Z үеийнхэний дунд үүссэн “GoldsmithingDIY” трэнд БНХАУ-ын алтны зах зээлийг өөрчилж байна

Х.Батсайхан
9 цаг 2 минутын өмнө

17-30 насны хятад залуус алтны дарх сонирхож, хийсэн бүтээлээ олон нийтийн сүлжээнд хуваалцах болсон нь тус улсын алтны зах зээлийг эрс эрчимжүүлж, шинэ түвшинд хүргэж байгаа талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Алтаар зөвхөн дархан хүн л бүтээл урладаг гэдэг ойлголт бий. Тэгвэл энэ ойлголтыг эвдсэн нэгэн шинэ үзэгдэл БНХАУ-д бий болжээ. Алт нь хамгийн уян, сунамтгай чанартай металл тул хэлбэр дүрсийг нь өөрчлөхөд хялбар байдаг. 

Энэ чанарыг нь ашиглаж өөрийн гараар алтны дарх хийн бүтээл урлаж хайртай хүн, дотнын найздаа бэлэглэсэн тухай бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдах болсноор сүүлдээ эрчийг авч, олон нийтийг хамарсан трэнд болж хувирсан юм байна.

Трэндээ дагаад маш чадварлагаар бүтээл хийх арга зүйг танилцуулсан инфлюсерүүд ч гарч ирсэн байна. 

Учир мэдэхгүй хүүхэд залуус аав, ээжийнхээ бөгж, гинж зэрэг амьдралынх нь нандин дурсгалтай эдлэлийг нь хайлуулж тоглосон явдал ч ихээр гарсныг анзаарсан худалдаачид алтны дарх хийх хэрэгсэл, бүтээл хийхэд зориулсан янз бүрийн хэмжээтэй алт зарах болсноор шинэ трэнд улам ч хүчийг авчээ.

Шиахонгшу /Xiaohongshu/ буюу RedNote нэрээр алдартай олон нийтийн сүлжээнд “Гэртээ алтны дарх хийх нь” (#居家打金) хэштегийн илэрцийн үзэлт 40 саяас давж, Douyin videos дахь алтаар дархалж байгаа нь (#打金) хэштегийн илэрцийн үзэлтүүд богино хугацаанд гурван тэрбумаас илүү гарсан аж.

Янз бүрийн бичлэг хийж өөрийн гэсэн дагагчидтай болж танигдсан инфлюсерүүд олон нийт юуг сонирхож байгааг гялхай мэдэрдэг тул энэ шинэ талбарт хүч үзэх болсон нь үүнд хүчтэй нөлөөлсөн гэнэ.

Хубэй мужийн оршин суугч, хоолны блог хөтөлж танигдсан  Вуменг (@梧萌) гэгч өөрийн гэртээ дарх хийж, дажгүй мэргэшсэнээр хоолны бичлэг хийхээ больсон нь нэг жишээ гэнэ.   

Өнгөрсөн гуравдугаар сараас залуусын дунд “Нежа” хүүхэлдэйн киноны бугуйвчийг хийх моод дэлгэрсэн бол минимал, тансаг чамин, энгийн мөртлөө эрхэмсэг гэх мэт өөр, өөрсдийн хэв маягаа олж байна.


Ийнхүү залуус нэг, нэгнээсээ суралцаж, ур чадвараа дээшлүүлэн алтаар урлах чадвараа сайжруулж, нэгэн соёл болох тийшээ хандсанаар улсынхаа үнэт эдлэлийн зах зээлийг бүрэн утгаараа өөрчилжээ. 

Залуус мөнгөө ийнхүү алтанд зарах болсныг гэр бүл нь ч, төр засаг нь ч буруутгахгүй байгаагийн цаана нэг том шалтгаан байгаа нь алт бол хамгийн хялбар хөрвөдөг, баялгийн нөөц болдогтой холбоотой.

Олон улсын нөхцөл байдал хүнд, валютын ханш хэрхэх нь тодорхойгүй энэ үед бэлэн мөнгөө алт болгох нь жижигээр бодоход өөрийнхөө, томоор бодоход улс орныхоо аюулгүй байдлыг хангаж байгаа учраас энэ трэнд хэдийчинээ дэлгэрнэ, БНХАУ-ын байдал төдийчинээ баталгаажна гэсэн үг юм. Тийм ч учраас яг одоо БНХАУ алтны арилжаанд хамгийн идэвхитэй оролцож, үнийн өсөлтөд нөлөөлж байна.

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна