Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Финланд улсад албан ёсны айлчлал хийлээ

Zuv.mn
3 цаг 18 минутын өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2025 оны 7 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 1-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Финланд Улсын Гадаад хэргийн сайд Элина Валтоненийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд Финланд Улсад хэрэгжиж буй анхны албан ёсны айлчлал бөгөөд хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлж, хамтын ажиллагааг тэлэх зорилготой байв.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг Финланд Улсын Ерөнхийлөгч Александр Стубб хүлээн авч уулзаж, хоёр тал ардчилал, хүний эрх зэрэг нийтлэг үнэт зүйлст тулгуурласан харилцаа тогтвортой хөгжиж буйг онцлон тэмдэглэв. Мөн дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ нь хоёр улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал үүрэгтэйг харгалзан, Ерөнхийлөгч Стубб Монгол Улсад айлчлах урилгыг дахин нотлов.

Сайд Б.Батцэцэг 2025 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны уламжлалт найрсаг харилцаа харилцан итгэлцэл, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан эрчимтэй хөгжиж буйг онцлов. Талууд эдийн засаг, хөрөнгө оруулалт, сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи, байгаль орчин, ойн аж ахуй, боловсрол, соёл, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар хэлэлцэж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллах байр сууриа нотолсон бөгөөд хэлэлцээний дүнд хоёр улсын Гадаад харилцааны сайд нар Хамтарсан мэдэгдэл гаргав.


Мөн өдөр сайд Б.Батцэцэг Финландын Парламентын дарга Иүси Хала-Ахотой уулзаж, Монгол Улсын Их Хурал болон Засгийн газрын тэргүүлэх зорилтын талаар танилцуулан, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь хоёр улсын харилцаанд чухал үүрэгтэй болохыг онцлов. Парламентын дарга Иүси Хала-Ахо Монгол, Финландын найрсаг харилцаа тууштай өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хууль тогтоох байгууллагын харилцааг хөгжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мөн Финландын Эдийн засгийн сайд Сакари Пуистотой уулзалт хийв. Уулзалтын үеэр Монгол Улсын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, Засгийн газраас хэрэгжүүлж буй хөгжлийн бодлогын талаар танилцуулж, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тэр дундаа Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Финланд болон Нордикийн орнуудад нийлүүлэх боломжийн талаар санал солилцов. Түүнчлэн хамтын ажиллагааг Финландын тэргүүлэх салбарууд болох ойжуулалт, ногоон хөгжил, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр өргөжүүлэх сонирхлоо илэрхийлж, харилцан ашигтай, бодит хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа онцлов. Мөн 8 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” болон 10 дугаар сард зохион байгуулагдах “Монгол Улс, Европын Холбооны Бизнес, хөрөнгө оруулалтын форум”-д Финландын бизнес эрхлэгчдийг урьж оролцохыг санал болголоо.


Финланд Улсад хийсэн айлчлалын үеэр сайд Б.Батцэцэг “Хельсинки+50: Өв уламжлалаа хүндэтгэн, ирээдүйг цогцлоох нь” сэдэвт олон улсын хуралд оролцож, “Европын аюулгүй байдлын суурь зарчмын нэр хүндийг хэрхэн бэхжүүлэх вэ?” сэдэвт хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцов. Тэрээр бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн Монгол Улсын гадаад бодлогын зорилт, санаачилга, тэр дундаа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны талаар мэдээлэл хүргэв.

 

Мөн тэрээр ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Феридун Синирлиоглутай уулзаж, Монгол Улс тус байгууллагын үндсэн зарчим, үйл ажиллагааг дэмжиж ирсэн талаар илэрхийлж, бүс нутгийн аюулгүй байдал, ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, сайн засаглал, хэвлэлийн эрх чөлөөг дэмжих чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо дахин нотлов. ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсын гишүүн орны хувиар тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож буйг өндрөөр үнэлж, бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоо болон терроризмтэй тэмцэх чиглэлээр Монгол Улсын хувь нэмрийг онцлов.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Финланд Улсад хийсэн энэхүү албан ёсны айлчлал нь хоёр орны улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, байгаль орчин зэрэг олон салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал түлхэц өгч, Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогыг бодит үйл ажиллагаагаар хэрэгжүүлсэн амжилттай айлчлал болж өндөрлөлөө.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна