АН Х.Баттулгыг шахлаа, одоо МАН-ын Их хурал Л.Оюун-Эрдэнээс салах ажиллагаа болох уу

Zuv.mn
3 цаг 7 минутын өмнө

Ардчилсан намын гишүүд энэ удаагийн намын даргын сонгуулийг “Женкочидоос салах сонгууль”, “Зүүнтнүүд, коммунистуудаас салах сонгууль” гэж нэрлэж байсан билээ. Болдог л нэг намын даргын сонгуулийг болоогүй байхад нь ингэж сүржигнүүлж байсан нь содон харагдаж байлаа.

Гэтэл үнэхээр ч намын даргад нэр дэвшигчийг тодруулах журмаар Л.Мөнхбаясгалан, О.Алтангэрэл нарыг, сүүлд нэр дэвшихээр материалаа бүрдүүлж өгсөн хүмүүст тавьсан шалгуураар Ө.Шижирийг хассан. Товчхондоо АН-ын Үндэсний бодлогын хороо дээрээс чиглэл авсан мэт тэр чигээрээ Женко буюу Х.Баттулгыг шахан гаргах, түүнгий ар дээр нөлөөгөө бэхжүүлэх уур амьсгалаар цэнэглэгдсэн нь тодорхой, тэр нь өчүүхэн зүйл дээр ч харагдаж байв.   

Жишээ нь, өчигдөр Төрийн ордонд болсон Үндэсний бодлогын хорооны хурлын эхэнд Дотоод сонгуулийн хорооны гишүүн, хуульч О.Баасанхүү Мөнхүү Дотоод сонгуулийн хорооны гишүүн Г.Эрдэнэбатыг эхлээд “Г.Эрдэнэбат дарга...” гэж дуудсанаа “ҮБХ-ны гишүүн Г.Эрдэнэбат. Удахгүй дарга болно биз ээ” гэсэн нь чихнээс холуур өнгөрсөнгүй. Нам гэдэг дарга олонтой, дарга гэх тодотголтой гишүүд ч олон учраас амны уншлага болчихдогийг үгүйсгэхгүй. Гэхдээ л удахгүй болох үйл явцыг тодорхойлсон олон илэрхийллийн зөвхөн нэг нь энэ байсан юм.   

Учир нь, энэ сонгуулийг АН тодорхой хэсэг бүлгээсээ салах сонгууль гэж гишүүд нь тодотгоод байсныг мэдээллийн эхэнд дурдсан. Намаас нэг хэсэг нь арчигдаж байгаа бол нөгөө хэсэг байр суурийг нь эзэлдэг нь жам. Тэгвэл тэрхүү байр суурь эзлэлт тохироо нь тодорхой түвшинд хийгдсэн юм биш биз гэсэн хардлагыг О.Баасанхүү гишүүний зулгуй үг өдөөж орхилоо. 

АН-ын дарга тодрох үйл явцын үеэр "Хэлсэндээ байдаг, хоёр нүүргүй байдаг" дарга хүсэмжилж байгаагаа дарга асан Л.Гантөмөр, ЕНБД Н.Ганибал хоёр хэлж харагдсан. Яг ингэж хэлж байхад нь хэвлэлд "О.Цогтгэрэл УИХ дахь бүлгийн даргын суудлаа Л.Гантөмөрт өгнө",  "Н.Ганибал генсек хэвээр үлдэнэ" гэсэн мэдээлэл хөвөрч л байв.  

Тэр ч бүү хэл, О.Цогтгэрэл даргатай АН, Г.Занданшатар даргатай МАН дахин эвсэнэ гэсэн яриа ч гарч байна.

Тэгэхээр, АН-ын дарга солих үйл явц АН талдаа нам доторх "Женко" Х.Баттулгын нөлөөг бууруулах үйл явц боллоо. Тэгвэл МАН талдаа яах вэ. Л.Оюун-Эрдэнэд мөн ижилээр нөлөөлөх үйл явц болох уу гэдэг асуулт анхаарал татаж байна. Энэ нь МАН-ын Их хурал, даргын төлөөх тэмцлийг илүү сонирхолтой болгож байна. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна