-Сэлбэ дэд төв хэдий чинээ хурдан баригдана, гэр хорооллын барилгажилт төдий чинээ хурдасна-
Нийслэлийн анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлсэн ч бараг зогсжээ. Ач холбогдлыг нь ойлгож мэдэрсэн нийслэлийн иргэдийн хувьд энэ бол чухал ажил байсан юм. Нөгөө талаар, инженерийн болон нийгмийн дэд бүтэц барьж байгуулах ажил хэдийнэ эхэлж, боломжит хамгийн дээд хурдаар явагдан 6.7 км авто зам, цахилгаан холбооны 5.3 км шугам, дулаан хангамжийн 9.7 км шугам, ус хангамж, ариутгах татуургын 19.7 км шугам, 2.4 км үерийн усны хамгаалалтын далан суваг, 1000 метр куб усан сан, 3 гүүр, дулааны станц, мэдээлэл холбооны төв, бизнес, инкубатор сургалтын төв, дэд станц зэргийг байгуулж, 150, 240 хүүхдийн хоёр цэцэрлэг зэргийг газар чөлөөлөлттэйгөө зэрэгцэн дуусгасан гэдгийг хэлэх хэрэгтэй.
Тодруулбал, маш хурдтай хэрэгжих төсөл буюу 10063 айлын 113 блок орон сууцны барилгын ажил явж байв.
"Сэлбэ" дэд төв гэр хорооллын барилгажилт, замын түгжрэл, хотын утаа гээд нийслэлчүүдийн тулгамдсан гол бэрхшээлийг шийдэх эхлэлийг тавина гэдгээрээ маш чухал төсөл. Тиймдээ ч энэ төвийг асар богино хугацаанд барьж байж л бусад төслийн талбайн газрыг чөлөөлж, барилгажуулах боломж бүрдэнэ.
Бүр тодорхой хэлбэл, дараа дараагийн төсөл хэрэгжих газрыг чөлөөлөхдөө айлуудыг нь "Сэлбэ" дэд төвд баригдах орон сууцнуудад оруулах яриа тохироотой байсан. Өөрөөр хэлбэл, бусад төслийн хэрэгжилтийг хангах түлхүүр болсон, огт удаашрах, гацах ёсгүй ажил байв.
Төслийн багцыг томруулж, чадавх сайтай том ААН оруулж ирэх шийдэл гаргахдаа Нийслэлээс одоо хэрэгжүүлж буй гэр хорооллыг барилгажуулах төслүүдийн явцад үнэлгээ хийж, зохих дүгнэлтийг гаргасан юм байна.
Тодруулбал, Нийслэлээс гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх 31 байршил, 88 хэсэгчилсэн талбайг баталж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 148,323 айлын орон сууц, 60 сургууль, 92 цэцэрлэг, 14 эмнэлгийг барьж ашиглалтад оруулах төлөвлөгөө хэрэгжүүлж байжээ.
Дээрх хэсэгчилсэн талбайд дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхээр нийт 34 компани шалгарсан ч 2025 оны эхний хагас жилийн байдлаар 16 байршил, 38 хэсэгчилсэн талбайд 3464 нэгж талбарын л газар чөлөөлөлт хийгдсэн, хэрэгжилт 15 хувьтай байгаа аж. Дээрх компаниуд нийлээд нийт 20,822 айлын орон сууц л ашиглалтад оруулж, хэрэгжилт 20 хувьтай буюу төсөл удаашралтай байгаа ажээ. Одоо бүр зогсонги байдалд орсныг хотын мэр асан Х.Нямбаатар хэлнэ лээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна