, өршөөж чаддаг сэтгэлийн тэнхээтэй байж л урагшаа явна. Өс хонзон санаад хол явахгүй.

 Мөн Н.Ганибал УИХ-ын гишүүнээр өнгөрсөн дөрвөн жил амжилттай сайн ажилласан. Өнөөдөр ҮБХ-ны хурлаараа Н.Ганибал гишүүнийг ЕНБД-аар жинхлүүлэх асуудлыг оруулж, гишүүдийн 90 гаруй хувь нь дэмжлээ.

Арчилсан нам Монголын эрх ашиг нэгдүгээрт байх ёстой. Ард түмэндээ амласан амлалтаа биелүүлж бодитой ажлаа хийх хэрэгтэй гэж үзээд Хамтарсан засагт ажиллаж байна. Хамтарч байна гээд засаглаад өнгөрөх бус үр дүнтэй ажиллах нь чухал. Өнөөдөр 14 мега төслийн тав нь гараанаасаа гараад ажил хэрэг болоод явж байна" гэлээ.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна