ХХОАТ-ын 10 хувийг нэг хувь болгох иргэний санаачилгыг УИХ-ын гишүүд дэмжиж хуулийн төсөл санаачлахаар болжээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Г.Очирбат, Б.Пунсалмаа нар хуулийн төсөл санаачлахтай холбогдуулан мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
УИХ-ын гишүүд ХХОАТ-ын 10 хувийг нэг хувь болгох хуулийн төсөл санаачилж байна. УИХ-ын гишүүд бид олон нийтийн санаа бодлыг хуулийн төсөл болгох хуулийн заалттай. Бид хэдийгээр хамтарсан Засгийн газарт ажиллаж байгаа ч улс төрийн нам эвслүүд мөрийн хөтөлбөртөө татварын ачааллыг багасгана гэж амласан.
Иргэн 2 сая төгрөгийг гар дээрээ авахын тулд үндсэн цалин нь 2.5 сая байх ёстой. Компаниас нийт 2.8 сая төгрөгийн зардал гаргаж, ХХОАТ-ыг шаталсан 10, 15, 20 хувийн татваруудыг авч байгаа. Нэг иргэн 2.5 сая төгрөгийн цалинтай бол 221 мянган төгрөгийн татвар төлж байна.
Татвар, хураамж сүүлийн үед маш ихээр нэмэгдсэн. ХХОАТ 44 хувиар нэмэгдсэн байна. Энэ хэрээр татвар төлөгчдийн нуруун дээрх ачаа нэмэгдэж байна.
УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа:
Би хувь хүнийхээ хувьд хүн амын орлогын албан татварыг нэг хувь болгохыг дэмжиж байна. ХХОАТ-ыг хувь хүн төлөхөөрөө нэг хувиар төлдөг.
Харин аж ахуй нэгж, компаниар албан хаагч төлөхөөр 10-20 хувиар төлдөг. Хувь хүмүүс, ААН-үүд ийм өндөр татвар төлж байгаа нь тэгш эрхийн зарчим алдагдаж байна.
УИХ-ын гишүүн Г.Очирбат:
УИХ-ын гишүүний хувиар ард иргэдийнхээ нүд чих нь болох ёстой. Тэгэхээр энэ хувь хүний орлогын албан татвартай холбоотой асуудлыг дэмжиж байна. Сүүлийн 4 жил иргэдийг татвараар дарамталж байна шүү дээ. Тиймээс ХХОАТ-ын 10 хувийг 1 хувь болгох хуулийн төсөл санаачилна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна