Л.Оюун-Эрдэнийн огцорч байх үеийнхээс ч дор нэр хүндтэй Г.Занданшатарын алдаа юу вэ

Zuv.mn
7 цаг 6 минутын өмнө

Монгол Улсын шинэ Засгийн газрын тэргүүнээр Г.Занданшатар томилогдож, танхимаа эмхлэн байгуулж байх үед манай сайт “Ерөнхий сайд цаашид олон нийтээс дэмжлэг авах эсэх нь юуны түрүүнд танхимын бүрдүүлэлтээс хамаарна” гэж сануулж байсан билээ.

Гэвч тэрбээр Л.Оюун-Эрдэнийн танхимын “шүдний өвчин” болсон Б.Чойжилсүрэн, Б.Дэлгэрсайхан зэрэг сайд нарыг улирааж, хүлээлтийг эхнээс нь унагаж орхисон. МАН доторх эрх мэдлийн тэнцвэр нэгэнтээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх рүү эргэсэн тул Л.Оюун-Эрдэнийн хувьд “шүдний өвчин” байсан дээрх сайдууд Г.Занданшатарын хувьд харийн өөрийн хүмүүс, гол түшиг тулгуур нь. Гэвч үнэхээр нэр хүнд муутай улстөрчид учир танхимынхаа тэргүүний нэр хүндэд яалт ч үгүй л нөлөөлөх нь тодорхой байсан.

MEC судалгааны байгууллагаас гаргасан долдугаар сарын улс төрийн барометр ч үүнийг нь баталж өглөө. Ерөнхий сайд Г.Занданшатарын чансаа буюу нэр хүнд Засгийн газрын тэргүүнээр томилогдож байх үед 6.3 байсан нь УИХ-ын сонгуулийн дараах Л.Оюун-Эрдэнэд байснаас ч илүү хүлээлт байсан гэсэн үг. Л.Оюун-Эрдэнийн нэр хүнд өнгөрсөн жилийн наймдугаар сард хамгийн өндөр буюу 5.9 байсан юм. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэд нэг давуу тал байсан нь рейтинг нь харьцангуй тогтвортой буюу  5.9-өөс 5.3-ын хооронд хэлбэлзжээ. Гэтэл Г.Занданшатарынх томилогдсоноосоо хойш сарын дараа л 5.3 болж огцом унасан дүр зураг МЕС-ийн судалгаанд буусан байх юм. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн огцорч байх үеийнхээс ч дор нэр хүндтэй байна гэсэн үг.


Дээр нь, танхимынхаа зарим сайдаас нэр хүндээрээ дор орсныг нэмбэл, ямар нэг юм хийхгүй бол байдал ер нь л эвгүй байна. Огцом унаж яваа нэр хүндээ аврах түүний эхний боломж нь төсөв. Төсвөө эвтэйхэн найруулж, НӨАТ-ын буцаалтыг нэг хувиар ч болов нэмэгдүүлж чадвал их л чухал оноо болно. Үе шаттайгаар гэдэг үгээр зальдаж хүлээлт, урам хугаралт үүсгэлгүй, "Энэ жил 3, ирэх жил 4, тэрний дараа жил 5 хувь болгох юм аа" гэж ил цагааханаар явбал их зүгээр, санаснаа хийдэг аавын хүү гэдгээ харуулах /Тэрбээр УИХ-ын дарга байхаасаа НӨАТ-ын буцаалтыг 5 хувьд хүргэх асуудлыг хөндсөн/ боломж байна. Гэтэл эсрэгээрээ, мега төслүүдийн заримынх нь санхүүжилтийг багасгах, зарим нэгийг нь бүр зогсоож ч мэдэх нөхцөл байдал үүсэх нь нэр хүндэд хэрхэн тусах нь тодорхойгүй байна.

Улс төрийн тоймчдын бичиж байгаагаар, хүмүүсийн ихэнх нь найр наадам хэсээд завгүй байсан ч улс төр багасаж, сэдэв бүрийг сонирхож байсан эгзэгтэй цаг үед хэл аманд орсон ганц, хоёр сайдаа явуулж ч магадгүй байгаа гэх. Магад ч үгүй. 

Ямартай ч Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд эхний судалгаа эвгүй гарчихлаа. Цаашид хэрхэх эсэх нь үйл ажиллагаанаас нь л шалтгаалах нь тодорхой. Ер нь бол, төсөв тодотгож, орон тоо цөөлөхдөө ч гол нь биш, төсөвлөсөн мөнгийг бага шиг цавчиж, зарцуулах ёстой зүйлд нь бүрэн зарцуулаад их шиг ажил хийх боломжийг бүрдүүлэх л чухал гэдгийг бүгд л мэдэж байгаа шүү дээ.  



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.169
    42 минутын өмнө

    МАН ын нэр хүнд унаж байгаа шүү. Дээрээс нь Зандан шатар, Хүрэлсүх гэсэн банк дампууруулж казиноддог нөхдүүд ерөнхийлөгч ерөнхий сайд , болчихсон нь улам ч нэр хүнд нь унаж л байгаа. Оюун эрдэнэ нэр хүндээ худал хуурмаг ПОПУЛИЗМЭЭР алдчихсан . Хэвлэл мэдээлэл сэтгүүлчид ТВ ийг худалдаж авч магтуулдаг ажиллагаа нь бага зэрэг өсгөж байсан болохоос МАНын нэр хүндийг унагаасан хүн нь Оюун эрдэнэ байсан .........

    Хариулах
  • 103.57.92.17
    4 цагийн өмнө

    Ерөнхий сайдын нэр хүндийн асуудал тийм ч чухал биш ээ. Харин Оюун -Эрдэнийн хийж эхэлж байсан баялгийн сангийн хуулийг л хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгвэл тэр хүний нэр хүнд ч суша өсөх болно

    Хариулах
  • 51.210.183.191
    5 цагийн өмнө

    Мяарч байгаа нь энэ дээ, тэгэх гээд л байсан юм даа, чёрт возьми гэж...

    Хариулах