ТӨСӨВ 2026: 30 тэрбумаар ганцхан сумын театр босгоод явах баян улс мөн үү, бид

С.Гандэлгэр
3 цаг 37 минутын өмнө

Засгийн газраас 2026 оны төсвийг УИХ-д өргөн бариад байгаа.

Тэгвэл баригдаж эхлээд 13-14 жилийн нүүр үзсэн ч дуусдаггүй, төсөвт өртөг нь 20-30 тэрбум давтлаа өсчихсөн  театрын барилгууд байгаа нь олны анхаарлыг татаж байна.

Энэ хүрээнд ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3 их наяд 267.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр төлөвлөжээ. Үүний 78 хувь нь барилга байгууламж, 22 хувийг нь их засвар, тоног төхөөрөмж, ТЭЗҮ, зураг төсөв зэрэгт зориулна. 

Өөрөөр хэлбэл, 10 гаруй жил дамнан ажил нь үргэлжилж, жил бүр төсвөөс шимэгчилсэн зарим барилгуудад дээрх мөнгийг зарцуулахаар тусгасан байна. 

Тухайлбал, 2011 онд эхэлсэн "Төв халх" дуулалт жүжгийн театр. 

Дундговь аймгийн Сайнцагаан суманд баригдаж буй тус төслийн анхны төсөвт өртөг нь 10.5 тэрбум.  2011 оноос эхэлсэн тус барилга 14 жилийн дараа ч ашиглалтад ороогүй. Төсөвт өртөг нь 32.9 тэрбум төгрөг болтлоо нэмэгджээ. Зөвхөн энэ онд 8.671 тэрбум төгрөгөөр санхүүжнэ. 

Мөн 2012 онд эхэлсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумд баригдаж буй Хөгжимт драмын театрын барилгыг дурдаж болно. Анх 7.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй байсан бол 13 жилийн дараа төсөвт өртөг нь бараг дөрөв дахин нэмэгдээд 26.3 тэрбум болсон байна. Энэ онд санхүүжих дүн 5.3 тэрбум төгрөг. 

Энэ мэтчилэн он дамнуулан төсөвт өртгийг нь нэмж, татвар төлөгдчийн мөнгийг хайр найргүй зарцуулж буй барилгууд бол хөндөх сэдэв мөн билээ.

Хугацаа, үнэ өртгөө судалгаан дээр гаргаж ажлаа эхлүүлсэн ч дуусгадаггүй. Дуусгах гэж олон жилийг зарцуулдаг. Тэртээ 2011, 12 оны төслүүд өнөөдрийг хүртэл дуусаагүй, төсөвт өртөг нь 3-4 дахин нэмэгдчихсэн нь явж байгаа нь зориуд сунжруулж төсвийн мөнгийг үр ашиггүй үрж, шамшигдуулж байна гэх хардлагыг төрүүлж буй. 30 тэрбум төгрөгөөр ганцхан сумын театр босгоод явах баян улс мөн бил үү, бид. 

Мэдээж орон нутгийн иргэд, тэр дундаа сумын иргэд соёлын үйлчилгээ авах эрхтэй. Гэвч тэдэнд соёлын үйлчилгээнээс илүү тулгамдаж байгаа олон асуудал бий. Ядуурал, ажлын байрны хомсдол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, боловсролын чанар гээд эрэмбэлээд үзвэл театрын барилгаас чухал чухал зүйл олон бийг хэмнэлт ярьж гарч ирсэн Засгийн газар анхааралдаа авах учиртай.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна