УИХ-ын Хаврын чуулганы хуралдаанаар Биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулалт хийх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг олон хууль давхардуулж УИХ-аар оруулж байгаад шүүмжлэлтэй хандав.
Тэрбээр, "Би Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэхдээ ажлын хэсэг гаргаж нэлээн нухацтай үзэхгүй бол болохгүй байна.
Өргөн барих боловсруулахаасаа эхлээд асуудлууд маш хүнд байна. Гурван тусдаа үзэл баримтлалтай орж ирэх асуудлуудыг Уул уурхайн биржийн хуулиудыг дагуулаад оруулаад ирлээ. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг дагаад энэ хуулийн зохицуулалт ерөөсөө хамааралгүй Баялгийн солилцоог оруулаад ирлээ. Энд чинь биржтэй холбоотой ямар ч харилцаа яваагүй байгаа шүү дээ.
Гуя дагуулж хүзүү гэдэг шиг олон хуулийг бөөнд нь түлхээд аргална даа, хүчлээд гарна даа гэдэг агуулга яваад байна. Ийм баймааргүй байна. Хууль батлах асуудлыг бүгдийг нь чихэж оруулж ирээд нэг удаа бөөндөх ёстой юм уу.
Биржийн хууль дээр нэг асуудал байна. Уул уурхайн бүтээгдэхүүний чанараас хамаараад индексийн хөдөлгөөнд тулгуурлан үнэд өөрчлөлт оруулна гэж байгаа. Чанарын асуудлыг урд хөрш маань шийддэг юм аа. Чанар дээрээ том босго тавихад Монголын нүүрс бүгд унана. Ийм ноцтой зүйлийг худалдан авагч талын гарт өгөх гэж байгааг ойлгохгүй байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна