Чөлөөт худалдааны хэлэлцээр: Дотооддоо үйлдвэрлэдэг 23 бүтээгдэхүүний найм нь хамгаалагдаж, дөрөв нь хамгаалалтгүй үлдэх үү

Х.Батсайхан
7 цаг 31 минутын өмнө

Евразийн эдийн засгийн холбооны орнуудтай байгуулах чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн нөхцлийг тохиролцох гурав дахь шатны хэлэлцээр  дуусжээ.

Хэлэлцээрээр манай талын хамгийн их сонирхож байгаа асуудал болох талууд яг ямар барааг татваргүй нийлүүлэх, ямрыг нь хамруулахгүй байх вэ гэдэг асуудлыг хэлэлцсэн. Тодруулбал, манай дотоодын үйлдвэрлэл хамгаалагдах эсэх нь эндээс шалтгаалах байсан юм.

Хэлэлцээр байгуулснаар Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны гишүүн ОХУ, Казахстан, Беларусь, Армен, Киргизстан руу 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг татваргүй экспортлох боломжтой болно. Тодруулбал

-29 нэр төрлийн мах, махан бүтээгдэхүүн,

-60 нэр төрлийн арьс шир,

-204 ноос ноолууран бүтээгдэхүүн,

-73 нэр төрлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг татваргүй экспортлох боломжтой юм.

Ингэснээр Монголын аж ахуйн нэгж, экспортлогч байгууллагууд жилд ойролцоогоор 16.6 сая ам.долларын гаалийн татвараас чөлөөлөгдөнө гэж тооцож буй. Хариуд нь зөрүүлээд дээрх улсуудаас мөн ойролцоо нэр төрлийн бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулах ёстой.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улс дотооддоо үйлдвэрлэж чаддаг, төрийн бодлогоор хөгжүүлсэн 23 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг татварын хөнгөлөлтөөс хасах санал гаргаад байсан. Тэгвэл хэлэлцээрийн явцад 8-ыг нь хасч, 11-ийг нь харилцан зөвшөөрч болох нөхцлөөр зохицуулахаар тохирчээ. Харин дөрвөн төрлийн бүтээгдэхүүнийг татварын чөлөөлөлтөөс хасахаас татгалзсан байна. Яг ямар ямар бараа бүтээгдэхүүн гэдгийг эх сурвалжид дурдаагүй байв.

Өөрөөр хэлбэл, үндэсний үйлдвэрлэгчдийн хийж чаддаг 23 бүтээгдэхүүний найм нь хамгаалагдаж, дөрөв нь хамгаалалтгүй үлдлээ.

Монгол Улс өнгөрсөн онд Евразийн эдийн засгийн холбооны орнууд руу 110.1 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортлож, 2.9 тэрбум ам.долларын импорт хийсэн. Гэрээнд гарын үсэг зурсны дараа экспорт 3.8 хувиар, импорт 4.7 хувиар өсөх гэнэ. Гэрээг ирэх сард гарын үсэг зурж баталгаажуулна гэж яригдаж байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна