Д.Трамп 125 хувийн татвараас гар утас, компьютерийг хасжээ

Х.Батсайхан
2025/04/13

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа БНХАУ-тай харилцан 125 хувийн гаалийн татвар ногдуулсан барааны жагсаалтаас гар утас, компьютерийг чөлөөлжээ.

Зөвхөн БНХАУ төдийгүй 10 хувийн татвартай бусад улсуудын тухайд ч дээрх бүтээгдэхүүнийг жагсаалтаас хасах болно гэж тэрбээр мэдэгдсэн байна. Тэрбээр өчигдөр Майами руу амрахаар явсан бөгөөд ирэх долоо хоногт энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэсэн байна.

АНУ-ын хувьд, сая татвараас чөлөөлсөн бараа үйлдвэрлэгч компаниудын ихэнх нь БНХАУ-д үйлдвэрүүдээ барьсан байдаг. Зөвхөн IPhone гар утасны тухайд гэхэд л 80 хувь нь БНХАУ-д, 20 хувь нь Энэтхэг улсад үйлдвэрлэгддэг байна.

Тиймээс чөлөөлөлт нь АНУ-д ашигтай бөгөөд Д.Трамп алдаагаа засах гэж оролдож байгаагийн нэг хэлбэр гэж шинжээчид харж байна.

Учир нь тэрбээр БНХАУ-аас технологийн бүх компаниудаа АНУ руу буцаан нүүлгэхийг зорьж байгаа бөгөөд компаниуд нь ч энэ шаардлагыг хүлээж аван, эхнээсээ биелүүлэхээр бэлдэж эхэлсэн байна. Тодруулбал, “Apple” корпораци гар утас үйлдвэрлэлээ Энэтхэгт төвлөрүүлэх бодлого барьж, тэндхийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж эхэлсэн бол Вьетнам улс мөн аутсорсингийн нэг боломжит хувилбар гэгдэж эхэлсэн байна.

Д.Трамп улс орнуудад ялгаатай байдлаар татвар ногдуулах шийдвэр гаргасныхаа дараа буюу өнгөрөгч лхагва гарагт өөдөөс нь эсэргүүцэн тэмцсэн БНХАУ-аас бусад улсуудад ногдуулах татварыг 90 хоног хойшлуулахаа зарлаад байгаа билээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна