Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэд хоногийн өмнө одоо иргэдийн халаасанд огт мэдрэгдэхгүй байгаа зам ашигласны төлбөрийг мэдэгдэхүйц болтол нэмнэ гэдгээ зарласан билээ.
Ингэхдээ тэрбээр орон нутгийн зам ашигласны төлбөрийг 1 км-т 10 төгрөг байхаар тооцож нэмнэ гэсэн ч ачир дээрээ 100 дахин нэмэх гэж байгаагаа санаандгүй илчилчихэв.
Тодруулбал, тэрбээр “Төв аймаг руу 22 км явж очиход 2,000 төгрөг л төлөх байхгүй юу” гэсэн юм.
Анзаарсан зарим иргэд сайдыг үржүүлэхийн хүрдээ ч мэдэхгүй гэж баалж байхад учир мэдэх хүмүүс Сайд ойрхон аймгаар жишээ авч бага дүн хэлж байгаад зам ашигласны төлбөрийг 100 төгрөгөөр тогтоох юм биш биз дээ гэж болгоомжилж байна.
Учир нь, сайд дарга нар, ер нь баячуудад бусдаас авах гэж байгаа мөнгөө бага юм шиг, өөрийнхөө зарцуулж байгаа мөнгийг их юм шиг ярьдаг нохой заль суусан байдаг.
Тийм ч учраас 1 км нь 10 төгрөг гэх мөртөө нийлбэр дүнг буюу хураахыг санаархаж байгаа мөнгөө 100 төгрөгөөр бодож хэлж, ингэхдээ хамгийн ойрхон аймгийн төв болох Зуунмод хотыг жишээ татсан гэж хардаж байна.
Нэг км-ийн хураамжийг 100 төгрөг болгоно гэвэл хэн ч сэртэсхийх нь ойлгомжтой. Басхүү “Увс аймаг руу 1000 км яваад орлоо гэхэд 100,000 төгрөг төлөх юм аа” гэвэл хэн ч хүлээж авахгүй нь тодорхой л доо.
Яагаад гэвэл орон нутгийн замуудыг хувийн биш, улсын хөрөнгөөр тавьсан. Улсын мөнгө гэдэг ард түмний мөнгө бөгөөд ард түмэн тэр замаараа үнэгүй зорчиж, засвар арчлалтын зардлыг л хураамж хэлбэрээр төлж байгаа. Харин улс өөрийн хөрөнгөөр тавьсан замаа төлбөртэй болгож, ард түмнээс зөрчсоны төлбөр хэлбэрээр авна гэж байж болохгүй. Төр, ард түмнийг заагласан хэрэг болно.
Гадны улс оронд бол ийм алдаа гаргасан сайд маргааш нь л огцорчихсон байгаа. Гэтэл Б.Дэлгэрсайхан байгаад байдаг нь үнэнийг хэлэхэд Монголын төр албан тушаалаа худалддаг, мөнгөөр зардаг юм биш үү гэсэн хардлага төрүүлдгийг ч Б.Дэлгэрсайханы жишээ харуулдгийг энд зориуд дурдъя.
Анх “Түгжрэлийг би шийднэ ээ” гээд сайд болж байсан Б.Дэлгэрсайхан ажлаа ч олигтой хийсэн юм байхгүй, нэг харахад орон нутгаар шагнал тарааж, нэг бол Төрийн ордонд хэрүүл, тэмцэл хийгээд явж байдаг байсан.
Мань хүн хүнтэй муудчихаад "Би ална гэж сүрдүүлээгүй, цагдаад өгнө, намайг шантаажилсан" гэж яриад байж байхад гадаа нь иргэд түгжрэлээс болж төлөвлөсөн ажлаа алдаж, хоцорч, уур бухимдлаар дүүрэн жолооч нар зам дээр таг зогсож байдаг байв.
Тийм ч учраас удахгүй огцорно, “Угаасаа улс төрийн замналыг нь дуусгах гэж Түгжрэлийн сайд болгосон байх” гэсэн яриа ч гардаг байсан юм. МАН хүнийг дэвшүүлэн зайлуулахдаа ашигладаг албан тушаал нь Нийслэлийн Засаг дарга, Түгжрэлийн сайд болчихоод байсан болохоор аргагүй. Гэтэл улстөрчийн хувьд хүсэмгүй суудалд өөрөө очиж сууж, ажлаа олигтой ч хийгээгүй байж дараа нь бүр дэвшин салбар атгах болсон нь хардлага төрүүлдэг.
Одоо иргэд таныг боловсролгүй, зальтай хоёрын аль нь болох, замын хураамж 1 км-т 10 төгрөг байх уу, 100 төгрөг байх уу гэлцэн хоёр талцаж байна.
Тиймээс маргааныг нь тасалж өгнө үү. Энэ асуудлыг нэг талд нь гаргая, мэдэгдэл хий, сайд аа. 100 төгрөг болгоно гэвэл та залины хөрөнгө. 10 төгрөг болгох юм аа гэвэл та боловсролгүй. Энэ хоёрын аль ч байлаа гэсэн та үржүүлэхийн хүрдээ ч мэддэггүй. Та бол Монголын төрд сайд болоход мэдлэг биш, мөнгө хэрэгтэй гэдгийг өөрийн биеэр харуулж яваа, арилах ёстой үзэгдэл...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна