Л.Гантөмөр: Эдийн засгийн эрх чөлөөг авчрах БҮТЭЭЛЧ ЦАГ бол бидний хийх дараагийн шинэ хувьсгал байх болно

С.Гандэлгэр
8 цаг 13 минутын өмнө

Монгол Улсын Ардчилсан намын Их хурал дээр хэлсэн үг Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр

Ардчилсан үзэл санааг түүчээлэгч эрхэм журмын нөхөд өө, 

Бүрэн эрхт, ардчилсан Монгол Улсын эрх чөлөөт иргэд ээ, 

Өнөөдөр монголчууд бид эрх, эрх чөлөөний түүхэн өдрийг хамтдаа тэмдэглэж байна. Цагаан морин жилийн тэр хавар монголчууд эрх чөлөөний хонхны дуунд дарангуйллын нойрноос сэрж, нэг намын тогтолцоог халж, эрх чөлөөг сонгосон түүхэн сонголт хийсэн. Монгол түмний тусгаар тогтнолынхоо төлөө амь нас, халуун цусаа хайрлалгүй сүүлийн гурван зуун жилийн турш тэмцсэн агуу тэмцлийн эцсийн үр дүн нь 1990 оны Ардчилсан хувьсгал юмАрд түмний халуун амь, бүлээн цусаар бичигдсэн 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны ардын хувьсгалын үндсэн зорилго болсон бүрэн эрхт тусгаар тогтнол, иргэний улс төр болон эдийн засгийн эрх чөлөө цагаан морин жилээр биелж Монгол Улс дагуул улсаас бүрэн эрхт, ардчилсан улс болсонтой хэн ч маргах ёсгүй. Мөн мартах учиргүй ээ

Та бид өнөөдөр энэ танхимд Ардчилсан хувьсгалын 35 дахь жилийнхээ ойн баярыг тэмдэглэхээр хуран цуглаад байна. Энэ бол зүгээр нэг ээлжит ой, хүндэтгэл төдий өнгөрөөх өдөр бус харин хоёр мянган жилийн түүхэндээ анх удаа чөлөөт нийгэм байгуулах гэсэн монголчуудын сонголтыг манлайлсан ардчилагчид Та бүхэнд талархах онцгой чухал түүхэн тэмдэглэлтойн өдөр юм.  

Ардчилсан намын 200 мянган гишүүдийн итгэл үнэмшил, хөлс хүч, хүсэл тэмүүллийн үнэ цэн, үнэт зүйл хатуу чанад байжэргэлзээ, тэмцэл, гомдол, сорилт, дарамт, эрсдэлийн дундуур зориг мохохгүй урагшилж, итгэл найдвараа алдалгүй эрчлэнирсэн энэ гучин жилийн түүхэн замнал бол манай улсын орчин үеийн нэн шинэ түүх юм. Алс холоос Та биднийг хэвлэл мэдээлэл, сошиал сувгаар сэтгэл нь догдолж, итгэл хүлээлгэн харж суугаа олон зуун мянган гишүүд, дэмжигчиддээ Ардчилсан намын даргын хувиар чин сэтгэлийн талархал илэрхийлж баяр, талархлаа илэрхийлье.

Хонхны дуу зоригийг бадраа. Баярлалаа, Монголын ард түмэндээ. 

Ардчилсан намтай хамт Монгол Улсад олон намын тогтолцоо, чөлөөт нийгэм, нээлттэй үзэл бодол, олон тулгуурт гадаад бодлого, хууль дээдлэх ёс, эдийн засгийн эрх чөлөөний суурь үндэс анх удаа тавигдсан. Энэ бол Ардчилсан намын үнэн түүх, бүтээсэн үр дүн юм. Ардчилсан нам баруун төвийн либерал консерватив үзэл баримтлалтай намын хувьд Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 80 хувийг 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөсөө бүрдүүлж, УИХ-аар батлуулж чадсан. Энэ бол биднийг бодлогоо хэрэгжүүл, ажил хий гэж сонгосон хагас сая орчим сонгогчийн маань хүлээлгэсэн үүрэг хариуцлага байсан юм. Иргэд сонгогчид маань “УИХ-ын танхимд Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүд онцгой идэвхтэй, санаачилгатай, нээлттэй ажиллаж байна” хэмээн үнэлж, дүгнэж байна. Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн маань тууштай дэмжлэг, урам өгсөн шийдвэр гаргалтбайгаагүй бол Ардчилсан нам өнөөдөр ажил хийх, амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэх боломжгүй болох байсаан. Иймд нийт гишүүд, дэмжигсэд, энд хуран цугларсан төлөөлөгчдийнхөө өмнөөс Ардчилсан намын даргын хувиар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүддээ талархал илэрхийлье. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд ээ, Та бүхэндээ баярлалаа. Монгол эх орныхоо сайн сайхан, хөгжил дэвшлийн төлөө хамтдаа урагшилцгаая.

Эрхэм ардчилагчид аа,

Монгол Улсынхаа тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшил, ардчиллын ирээдүйг бататгахын төлөө бүгд хамтдаа мөр зэрэгцэн алхах БҮТЭЭЛЧ ЦАГ бидний өмнө ирсэн байна. Олон улсын харилцаа нэг туйлаас олон туйлт төлөв рүүшилжиж зөрчил мөргөлдөөн, үймээн самуун, худалдаа тарифын дайны дүрээр хүйтэн дайны шинэ хувилбар дэлхийн улс орнуудыг шинэ сорилтод оруулах боллоо. Сүүлийн зуун жилд монголчуудад ирж буй дөрөв дэх геополитикийн энэхүү сорилтыг намын ялгаагаар зөрчилдөх бус улсынхаа бодлогоор нэгтгэжбүтээлч үндэсний эв нэгдлээр сөрөн тэсвэрлэх учиртай.

 Чухам энэ түүхэн захиалгыг Ардчилсан намхариуцлагатайгаар ухамсарлан Хамтарсан Засгийн газарт мөр зэрэгцэн ажиллаж байна. Хамтрах хэрэггүй байсанМАН дангаараа засаглах ёстойАрдчилсан нам зөвхөн сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх ёстой гэсэн үзэл бодол, итгэл үнэмшил манай намын зарим гишүүдэд байдагЭнэ тухай олон хатуу үгийг надад ч, намынхаа гишүүдэд ч хэлсэн. Одоо ч илэрхийлсэн хэвээр байгааГагцхүү Ардчилсан нам энэхүү санал бодлын ялгаатай байдлыг ангилан нухчин дарах бус харин хүн бүрийн, гишүүн бүрийнхээ үг хэлэх эрх чөлөөг хамгаалахын төлөө хатуу зогсдог эрх чөлөөний үнэт зүйлтэй улс төрийн хүчин юм. Цаашид ч ардчилал, иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах болно. 

Харин илүү өргөн утгаар харвал бүгдээрээ хэрэгтэй цагтэвлэн нэгдэж чадаагүй, жижиг эрх ашигтаа хэт хөтлөгдсөнөөс тусгаар тогтнол, эрх чөлөөгөө алдсан гашуун сургамж Монголын түүхэнд хангалттай олон бий. МАН дангаараа засаглаад Монголын эдийн засаг уруудах нь бидэнд хамаагүй. Хөгжил ньгацаасайМАН Монгол Улсыг муу удирдсанаар дарангуйлал дахин тогтвол бид хариуцлага хүлээхгүй гэсэн жалгын эрх ашгаар асуудлыг харж болохгүй. Бид илүү том зорилго тавьж, илүү том ажлыг төлөвлөж, түүнийхээ төлөө хамтран ажиллаж байж БҮТЭЭЛЧ ЦАГийг бүтээнэ. Монгол Улс хөгжинө. Монгол хүн баяжна. 

Өнөөдөр АН парламентад өмнөхөөсөө илүү олон төлөөлөлтэй, Засгийн газрын бодлого, шийдвэрт хариуцлагатай оролцож байна. Бид эдийн засгийн эрх чөлөөг бодитоор хэрэгжүүлэх том зорилтыг дэвшүүлж, дараах бодит ажлуудыг эхлүүллээ. 

ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх, эдийн засгийн өсөлтийг зургаан хувиас дээш хадгалах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ зорилт бол хий хоосон тоо, хийсвэр төсөөлөл биш.Энэ бол эрх чөлөөний баталгаа, хөгжилд хүрэх бодит алхам юм. Ард түмнээрээ дүнгээ тавиулах 2028 онд монгол хүний орлого 10.000 долларт хүрч, утаа түгжрэл арилсан байх болно гэдэгт эргэлзэх хэрэггүй. Үүний төлөө Ардчилсан нам хамтарчажиллана, хамтарч бүтээнэ.

Эдийн засгийн эрх чөлөө бол улс төрийн эрх чөлөөний баталгаа гэж бид үздэг. Ардчилсан нам 1990 онд Монгол Улсад улс төрийн эрх чөлөөг авчирсан. Бидний өнөөдрийн түүхэн үүрэг бол монгол хүн бүрд эдийн засгийн эрх чөлөөг эдлүүлж, орлогыг тасралтгүй нэмэгдүүлэх явдал.  Чухам энэ  зорилгыг бодит ажил болгохын тулд Хамтарсан Засгийн газар 14 мега төслийг хэрэгжүүлэхээр эрчимтэй ажиллаж байна

Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хөтөлбөрийн хүрээнд эхлүүлсэн 14 мега төсөл бол зөвхөн дэд бүтэц бус эдийн засгийн тусгаар тогтнолын суурь, ирээдүйн боломжийн үүд хаалга юм. Газрын тосны үйлдвэр, ураны хөрөнгө оруулалт, эрчим хүчний хараат бус байдал, экспортын шинэ гарц, говь руу ус татах экологийн төсөл, үндэсний хиймэл дагуул, шинэ төмөр зам энэ бүгд эрх чөлөөг зөвхөн улс төрийн түвшинд бус эдийн засгийн утгаар нь бий болгох зорилт юм. Ийм цар хүрээтэй, түүхэн том зорилгыг дэвшүүлсэн тавьсан Засгийн газар өмнө нь байгаагүй.Өнөөдөр эв нэгдлийн үр шимээр хөгжлийн гацаа арилж, Монгол Улс урагшлах БҮТЭЭЛЧ ЦАГ ирсэн байна. Гучин жил бугшсан хамгийн хүнд салбаруудын суурь асуудлууд руу ханцуй шамлан орж, зоригтой ажиллаж байгаа сайд нартаа урам өгч, талархал илэрхийлье. Ажилд нь амжилт хүсье. Бид цаг үргэлж дэмжсээр байх болно гэдгийг АН-ын даргын хувьд ам бардам хэлье. Хувийн эрх ашгаа умартан  эх орныхоо эрх ашгийг нэгт байна гэдэгт эргэлзэхгүй зүтгэж буй журмын нөхөддөө баярлалаа.

Эрхэм нөхөд өө, 

Өнөөдөр Ардчилсан намын баярын өдөр. Ардчилсан нам болардчилсан хувьсгалыг хийж монголчуудын гурван зуун жилийн мөрөөдлийг биелүүлсэн нам. Өнөөдөр энд сууж буй Та бүхэн бол Монголын ардчиллын амин сүнс, Монголын тусгаар тогтнолын жинхэнэ баталгаа юм. Гагц тэрхүү эрх чөлөөний  баталгааг Та бүхэн эдлэх ёстой байсан боломжоо, хүртэх ёстой байсан мөрөөдлөө золин байж ардчилсан Монгол Улсыг бүтээсэн юм. Бид алдаа оноотой ч түүхээ бүтээж өнөөдөрт хүрлээ. Хэцүү цаг үеийг Та бид эв нэгдлийн хүчээр даван туулсан. Өнөөдөр эвлэж нэгдсэн нэгэн зорилгын үзүүрт хүч болсон Та бүхнийгээ харах сайхан байна. Саруул ухаан сайхан байдаг юм байна. Тэвчээр гаргаж эвлэж нэгдэж чадсан бүх шатны нийт гишүүддээ баярлалаа. Мөн бидний тасарсан гишүүд, үсэрсэн үзэл санаа болох Шинэ намын гишүүд төрсөн гэртээ эргэн ирж, халуун ам бүлдээ нэгдэж байгаад баяр хүргэе. 

Ардчилсан нам бол авдаг нам бус өгдөг нам. Тэртээ 35 жилийн өмнө Ардчилсан хувьсгалыг хийсэн цагаас хойш ард түмэндээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, бизнес хийх, хувийн өмчтэй болох эрх чөлөөг өгч, байрыг эздэд нь, малыг малчдад нь өгсөн. Бид хүүхдийн мөнгийг өгсөн. 1992 оны Үндсэн хуулиаргазрын хэвлий дэх байгалийн баялаг бол ард түмний өмч байхёстой гэдгийг хуульчилж өгсөн. Дараа нь, 2007 онд УИХ-ын тогтоолоор стратегийн ордуудыг батлуулж, 15 жилийн дараа уг стратегийн ордуудын 34-50 хүртэлх хувийг ард түмний өмч хэмээн хуульчилж чадлааГазрын хэвлий дэх байгалийн баялгийг ард түмэндээ хүртээхийн тулд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 онд батлууллаа. Монгол Улсын анхны ардчилсан Ерөнхийлөгч баялгийн санг эхлүүлснийг бид 17 жилийн дараа 2024 онд хуульчиллаа. Харин одоо энэ хуулийн хэрэгжилтийг амилуулж Үндэсний баялгийн санг хуримтлалтай болгох замаарирээдүйн иргэдэд ижил тэнцүү хүртээх хуулийг хэрэгжүүлэхийн төлөө “Стратегийн ордод нэмж 39 ордыг төвлөрүүлж34-50 хувийг нь ард түмэнд шударгаар хуваарилах ёстой” хэмээн Хөх Монголын хөх туг аяныг санаачлан зохион байгуулж байгаагишүүддээ баяр хүргэцгээе. Хонхны дуу зоригийг улам бадраа. Хөх Монголын эрх чөлөөний хөх туг үргэлж мандаж байг ээ.

Ардчилсан намынхан бид эвдэрсэн цагтаа иргэдийнхээ итгэлийг алдаж, эвлэрсэн цагтаа ард олныхоо дэмжлэг авдгийг сонгуулийн дүн тодорхой харуулж байна. Монголын төлөө зүтгэнэ гэдэг их хувь заяа юм. Та бүхний итгэл үнэмшил, хичээл зүтгэлийн үр дүнд бид энэ улс орныг шинэ шатанд гаргаж чадна. Монголын ард түмэн биднээс итгэл хүлээж байна. Ардчилсан нам тэр итгэлийг биелүүлэхийн төлөө өөрчлөгдөж, шинэчлэгдэж, урагшлах болно. Ардчилсан хувьсгалын 35 дахь жилдээ ардчиллын шинэ түүхийг эхлүүлэхийн тулд бид олонтаа хуралдаж олон асуудлыг хэлэлцэх болно.  2025 онд, энэ жилд АН гурван ч удаа Их хурлаа хуралдуулж, тойрч суугаад хамтдаа ярилцана. Ардчилсан намд дарга бус дүрэм засагладаг хамтын удирдлагын инстүүцийг бид бүтээнэ. Бид ирэх зуун жилийн дараа ч Монголын тал нутагт үйлчилсээр байх тийм сайн намын дүрэм, үзэл санааны хөтөлбөрийг боловсруулах амбицтай  ажиллана. Бидний бие мөнх бус ч бидний үлдээсэн эрх чөлөө, ардчиллын үзэл санаа мөнх байх болтугай. 

Ардчилсан намд нэг зорилго бий. Тэр нь эрх чөлөөтэй, хөгжсөн, баян Монгол орон. Эрх чөлөөний гал айл бүрийн голомтод бадарч, Монгол Улс хөгжил дэвшлийн замдаа нэг хүн шиг, нэг зүрх шиг урагшлах болтугай! 

Ардчилал бүрэн ялжМонгол бүтэн хөгжих цаг ирнэ ээ!

Эдийн засгийн эрх чөлөөг авчрах БҮТЭЭЛЧ ЦАГ  бол бидний хийх дараагийн шинэ хувьсгал байх болноШинэ хувьсгалын тэргүүн эгнээний зоригт дайчид нь энэ танхимд суугаа Та бүхэн минь юм. Тиймээс Монголын ирээдүй гэрэлтэй байна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Агуу түүхтэй Монголын тал нутагт эрх чөлөөний үзэл санаа хэзээ ч унтарч байгаагүй. Өнөөдөр ч,ирээдүйд ч өвгөдийн манаж ирсэн тэр эрх чөлөөний галыг Ардчилсан нам унтраалгүй өртөөлөн авч явсаар  тосон ирэх ирээдүй үеийнхэнд эдийн засгийн хөгжилтэй хамт хүлээлгэн өгөх болно. Монгол эх орныхоо төлөө хамтдаа алхацгаая. Хонхны дуу зоригийг бадраа. Хонхны дуу хөгжлийг дуудах болтугай. 

Монгол орны өнцөг булан бүрт суугаа Ардчилсан намын олон зуун мянган гишүүддээ, ардчилалд хайртай Монголын ард түмэндээ, Ардчилсан намын 35 жилийн баярын мэндийг хүргэе. Монголын ардчилал өнө мөнхөд орших болтугай. Баярлалаа. Сайхан баярлаарай журмын нөхөд өө.  

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна